Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон Улаанбаатараас өврийн сайхан хангай нутгийг зорьж байна.
Тэд тус аймагт бичил уурхайгаар олборлолт явуулаад нөхөн сэргээгдсэн газруудыг үзэх, нийгмийн хариуцлагын хүрээнд "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт нэгдэж тарьсан модны ургалттай танилцах юм.
Тэдний эхний зогсоол Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот. “Өвөрхангай аймгийн нөхөрлөлүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Арвайхээр хотын 8-р багт байрлах Өлзийт-Овоо хайрханы урд энгэрт 1200 бургас, хайлаас тарьсан байна. Энэ ажилд аймагтаа бичил уурхай эрхэлдэг 40 гаруй нөхөрлөлийн гишүүн бүгд оролцсон юм. Аймгийн удирдлагууд дэмжиж, байгаль орчны мэргэжилтнүүд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан байна.
Өвөрхангай аймгийн зохицуулагч Г.Дэлгэрмаа Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны ажлын хэсэгт танилцуулга хийлээ.
Бичил уурхайчид дээвэр холбоондоо нэгдэж албажсанаар сүүлийн жилүүдэд хариуцлагатайгаар ажиллаж, байгальдаа ээлтэй орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож амьдрах орчноо илүү сайхан болгохыг хүсдэг.
Үүний тулд аймгийнхаа Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна. Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагыг хослуулахыг Өвөрхангайн бичил уурхайчид зорьж байгаа юм.
Анх суулгаж байсан харандаан суулгацууд одоо бэлхүүс давсан өндөр буюу дундаж өндөр нь 1 метр орчим болтлоо ургажээ.
Хэдхэн жилийн дотор сайхан ургаж дулааны улиралд аймгийн төвийнхөн агаарлаж, салхилсан төгөл болно гэж төсөөлж байгаагаа бичил уурхайчид хуучилсан юм.
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцахаас өмнө Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй цаашид хэрхэн хариуцлагатайгаар ажиллах талаараа ярилцсан юм.
Тэднээс нөхөн сэргээлтийн ажлын явц, хамтын ажиллагааны хүрээнд ямар асуудлууд гардаг талаар асуусан юм. Өвөрхангай аймгийн хувьд 84.7 га талбайг нөхөн сэргээж ажлын хэсэгт нь хүлээлгэж өгсөн байна. Энэ мэдээлэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд бүртгэгджээ. Энэ бол сайн жишиг гэлээ.
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны ажлын хэсгийнхний дараагийн зогсоол Хайрхандулаан сум. Хайрхандулаан сумандаа амьдардаг нөхөрлөлийн гишүүд 600 гаруй мод сумын төвдөө тарьсан юм.
Сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж чацарганыг тариалжээ. Сумын Засаг даргын Тамгын газартай хамтран усалгаа, арчилгааг хийхээр болсон нь давуу тал.
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон цааш нөхөн сэргээлтийн талбайд очиж актаар хүлээлгэн өгсөн газрыг үзэж сонирхлоо.
Нөхөн сэргээлт хийсэн талбайг малчид хэрхэн ашиглаж болох талаар санал бодлоо солилцлоо.
Ногоон тэжээл тариалах талбай болгох нь малчдад хэрэгтэйг Өвөрхангай аймгийн зохицуулагч Г.Дэлгэрмаа хэлж байсан юм.
Бичил уурхайчид хариуцлагатай, үндэсний олборлогч байх зорилгын хүрээнд нийгмийн хариуцлагаа биелүүлж, орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран ногоон ирээдүйн төлөө зорьж байна.