УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нүүрсний сонсгол баасан гаригийн орой өндөрлөв. Сонсгол өндөрлөхтэй зэрэгцээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЭТТ-н хувьцааг иргэн бүрт өмчлүүлэх, ноогдол ашиг хуваарилах тухай” Засгийн газрын шийдвэрийг зарлаж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив. Пүрэв гаригт өргөн барьсан тогтоолын төслийг баасан гаригт нэгдсэн чуулганаар яаралтай горимоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Энэ долоо хоногтоо багтаад УИХ-ын тогтоол гарчих биз. Их л сандарсны шинж байх даа.
Сандрахаас ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн “Эрдэнэс Тавантолгой” тойрсон нүүрсний сонсголоос иргэд харсан билээ. Төрийн өмчийн нэртэй намын компаниудад авилга, хулгай гэдэг зүйл энгийн асуудал болсон. Компанийн нягтлан бодогчоос аваад УИХ, Засгийн газрын гишүүд (Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат гэх мэтчилэн) төрийн тэргүүнүүд нь хүртэл гар дүрчихсэн. Атал сонсгол дээр нэг нь ч ирсэнгүй. Гаалийн бүртгэлгүй гарсан 5,6 сая тонн нүүрснийхээ эзэн, холбогдогч нараа ч бүрэн тогтоож чадсангүй.
Гэхдээ яахав, "суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэгчлэн “ЭТТ” бол эрх баригчдын мөнгөний машин болсон юм байна, төрийн өмч нэртэй боловч нэг намын, намын дарга, удирдлагуудыг санхүүжүүлдэг систем, цүнх баригч нар, зарлагуудаа ивээн тэтгэдэг, өөгшүүлдэг бүтэц болжээ гэдгийг иргэдэд бүрнээ харууллаа.
Үүнтэй зэрэгцээд Уул уурхайн сайд Ж.Ганбаатар “ЭТТ компанийн гүйцэтгэл энэ жил гурван их наяд төгрөгийн ашигтай гарах төлөвтэй. Ийм боломж гарч байгаа учраас иргэдэд хувьцааны ноогдол ашиг тараана” хэмээн мэдэгдлээ. Ашиг гэдэг маань юу билээ. Компанийн борлуулалтын нийт орлогоос бүх төрлийн татвар болоод үйл ажиллагааны зардлууд, ажиллагчдын цалин хөлс, НДШ зэргийг хассаны дараа үлддэг цэвэр ашиг. Иргэдийн хувьцаа компанийн нийт хувьцааны 15 орчим хувь гэж тооцвол 450 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг 2,5 сая хувьцаа эзэмшигчдэд хувааж өгөх нь байна. Нэг хувьцаа эзэмшигчид 180.000 орчим төгрөг.
Харин Засгийн газраас өргөн барьсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр болж, нийт хувьцааны 34 хувийг 3,5 сая иргэндээ эзэмшүүлнэ, эндээс ноогдол ашиг тооцно гэвэл нэг иргэнд 290.000 орчим төгрөг оногдохоор байна. 44 их наядыг хулгайлчихаад нэг их наядыг нь иргэддээ “боорцог” болгон шидэж өгөхөөр шийдэж. Богд оо, боорцог хайрла...
Сануулахад, МАН өнгөрөгч 2020 оны сонгуульд оролцохдоо “Төрийн өмчит компаниудаа хувьчилж, олон улсын зах зээл дээр IPO хийнэ. Хувьцааны тодорхой хувийг иргэддээ олгоно” гэж амласан. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсний дараа дараа гэнэт ухаан оров. Ингэхдээ иргэдийн гар дээр бэлэн мөнгө тавих замаар хулгайгаа хаацайлахыг бодсоноос бус компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй хувьцаа гаргах талаар тогтоолын төсөлд тусгасангүй. Иргэдэд ногдох хувьцааны хэмжээг нэмэгдүүлэх боловч өмчийн эзэн төр өөрөө үлдэнэ гэсэн үг.
Тогтоолын төслийг УИХ дээр хэлэлцэх үед зарим гишүүд асууж байна лээ. Иргэдэд эзэмшүүлсэн (өмчлүүлсэн биш шүү) 1072 хувьцаа чинь яагаад хөдөлдөггүй, хөрвөдөггүй юм бэ? Өвлүүлж болдоггүй, худалдаж болдоггүй хувьцаа гэж юу байсан юм бэ? гэж асуухад манай Засгийн газар “1072 хувьцаа бол хувьцаа мөн” гэдгээс өөр үг хэлээгүй. Иргэдийн хувьцааг 15 биш, 34 хувьд хүргэлээ ч гэсэн энэ чигээрээ үлдэнэ гэсэн үг. Эзэмшинэ гэдэг нь өмчлөхийн нэр биш юм байна гэдгийг иргэд эрх биш гадарладаг болсон. Өмч байсан бол ядаж л эцэг эх нь үр хүүхэддээ өвлүүлэх, бэлэглэхээс эхлээд хэрэгтэй үедээ зарж арилжих эрхтэй биз дээ.
Сануулахад У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны төгсгөлд “Иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан” гэж мэдээлсэн. Зарцуулчихсаныхаа дараа мэдээлсэн гэсэн үг. 2019 онд ЭТТ-н борлуулалтын нийт орлого 2,2 их наяд байсан бол энэ жил цэвэр ашиг нь гурван их наядаар яригдаж байна. Ийм тохиолдолд МАН энэ компаниас гараа татаж чадах уу? Иргэдийн хувьцаа 34 хувь боллоо ч гэсэн энэ байдал өөрчлөгдөхгүй. Чоно махнаас гарлаа гэж дуулсан уу? МАН маньтай элгэмсэнэ гэж байх уу?
Тэгэхээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө яаруу сандруу гаргаж байгаа эрх баригч намын энэ шийдвэр бол төрийн өмчийг хяналттай болгох гэхээсээ илүү ирэх сонгуулиар эрх мэдлээ авч үлдэхийн тулд иргэдээ авилгадаж байгаа заль төдий юм. Сонгуулийн дараа дахиад "ул, шал"-аар нь дуудаад, толгой дээгүүр чинь алхана. Ийм л ёс суртахуунтай нам шүү дээ. Харин МАН сонгуульд ялагдаж гэмээн “Эрдэнэс Тавантолгой”-г тоносон эрх баригчдын хулгай, идсэн уусан болгоныг энэ хэвээр нь дараад өнгөрөх боломжгүй болно. Ийм л учир шалтгаантай.
Б.ЗАЯА