x

Улаанбаатарын агаар химийн хорт атакнаас өөрцгүй

Гарчиг тун эвгүй, түгшмээр. Гэвч би яг байгаагаар нь авчихлаа. Сүржигнэх гээгүй шүү. Өнөөдрийн байдлаар УБ-ын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон аюултай түвшнээс даруй 4 дахин их болсон, дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой хотоор УБ “шалгарсан” тухай хэвлэл мэдээллээр шуугьж, харин ард олон “тэгж л байдаг юм”  аястай утаатайгаа эвлэрээд, урин дулаан цагийг тэсэн ядан хүлээх аж.

Монголчууд гэж амар амгалангийн туйл. Гэтэл нийслэл дэх агаарын бохирдол, утааны талаар төр засгаас дорвитой, шийдвэртэй, огцом, үр дүнтэй  арга хэмжээ авч чаддаггүй, утаа гаргаж буй гэр, зуух, машины ард ямар нэгэн МОНГОЛ ХҮН л шовойтлоо сууж байдаг тул тэднийгээ хайрлаад яаж ч чаддаггүй, ийм л дүр зураг харагдана.

Уг нь хотын энэ их утаа, агаарын бохирдолд хяналт тавьж, цэвэр байлгах үүрэг чиглэлтэй чамгүй олон  байгууллага, албан тушаалтнууд байдаг сан:  

  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо;

  • Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдарч ажиллах нөхцөлийг хангуулах үүрэгтэй МХЕГ, нийслэлийн МХГ;

  • Нийслэлийн агаарын бохирдлын асуудал хариуцсан Засаг даргын орлогч;

  • Нийслэлийн Агаарын чанарын алба;

  • Нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл;

  • Ус цаг yyp, орчны хяналт шинжилгээний газрын харьяа Агаарын чанарын асуудал эрхэлсэн Мэргэжлийн алба одоо байна уу, үгүй юү, мэдэхгүй?

Дээрх нь дээ, 2011 онд “Цэвэр агаар” гэх гоё нэртэй сан ажиллаад 93.2 тэрбум төгрөг хий хоосон шамшигдуулаад эцэст нь саяхнаас татан буугдлаа гэсэн мэдээ явж харагдсан.

Баримжаа тоо. УБ-ын нийт айл өрхийн 70% нь монгол гэр, хашаа, амбаарт утаа уугиулаад түүндээ дулаацан амьдардаг. Улаанбаатарт ашиглалтад орсон, орох хэдэн мянган  орон сууц эзнээ хүлээсээр. Учир нь гэр хорооллынхон улны иргэд тул орон сууц худалдан авах бэл бэнчингүй. Гэхдээ гэр хорооллоос ганц нэг айл байшинд шилжих нь шилждэг. Тэр тоолонд хашааны газар нь үлдээд өөр нэг улны иргэн таван ханатаа барьж аваад суурьшчихдаг. Эсвэл хөдөөгөөс нутгаас нь төрөл садан нь гэрээ ачаалаад нүүж ирээд нийслэлд дөнгө болоод суучихдаг. Тэр тоолонд агаар (утаа), орчин, хөрсний бохирдол (нүхэн жорлон, хог, үнс) нэмэгдэнэ. Өөр нэг айл, ах дүүс, үр хүүхэд нь нүүж ирэх, эсвэл салбарлаж үлдвэл дүндээ дүн, нэг орон сууцаа сул алдаж байгаатай адил.

Нүүсэн айлын хашаа, гэрийн буурин дээр дахин утаа баагиулахгүйгээр зохицуулалт хийх зориг зүрх Монголын Төрд шувтан үгүйлэгдэнэ. Болж өгдөг сөн бол ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулчих хэрэгтэй мэт.

Шийдэл байна уу, байна. 1) УБ-ын гэр хорооллын айлуудыг орон сууцжуулж бүрэн дуусгах; 2) нийслэлийн дагуул хотуудыг бий болгож, хүн амын суурьшлыг сийрэгжүүлэх; 3) Орон нутаг руу нь нийгмийн халамжийн мөнгийг төвлөрүүлэх замаар хөдөөгийн иргэдийг нутагт нь буцаах бүр хагас саяас дээш тоогоор, нэг сая байсан ч болохгүй гэх юмгүй. 

Манай улсын насанд хүрсэн бараг хүн нэг бүр машинтай (ихэнх нь мэдээж хуучин) болсон энэ цаг үед автомашины хөдөлгүүрээс агаарт цацагдах хорт бодистой нийлүүлээд гэр хорооллын утааг тооцсон ийм ийм хор агаарт байнга байдаг. Мэдээж бохирдуулагч гол “буруутнууд” нь 1) гэр хорооллын айлын яндангаас гарч буй нүүрс түлээний утаа; 2) түүхий нүүрсээр ажилладаг ДЦС-уудын болон жижиг уурын зуухнуудаас гарч байгаа утаа; 3) нийслэлийн гудамжинд багтаж ядан багширч буй хэдэн зууны мянган автомашины хөдөлгүүрээс ялгарч буй утаа. “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр, бид УБ-ын салхины зонхилох чиглэлд буюу УБ-ын баруун талд бүх ДЦС-аа бариулчихсан нь энэ их утааны асуудалтай холбогдож яригдах бас нэг харамсмаар сэдэв мөн.

Аливаа зүйлийн шаталт гэдэг нь физик-химийн хувирал, урвал юм. “Бодисын масс хадгалагдах хууль” гэж байдгийг Та бид дунд сургуулийн химийн хичээлд үзсэн дээ. Тэр хуулиар: Урвалд орж байгаа бодисын хэмжээ  урвалын эцэст гарч буй бодисын хэмжээтэй тэнцүү байдаг.

Энэ юу гэсэн үг вэ гэхлээр, галд шатаж “алга болж байгаа” тэр олон зуун мянган тонн түүхий нүүрс, мод, бензин шатахуун, ер нь шатааж байгаа хог хаягдал, тэр бүгд физик химийн шинж чанараа хувиргаж өөрчлөөд УТАА (үнс нурам, хөө тортог, тоос шороо, химийн хорт болон цацраг идэвхт бодис) гэгч “мангас” болон хувирч агаар орчинд цацагдан тархаж, Та бидний (хүн амьтны) ам хамраар орж, амьсгалын болон хоол боловсруулах замыг туулан биед орж, эд эрхтний дотор тархан уусаж алга болдог.

Утааны найрлага дахь химийн үндсэн хорт бодис ба тэдгээрийн уршгийг мэддэг анзаардаг монгол хүн тун цөөхөн (бараг байдаггүй) байдаг нь том эмгэнэл, мэдүүлдэггүй нь том гэмт хэрэг юм. Энэ талаар химийн цэргийн доктор, генерал миний найз М.Хүрлээ надад ийн зөвлөв. Химийн зэвсэг хэрэглэсэн дайны байдалд байдаг шахуу юм ярилаа.

Генерал М.Хүрлээгийн мэдээллээс: Уг нь цэвэр агаарын стандарт найрлага нь: хүчилтөрөгч (О2) 21%, азот (N) 78%, аргон (Ar) болон идэвхгүй бусад хий 1% байх учиртай боловч УБ хотод Та бидний амьсгалж байгаа агаарын найрлагад яг ямар ямар бодисууд  агуулагдаж байгааг тодорхой нарийвчлан тоочин хэлэх боломжгүй. Харин дэгсдүүлэн хэлбэл түүхий нүүрс, мод түлээний зэрэгцээ галд шатдаг бүхнийг бид гал руугаа хийдэг болохоор Улаанбаатарын энэ бохир агаарын найрлагад Д.И.Менделеевийн “Химийн үелэх систем”-д байдаг бараг бүх хортой элемент агуулагдаж байгаа нь тодорхой.

УБ-ын агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа гол гурван эх үүсвэр, тэдгээрийн хор уршгийн талаар задалж үзье. Үүнд: Гэр хорооллын айлуудын болон ДЦС, жижиг уурын зуухнуудын түлшинд ашиглаж буй түүхий нүүрсний шаталтаас ялгарч байгаа утааны найрлагад тодорхой хэмжээгээр агуулагдаж байгаа угаарын хий (CO), хүхрийн исэл (SO2), нүүрс-хүчлийн хий (СО2), нүүрсний тоосонцор (C), үнс нурам зэргээс гадна уран-238, радий-226, торий-232, калий-4 зэрэг цацраг идэвхт бодисууд агаарт цацагдаж, салхины чиглэлд тархаж, хүн амьтны амьсгалын болон хоол боловсруулах эрхтний замаар биед орж эрхтэн системийг өвчлүүлж, харьцангуй том ширхэгтэй хэсэг нь газарт бууж байгаль орчныг хордуулж бохирдуулж байна. Автомашины хөдөлгүүрээс ялгарч бидний амьсгалж буй агаарт цацагдаж байгаа 200 орчим нэр төрлийн химийн бодис буй. Хамгийн их хор хөнөөлтэй нь азотын исэл, угаарын хий, альдегид, нүүрс-устөрөгч, хар тугалга,  бром, хлорт нэгдлүүд юм. Зарим нь хорынхоо чанарыг 4-5 жил хүртэл удаан хугацаагаар хадгалж, байгаль орчныг үргэлжлүүлэн бохирдуулдаг. Суудлын 1 автомашин жилд дунджаар 1 тонн шатахуун хэрэглэдэг гэж үзвэл уг машины хөдөлгүүрээс жилд 350 кг СО, 20 кг NO, 115 кг нүүрс-устөрөгч, 2.5 кг хатуу хаягдал химийн бодис ялгарч байгаль орчинд  цацагддаг. Энэ өгөгдөхүүн дээр тулгуурлаж УБ-ын агаарын бохирдолтод хагас сая автомашины оруулж байгаа “хувь нэмэр”-ийг тооцоолж үзэхэд ямархуу дүн гарах нь тодорхой. 

Өвөл УБ хотын агаарын бохирдлыг бий болгоход багагүй “хувь нэмэр” оруулж байгаа бас нэг зүйл бол түлшний зориулалтын бус зүйлийн шаталтаас үүсэж буй утаа. Тухайлбал, машины хуучин дугуй, резин, хуванцар сав, гялгар уут, цаас, бөс даавуу, сав баглаа боодол болон шатамхай бусад зүйлс  галд шатахдаа олон нэрийн хорт бодис (нүүрс-төрөгчийн исэл,  давхар исэл, нүүрс-устөрөгч, хлорт устөрөгч, фосген, хлор, цианы хүчил, аммиак, азотын исэл, хар тугалга, мөнгөн ус, хүхэрт устөрөгч, хүхрийн давхар исэл, цианид, формальдегид, диоксин, дибензофуран, толуол, акролеин болон бусад) үүсгэдэг.

Гэр хорооллын айл өрхүүдийн зарим нь өвлийн хүйтэнд нүүрс, модноос гадна аргагүйн эрхэнд гялгар уут, ундаа усны хаягдал сав, бараа таваарын сав баглаа боодол, хуучин резинэн дугуй, сонин цаас, бөс даавуу, гэрээс гарсан төрөл бүрийн хог хаягдал г.м аль олдсон, галд шатаж болох бүхнийг гал руугаа хийж байгаа. Тэр нь хотын агаарын бохирдолтод тодорхой хэмжээний хор нөлөө үзүүлнэ. Жишээ нь автомашины дугуй (резин) шатаахад 23 нэр төрлийн хорт бодис ялгарч агаарт цацагддагийн дотор угаарын хий, хүхрийн болон азотын исэл, диоксин, фуран зэрэг хортой нэгдлүүд болон хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд металлууд, хүний эд эрхтэнд хорт хавдар үүсгэх (канцерогений) бодисууд байдаг. Тэдгээр бодисууд нь амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн, төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас эхлээд  хүнийг үхэлд ч хүргэх аюултай.  

Аливаа зүйлийн дутуу шаталтаас бий болдог, өнгө үнэр амтгүй, маш хортой бодис болох нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) буюу угаарын хийг Та бид огтоос анзаардаггүй. Гэр байрандаа, автомашин, гарааш дотроо угаартаж нас барсан гэх мэдээлэлд Та бид цочрохоо ч больсон. Угаарын ийм хий нь амьсгалын замаар хүн амьтны биед орж, цусанд нэвчиж хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулж, тэр нь толгой өвдөх, нүд бүрэлзэх,  зүрх дэлсэх, бие нозоорч нойр хүргэх зэрэг шинж тэмдгээр илэрч, эцэстээ хүнийг өөрийн мэдэлгүй “үүрд унтах”-д хүргэдэг чимээгүй үхлийн аюултай хорт бодис юм. Агаарт байх угаарын хийн концентрацын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0,02 мг/л бөгөөд агаар дахь түүний концентрац нь 0.1% -аас хэтэрвэл үхэлд хүргэх аюултай.

Манайхан аргаа бараад сайндаа л амны хаалт (маск) зүүдэг. Гэхдээ зүүхгүй нь түгээмэл. Хойшоо гэр хорооллоор явж байхад масктай хүн бараг олж харахгүй. Гэхдээ маск зүүх нь агаар дахь утаа тоосны харьцангуй том ширхэгтэй тоос, тоосонцроос л түр хамгаалахаас биш өтгөрсөн утааны угаарын хийгээс хамгаалж чадахгүй. Тэр ч бүү хэл цэргийн зориулалтын баг (газ эсэргүүцэгч) ч угаараас хамгаалж чаддаггүйг энд тэмдэглэх хэрэгтэй.

Угаарын хийгээс зөвхөн тусгай зориулалтын шүүгч (гопкалит буюу катализатор)-тай  баг л хамгаалж чадна. Харамсалтай нь манайд тийм баг, хамгаалах хэрэгсэл хаана ч байхгүй.

Юутай ч одоогийн байдлаар, агаарын бохирдлоороо дэлхийд “тод манлай” болж “торгон жолоо” өргүүлж байгаа Улаанбаатар нийслэлийн бохир муухай агаарын ерөнхий тойм бүтцийг зэрвэсхэн харахад ийм байна.  

Ташрамд өөр нэг ноцтой түүхийг мартсан бол эргэж сануулъя.  Одоогоос 20 орчим жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит натрийн (NaCN) хордлого дэгдсэн. Цэргийн химийн нэр томьёогоор бол “Ерөнхий үйлчилгээтэй, байлдааны хорт бодис”-ын ангилалд багтдаг  цианы хүчлийн (HCN) устөрөгч нь натригаар (Na) халагдсан  нэгдэл буюу цианит натри (NaCN) гэдэг маш хортой бодис болох нь тодорхой байхад тэр нь сүүлдээ улс төржилт болж, бүр сүүлдээ Хонгор суманд “хамуу” өвчин  тархсан гэх маягаар “оношилж” ард олноо доог тохуу хийгээд өнгөрөөсөн гашуун түүх буй.

Хотын утааны энэ байдал удаан үргэлжилж, цаашдаа хэт даамжирваас, дэгсдүүлж хэлбэл, нэг “сайхан” өглөө Улаанбаатар маань тэр чигээрээ үүрд “нойрсчихсон” байх бий вий гэж бодохуйд айдас төрнө. Үнэндээ бид бол багахан оврын химийн атаканд хотоороо өртчихсөн яваа юм.

О.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 10 цаг 36 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 10 цаг 36 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 12 цаг 5 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 33 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 41 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 50 мин 1968 оны Чехословакийн хавар 13 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 32 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 15 цаг 6 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 15 цаг 15 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 15 цаг 36 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 26 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 16 цаг 36 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 15 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top