Эрхүү мужийн захирагч Игорь Иванович Кобзев, Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Алексей Иванович Соболь, Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн сайд Наталья Геннадьевна Гершун нар бизнес эрхлэгчдийн хамт МҮХАҮТ-д хүрэлцэн ирж “В2В” уулзалтад оролцлоо.
Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монгол улс, ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд олон салбарт хамтын ажиллагаа эрчимжин, гадаад худалдааны нийт эргэлт нэмэгдэж байгааг дурдаад, Монгол улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг нэмэгдүүлэхээр өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Танхим бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын “Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-тай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалт нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, шинэ харилцаа холбоогоо нэмэгдүүлэх үр дүнтэй талбар болно гэв.
ОХУ, Монгол улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж /2023.10.23/ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай бүс нутагт хамааралтай стратегийн шийдвэрүүд гарсныг Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев онцлоод, "Эрхүү мужийн 90 гаруй түнш орноос Монгол улс экспортын хэмжээгээрээ эхний 10-т багтдаг. Бүс нутгийн бизнес эрхлэгчид Монгол улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх нэлээд сонирхолтой төдийгүй өнгөрсөн хугацаанд ажил хэргийн хэд хэдэн уулзалт хийсний үр дүнд хүнсний үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, арматур, модон байшингийн иж бүрдэл, аялал жуулчлалын чиглэлээр 14 компанитай экспортын гэрээтэй ажиллаж байна. Өнөөдрийн бизнес уулзалтын үр дүнд “Эрхүү муж болон Монгол улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, салбарын өнөөгийн тулгамдсан асуудал зэрэгт хамтран ажиллахаар Эрхүү мужийн анагаахын их сургууль, Монгол улсын төрийн тусгай албан хаагчдын төв эмнэлэгтэй санамж бичгийг үзэглэж, мөн Эрхүү мужид ноос ноолуур боловсруулах, үйлдвэрлэх төсөлд хамтран ажиллахаар “First textile cashmere”, “Bluesky cashemere” -ийн төлөөллүүд гарын үсэг зурав.
Арга хэмжээнд Эрхүү мужийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, өндөгний экспорт, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, талх нарийн боовны үйлдвэрлэл, оёдол зэрэг 13 компанийн 20 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас салбарын 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож салбарын хамтын ажиллагааны өнөөгийн төлөв, цаашдын шинэ боломжуудын талаар мэдээлэл солилцон, бараа бүтээгдэхүүний дээжээрээ үзэсгэлэн гаргалаа.