МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой албан уулзалт хийлээ.
Уулзалтад МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Тимур Бимбаевич Данзанов нар оролцлоо.
Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Орос, Монгол хоёр улс урт хугацааны хамтын ажиллагаатай хэдий ч худалдаан дээр ахиц дэвшил гарахгүй байгаа нь сүүлийн 2 жил цар тахал гарсантай холбоотой. Манай улсын хувьд Монголоос хайлуур жонш, шингэн хүнс гэхээсээ илүү хөнгөн үйлдвэр, ХАА салбарын ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг экспортлох сонирхолтой байна.
Экспорт импортын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэхийн тулд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг боомтуудаар дамжуулан борлуулах, цахим худалдааг хөгжүүлэн хамтран ажиллах боломжтойг хэлэв. Мөн Хятад, Монгол Орос 3 улсын хооронд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь экспорт импорт хөгжихөд илүү түлхэц болно гэдгийг онцоллоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд ХАҮТ-ын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Бизнесийнхэн бараа бүтээгдэхүүнээ ОХУ руу шууд гаргахад татварын хувьд өндөр тул хангалттай сайн гаргаж чаддаггүй.
ОХУ-аас ХАА гаралтай бараа бүтээгдэхүүний экпортын татварын хувьд нааштай хандаж байгаад талархан, бизнес эрхлэгчид зах зээлийн эрэлтэд нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маркетинг, борлуулалт, хөгжүүлэлт, санхүүгийн зөв механизм маш чухал гэдгийг онцлов. Мөн Танхим нь хоёр улсын бизнесийн харилцааг идэвхжүүлж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ хэллээ.