МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ян Витопилыг /2023.10.09/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол, Чех улс нь түүхэн найрсаг, нөхөрлөлийн харилцаатайг дурдаад Эрхэмсэг ноён Элчин Сайд Ян Витопил, Худалдаа, эдийн засгийн хэлтсийн Дарга Вардан Качатриан, ХЭЗХ-ын даргын туслах Ж.Цэрэндулам нарыг МҮХАҮТ-д хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.
Элчин Сайд Ян Витопил “Чех Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа ундны усны хангамж нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зэрэг төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Чех Улс нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэх, арчлах мэргэжлийн боловсон хүчин бэлдэх төсөл дээр хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна. Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Чехийн их дээд сургуулиудад монголын оюутан залуусыг суралцуулах хөтөлбөрийг сэргээх, квотын тоог нэмэгдүүлэх ажлыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж байгааг хэллээ.
Цаашид хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн тулд 10 дугаар сарын сүүлээр болох хоёр улсын бизнес форумыг зохион байгуулахад МҮХАҮТ-ын чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэрбээр нэмж хэллээ.
Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай шинэчилсэн хуулийн төсөл батлагдсанаар үйл ажиллагааны цар хүрээ улам тэлэхээс гадна мэргэжлийн сургалт зохион байгуулах ажил дээр хамтран ажиллах боломж бий болно гэдгийг дурдаад хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтарсан бизнес форум тодорхой үр дүнгээ өгнө гэдгийг онцоллоо.