Монгол Улсад Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү гурав дахь хөтөлбөр нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын хооронд 2023-2027 онд зохистой хөдөлмөрийн зорилтыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлж буй баримт бичиг юм.
Энэхүү баримт бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөл гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд дор дурдсан тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
-
Хүн бүрийг, онцгойлон хүүхэд, залуучууд, эрэгтэй, эмэгтэй, хүйсийн өөр илэрхийлэл бүхий хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, цагаач ажилтан, ахмад настныг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцсэн нийгмийн хамгааллын тогтолцоонд хамруулах;
-
Бүх нийтэд, ялангуяа эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст ногоон, албан эдийн засагт зохистой, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх;
-
Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хууль тогтоомжийг сайжруулах, нийгмийн зөвшилцөл, гурван талт түншлэлийг үр дүнтэй болгох замаар хэрэгжүүлнэ.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын дэргэд тогтвортой хөгжлийн зорилтууд, нийгмийн хариуцлага, хүний эрх, бизнесийн ёс зүйн чиглэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, дэмжих Бизнесийн ёс зүйн төв, Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтэд хүний эрхийг дээдлэх нь бизнесийн байгууллагын бүхий л үйл явцад чухал байх ёстой гэдгийг онцлоод олон улсын хэмжээнд ба монгол Улсад зохистой хөдөлмөрийн асуудлаар гарсан санаачилга, сайн туршлагуудыг аж ахуйн нэгжүүд, ажил олгогч нарт таниулах нэвтрүүлэх чиглэлээр нийгмийн түншлэлийн талууд болон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.