Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал энэ сарын 20-нд болно. Дөрвөн жилд нэг удаа болдог уг их хурлаар МҮХАҮТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах юм. Удахгүй болох хурал болон танхимын цаашдын хөгжлийн бодлогын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.
–ТӨР ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЬЕ ГЭВЭЛ МҮХАҮТ-ЫН ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТЛАХ ЁСТОЙ –
-Таны сонгуульт дөрвөн жил нэг мэдэх нь ээ өнгөрч, дараагийн ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэсэн асуулт олны анхаарлын төвд орлоо. Та нэр дэвших үү?
-Юуны өмнө нэр дэвшихгүй гэдгээ хэлье. Ажил аваад дөрвөн жил өнгөрч, өдгөө XXI их хурал зарлагдлаа. Ер нь олон нийтийн ажил хувь хүний санаачилга, манлайлалд суурилж урагшилдаг. Ямар нэгэн намын болон компанийн томилгоо биш шүү дээ. Би энэ байгууллагын ерөнхийлөгч болохдоо өөрчлөлт хийнэ гэж орж ирсэн. Ажил авсан бол ирж чаддаг, явж чаддаг байх ёстой. Аливаа олон нийтийн ажлыг удаан хийнэ гэдэг чанар, ач холбогдлын хувьд таатай зүйл биш.
Менежментийн онолоор нэг хүн нэг ажлын байранд 4-5 жил ажиллахад хангалттай гэж үздэг. Монголд 90 мянган компани, аж ахуйн нэгж бий. Бүгд л өөрийн удирдагч, лидер, манлайлагчтай. Хэн нь илүү зохион байгуулалт хийж чадах амбицаа илэрхийлж, яаж өөрчлөх бодлогын мэтгэлцээнээ хийнэ, тэр хүн бизнес эрхлэгчдийнхээ ит¬гэлийг хүлээж, манлайлах ёстой. Олон хүнд дараагийн түвшинд реформ хийх амбиц, зорилго байгаа. Өнгөрсөн 30 гаруй жилийн алдаа оноо, доороо хий эргээд гацчихсан асуудлуудыг маш том реформ хийж байж л өөрчилнө.
Өнгөрсөнтэйгөө зууралдаад шүүмжлээд байвал ямар ч реформ хийгдэхгүй. Энэ утгаараа би хувь хүнийхээ хувьд танхимыг ойлгож, бизнес эрхлэгчдийн төлөө ажиллаж илүү ойлгож чадах зөв хүнийг дэмжээд, сонгууль, хурлаа маш хариуцлагатай, зөв бас соёлтойгоор зохион байгуулчихаад ажлаа хүлээлгэж өгнө гэж төлөвлөөд байж байна.
-Удирдлагын түвшинд ажилласан дөрвөн жилд юу амжуулснаа сонирхуулаач. Манайд нэг гажиг бий. Эхлүүлсэн ажлаа зөв хүн, баг, хамт олонд залгамжлуулахгүй бол УИХ-ын сонгууль шиг бүгдийг үгүйсгээд бүхнийг цоо шинээр эхлүүлэх гээд байдаг. Ингэчихвэл өнгөрсөнд ажиллаж бүтээсэн цаг хугацаа, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл дэндүү хайран болно. Шуудхан хэлэхэд итгэл даахуйц залгамжлагчаа зарлахгүй л бол таны өмнөх жилүүдэд хийсэн ажлын үр дүн салхинд хийсч мэдэх л юм…?
-Монголчууд маш бухимдалтай байна. Болж байгаа зүйлийг ойлгохгүй, сөргөөр хардаг гэм бидэнд бий. Эсвэл өнгөрсөнтэйгөө зууралдаад салдаггүй асуудалтай. Реформ өнгөрснийг хардаггүй, маргаашийг ярьдаг. Өнгөрсөнтэйгөө зууралдаад, түүх яриад эхэлбэл бүх юм бахь байдгаараа үлдэж байрнаасаа хөдлөхгүй. Дөрвөн жилийн өмнө өөртэй тань ярилцахдаа би, нийгэмд хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэж, төрийн бодлого шийдвэрт тусгадаг болгоё, хувийн хэвшлийн нэгдмэл том хүчийг бий болгож, гадаад харилцааг шинэ түвшинд гаргасан танхимын байр суурийг хүргэмээр байна гэж байсан даа.
Мэдээж хамгийн гол нь хувийн хэвшлийнхний нэгдэл. Нөгөөтэйгүүр танхим бол улс төр хийдэг талбар биш. Судалгаанд үндэслэсэн саналаа төр засагт хүргүүлж, шийдвэр гаргахад дөхөм болохыг л зорьсон. Шуудхан хэлэхэд, танхимын хуулийг эрс шинэчилснээр бид бусад өндөр хөгжилтэй улсын танхимын түвшинд хүрч ажиллана. Тухайн үед арбитр сайн танигдаагүй бизнесийн маргаан дандаа шүүхийн процессоор шийдэгддэг байсан. Энэ нь нэгдүгээрт шүүхийн ачааллыг маш их нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт шүүх өөрөө бизнесийг мэргэжлийн нүдээр харахгүйгээр захиргааны байдлаар шийддэг байсан.
Арбитрыг хөгжүүлж чадвал бизнест нөлөөлөх хувь нэмэр нь их. Гадны хөрөнгө оруулалтыг татахад ч чухал нөлөөтэй. Бизнес эрхлэгчдийг мэдлэгийн хувьд цоо шинэ соёлд сургадаг. Энэ мэтээр олон асуудлыг шийдэж чадсан. Эргээд харах нь ээ, гадна талдаа ч, бодлогын талдаа ч олон алхам хийж чадсан. Өнөөдөр бид дэлхийн аль ч улсын худалдааны танхим, төрийн болон иргэний байгууллагатай ижил түвшинд харилцаж чаддаг болсон. Чанарын болон тоон асар их дэвшилд хүрч чадсан.
-Саяхан Хөх хотод болсон экспогийн үеэр МҮХАҮТ Засгийн газраас илүү нэр хүндтэй байгаа нь анзаарагдсан гэх үнэлгээг эдийн засагчид хэлж байсан. Танхимын нэр хүнд гадаад талдаа илт өсчээ гэсэн мэдрэмж төрсөн. Таныг ажлаа авахад буюу дөрвөн жилийн өмнө байдал эрс өөр байсан санагдах юм?
-2019 онд ажил аваад удаагүй байхад Монгол-Хятадын III экспо зохион байгуулагдсан юм. Тэр үед Өмнөд Монголын танхим болон бизнесийнхэн ирж уулзсан. Эхний уулзалтууд маш хүнд хандлагуудыг мэдэрсэн сөрөг уур амьсгал дунд л эхэлж байлаа. Монголыг хариуцаж байсан албаны хүмүүсийн зүгээс Монголын бизнес эрхлэгчид болон танхимтай хамтарч ажиллах боломжгүй, сонирхолгүй байна гэдгээ удаа дараа илэрхийлсэн нь ердөө саяхны бодитой үйл явдал.
-Яагаад ийм сөрөг хандлагатай байгаагаа тайлбарласан уу?
-Өмнөх I, II экспогийн үеэр танхимын удирдлагын гаргаж байсан сөрөг хандлага, мэдлэггүй байдал бидний дунд үл ойлголцлыг бий болгосон л доо. Аливаа зүйлд харилцаа маш чухал. Би хэлсэн л дээ. “Би таагүй байдлыг өөрчлөх гэж сонгогдсон, та бүхэн хамтармааргүй байна гэхээсээ илүү биднийг жаахан хараач ээ. Бидэнд өөрсдийгөө ойлгуулах хугацаа өгөөч” л гэсэн. Тэгээд л танхим яаж зөв зохион байгуулалттай байх, яавал түншүүдтэйгээ зөв ойлголцох тал дээр төвлөрч олон талын ажиллагаа зохион байгуулсан.
Харин III экспогийн дараа урд хөршийн хандлага эрс өөрчлөгдсөн. “Та бүхэн танхимаа өөрчлөхийг зорьж, итгэлцэл бий болгохын төлөө хичээж байгаа юм байна. Тиймээс бид та бүхэнд итгэж байна. Бүх талаар дэмжиж, харилцаагаа сэргээе” гэсэн. Үүнээс хойш Хятад ковидын хоёр жил, үргэлжлээд Орос, Украины дайнаас үүдэж хилээ хаасан. Энэ оны нэгдүгээр сард л хилээ нээлээ.
Ийм саад байсан ч бид өнгөрсөн хугацаанд маш олон талт үйл ажиллагаа зохион байгуулж чадлаа. Энэ оны зургадугаар сард гэхэд л Монгол-Хятад-Оросын худалдааны танхимын дээд чуулган боллоо. Хятадын худалдааны танхимын дарга 12 мужийнхаа худалдааны танхимын дарга, ОХУ-ын танхимын ерөнхийлөгч Монголтой хиллэдэг муж улсуудынхаа танхимын дарга, бизнес эрхлэгчидтэйгээ ирж өндөр түвшний уулзалт хийсэн. Мэдээж төр засгийн хамтын ажиллагаа, дэмжлэг байсан. Дэд чуулганаар олон том төслийг ярьсан.
Эдийн засгийн хувьд хоёр улсын хооронд дэд бүтцийн гүүр болох эдийн засгийн коридорыг бодитоор ажиллуулах гэхчлэн олон сэдвийг хөндсөн. Дараахан нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан айлчлал хийх үеэр манай улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцсон Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулсан. Энэ форумын үеэр 25 гаруй хөрөнгө оруулалтын гэрээ, нийтдээ 40 орчим “Санамж” бичиг зурагдсан.
-Нийт үнийн дүнг нь хэлэх боломжтой юу?
-Нийт үнийн дүн нь 2.8 тэрбум ам.долларт хүрсэн.
-Том тоо байна шүү. Форумын үеэр манай улсын Ерөнхий сайд Хятадын бизнес эрхлэгчдээс уучлалт гуйсан гэж сонсогдсон…?
-Монголтой төрийн түвшинд ойлголцоход ч, хувь компанийн түвшинд ойлголцоход ч эргэлзээ төрүүлэхээр олон сөрөг жишээ байсан. Наад зах нь харилцан гэрээгээ зөрчих, хөрөнгө оруулалтыг үгүйсгэх, орхих, гомдоох гээд асуудал арвин их байсан. Тэр ч утгаараа Ерөнхий сайд форумын үеэр уучлалт хүсээд, цаашид аль болох итгэлийг буцааж сэргээхийг зорьж буйгаа илэрхийлсэн. Үүний үр дүнд Хятадын олон бизнес эрхлэгч МҮХАҮТ-аар дамжуулж мэргэжлийн компани, төр засагтай харьцах нь хамтын ажиллагааны зөөлөн хүчний бодлого гэдэг шиг зөв гарц юм байна гэдгийг илэрхийлж байсан.
Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга гэхэд л томоохон төсөл дээр танхимтай хамтран Монголд ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлсэн. Энэ мэт эерэг мессеж олон бий. Түүнээс хойш энэ зунжингаа уулзалт тасарсангүй. Хятадын хотуудын худалдааны танхимууд, намын дарга, бизнес эрхлэгчидтэй уулзсан уулзалтуудыг жагсаавал урт жагсаалт гарах байх. Хятадаас гадна Герман, Турк, Вьетнам, Тайландтай өрнүүлсэн харилцаа ч бий.
Бас Европын орнууд байна. Австри, Чех, Польштой хамтарч гадаад харилцаагаа цоо шинэ түвшинд гаргаж чадлаа. Энэ амжилт, ололтууд нь танхим мэргэжлийн байгууллага болсны том нотолгоо. Одоо хөрөнгө оруулалтын гэрээнүүд үзэглэгдэж байна. Хамгийн чухал нь Монголын компаниуд хаана алдаж байснаа харж чадлаа. Хамтын ажиллагаа түншлэлийг шинэ түвшинд гаргаж ирлээ.
Өнгөрсөн хугацаанд баг хамт олноо залуужуулж, чадавхжуулсны үр дүнд Бугатын эрчим хүчний Минянь гэх томоохон компани Монголд хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Монгол Улс олон жилийн турш эрчим хүчний хараат байдлаас гарах тухай ярьсан. Импортын хэрэглээтэй улс биш, экспортлогч улс болох суурь тавигдлаа гэх мэтээр яривал эерэг жишээ цөөнгүй бий.
-Эрчим хүчний хараат байдлаас гарах зорилготой төсөл эхлүүлсэн гэдэг сайхан мэдээ. Өөр ч олон хэрэгтэй, онцлох төслүүд бий байх…?
-Хятад бол манай уул уурхайн гол түнш. Нийт уул уурхайн экспортын маань 84 гаруй хувь Хятадаас хамааралтай. Нөгөөтэйгүүр Хятад улс ногоон бизнесийг бодлогоор дэмжиж, олон тооны боловсруулах үйлдвэр байгуулж байна. Ялангуяа Өвөр Монголын уул уурхайг ногоон бизнестэй холбох зарчмаар сэргээгдэх эрчим хүчний салбар хурдтайгаар хөгжиж явааг бид харж буй. Ордосын компаниуд нүүрсний хийн дээр хамтрахыг санал болголоо.
Үнэндээ Монголд уул уурхайн боловсруулах салбар учир дутагдалтай байгаа. Гүн боловсруулалтын тухайд ноолуурын шууд боловсруулалтыг Монголд хийх санал гарч байна. Үүнээс гадна хуш модны самрыг боловсруулах хамтарсан үйлдвэр барих санал ирсэн. Уг саналын дагуу Хятадын онцлох мужийн томоохон компаниуд Монголд хамтарсан үйлдвэрүүдээ бариад эхэллээ. Статистикаас харахад өмнө нь жилд 5-8 сая ам.долларын самар гардаг байсан бол энэ тоо өнөөдөр 100 саяыг давчихлаа. Хүмүүс асуудал яриад байдаг.
Харин бид экспортыг нэмэгдүүлэхийн тулд кластерын зохион байгуулалтад орсноор ямар амжилтад хүрдгийг нотолж чадлаа. Одоо Хятадаар дамжилгүй шууд Европын зах зээл рүү нийлүүлэх тухай асуудал самрын зах зээлд хөндөгдөж байна. Монголын дотоодын компаниуд дэлхийн анхааралд өртөж байна гэсэн үг. Дэлхий даяараа Монгол Улс самар боловсруулдаг гэх ойлголтгүй байсан бол 2021 оноос байдал өөрчлөгдсөн. Германы томоохон хэвлэлд Монголын самар дэлхийн нийт самрын зах зээлийн 30 хувийг эзэлдэг талаар дуугарлаа.
Монголын самар хятад самраас илүү органик байх учиртай гэсэн утга бүхий мэдээлэл цацагдлаа. Энэ мэт мэдээллээс үүдэж эрэлт ихсэх хандлага ажиглагдлаа. Энэ болгоны цаана Монголын хөрөнгө оруулалт, ажлын байр, татварын орлого нэмэгдэж, цаашлаад Монголын нэр хүнд гадаад зах зээлд зөв гарах боломж нээгдэж байгаа юм. Сонирхуулахад саяхан бид Монгол-Япон-Хятадын бизнес зөвлөл байгууллаа. Зөвлөл байгуулагдсаны ач холбогдлыг томоор харж, том зүйл хүлээж байгаа.
-Ямар утгаар тэр вэ?
-Япон бол дэлхийд технологиороо хэт тэргүүлэгч гүрэн. Япон компаниудтай Монголын компаниуд шууд ажиллах гэхээр соёлын асар том ялгаа гардаг. Манайхны санхүүгийн нөөц бололцоо, технологийн нэвтрүүлэлт, боловсон хүчний туршлага жулддаг. Дунд нь Хятадыг оруулж ирснээр олон асуудал шийдэгдэж, Монголын түүхий эдийг хамгийн орчин үеийн боловсруулалт хийж Хятад, Японы зах ээлд гаргах боломж нээгдэж байна. Мөн Япон, Монголын компани хамтраад уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргах ажлын эхлэл тавигдлаа.
Энэ бүхэн Монголын аж ахуйн нэгжийг ажилтай орлоготой байлгаж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад дэм болно. Засгийн тухайд эрхзүйн оролцоог хангах л үүрэг оролцоотой байх юм. Хувийн хэвшлийн чөлөөтэй ажиллах орон зайг нь дэмжээд л байвал алсуураа засгийн бодлого ч биелнэ.
-Тэс хөндлөн, мөнгө цацаж гарч ирээд салбарын хөгжлийг самраад хаячихдаг гажуудал манай улсад амь бөхтэй оршсоор байгаа. Ийм үед танхимын ерөнхийлөгчийн сонгууль зөв шударга явах болов уу гэх эмзэглэл байгаа нь нууц биш. Та ч гэсэн энэ асуудалд сэтгэлээ чилээж суугаа байх. Зорьж хичээж эхлүүлсэн ажлыг нь дуусгалгүй дундуур нь самрахыг харах дуртай хэн байх вэ дээ?
-Бидний гол, том зорилго бол 1995 онд батлагдсан Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимын тухай хуулийг солих явдал. Тухайн үед ОХУ-ын ХАҮТ-ын хуулийг хуулбарласан юм билээ. Харин ОХУ-ын ХАҮТ-ын хуулийг 1992 онд америкууд бичиж өгсөн байдаг юм. Америк бол холбооны улс. 1967 онд АНУ-ын Нью Жерсид анхны худалдааны танхим байгуулагдсанаас арван жилийн дараа Америкийн нэгдсэн улс бий болсон түүхтэй. Америкийн соёлын тухайд хувийн өмчийг хамгаалж, нийгэм нь төр засгаа бүрдүүлэх зарчим үйлчилдэг.
Орос ч ялгаагүй том холбооны улс. Онцлог нь өмнө нь коммунист үзэл сурталтай байж байгаад шилжилт хийсэн. Үүгээрээ би одоогийн мөрдөгдөж буй хууль бидэнд нийцэхгүй гэх гээд байна л даа. Төр, засгийн оролцоогүйгээр хувийн хэвшлээ хүчтэй болгож, аялал жуулчлалын компаниуд нийлээд салбарынхаа хөгжлийг ярьж, боловсон хүчин, стандартын асуудлаа шийдэн, гадаад зах зээл дээр эн тэнцүү харьцаж чаддаг байх ёстой. Өнөөдөр манай улсад 23 мянган төрийн бус байгууллага байдгийн 3500 орчим нь бизнестэй холбоотой.
Гэсэн хэрнээ одоо ямар ч эв нэгдэл, бодлогын нэгдэл, уялдаа холбоо байдаггүй. Төр засаг солигдохоор дагаад л бүгд өөрчлөгддөг. Энэ бүх гажуудлыг зогсоох хүч нь танхимын хууль. Танхимын хуулийг шинэчилснээр маш том реформ хийх боломжтой. Төрийн тухайд эдийн засгийг тэлж, иргэдийнхээ амьдралыг сайжруулмаар байгаа бол энэ хуулийн шинэчлэлийг хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд дэлхийд ковид, дайн дэгдсэн. Үүнээс гадна бид Үндсэн хуульдаа хоёр ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулчихлаа. Нөхцөл байдлыг дагасан улс төрийн намуудын хууль гэх мэт улс орны өмнө тулгамдсан асуудлууд бас байна. Энэ мэт шийдэж амжаагүй олон асуудлаас үүдэн танхимын хууль маань хойшлоод байна.
Дашрамд дахин хэлэхэд, гүйцэтгэх удирдлагын баг илүү шинэ түвшинд гарч ажиллах ёстойг ойлгодог хүмүүс танхимын удирдлагад гарах ёстой. Өөрийнхөө жижиг ашгийн төлөө бус, хувийн хэвшлийн нэгдмэл байдал, дуу хоолойг хамгаалдаг байх их чухал шүү. Энгийнчилбэл, төртэй ажилладаг зөв схемийг бий болгох ёстой. Манай хувийн хэвшлийнхэн төр нэг юм шийдэх ёстой гэж хараад байдаг. Угтаа төрөөрөө асуудлаа шийдүүлдэггүй байх ёстой юм шүү дээ. Түүний тулд л бидний эхлүүлсэн ажлыг гарцаагүй зөв дуусгах ёстой. Тэгж байж Монголд эдийн засгийн реформ хийх суурь тавигдана.
-2019 онд Монголын эдийн засгийг яаж хурдан тэлэх вэ гэдэг санаачилга гарч, “Эзэн-900”-г байгуулж байсан. Энэ ажлын явц хэр байна вэ?
-Манай танхимын Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилийн цикльтэй. Яг ажиллах хугацаа нь 900 хоног юм байна гэж тооцоолоод энэ хугацаанд ямар ажил хийж болохыг судалсан юм.
Ингэж л “Их сэргэлтийн бодлого”-оо боловсруулж, танилцуулсан. Эргээд харахад хөл хорионы жилүүд, хоёр улсын хоорондын дайн бидэнд маш том сорилт болсон ч асуудлаа цэгцэлж, форматлах боломжийг давхар олгосон. Харамсалтай нь энэ боломжоо ашиглаж чадсангүй л дээ. Гэхдээ л реформыг урагшаа харж хийдэг. Гарцаагүй хийх ёстой.
Аль болох хурдан хийж гэмээнэ хувийн хэвшил хүчтэй болно. Хувийн хэвшил хүчирхэгжихээс болгоомжлох шаардлагагүй. Хүчирхэгжиж байж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, авлига, ашиг сонирхол буурна, ажиллаж буй хүмүүсийн цалин орлого нэмэгдэнэ. Тэр хэрээр эдийн засаг тэлнэ. Ний нуугүй хэлэхэд төр, аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд эдийн засаг тэлж байсан түүх ховор доо.
-Ашиг сонирхол өндөрсөхийн хэрээр хор найруулах аргачлал нарийсдаг.Танай танхимын ээлжит сонгуулийн үеэр ч хор найрагдах байдал тод ажиглагдах байх…?
-Ёс бус хуйвалдаан тоглоомын дүрэм ойлгомжгүй нөхцөлд бий болдог. Тоглоомын дүрэм ойлгомжтой болчихвол асуудал цэгцэрчихнэ. Бидний өргөн барьчихаад хүлээж байгаа танхимын шинэ хуулиар танхимын бүтэц, танхимын ерөнхийлөгчийн сонгууль маш тодорхой болох юм.
Дундаас нь эрүүл бүтэц бий болно. 21 аймгийн танхим дээр мэргэжлийн эдийн засгийн салбар нэмэгдээд 50-иад танхим байгуулагдана. Өнөөдрийн хувьд танхимын гишүүнээр хувь хүн, компани, орон нутгийн аж ахуйн нэгж, гадны хувь хүн ч элсэж болно гэсэн дүрэм үйлчилдэг. Энэ дүрэм замбараагүй байдал үүсгэчихээд байгаа юм. Сүүлийн дөрвөн жилтэй харьцуулахад энэ удаагийн танхимын удирдлагын төлөөх өрсөлдөөн маш өндөр түвшинд болох байх. Олон хүн сонирхлоо илэрхийлж байгаа нь нэг талаараа сайн хэрэг. Залуус өөрчлөлтийг хийнэ гээд явж байна.
Санаа зовж байгаа нэг зүйл нь уулзаж буй бүх хүн “Би намын даргатай уулзаад зөвшөөрөл авчихсан, сайдтай уулзаад тохирчихсон, нам надад даалгавар өгсөн” гэх маягийн зүйл ярих юм. Тэгж шийдэх юм бол танхимаар яах юм бэ. Намын дэргэдэх агентлаг болгочиход л болох биш үү. Улстөржиж болохгүй салбар, институт гэж бас байдаг юм. Тийм салбарын тод жишээ нь МҮХАҮТ.
-Ерөнхий сайдын үгэнд төр, бизнесийг салгана гэх үг олонтаа дурдагддаг. Таны ажиглаж буйгаар хэрэгжилт нь хэр байна вэ?
-Хувийн хэвшил өөрийгөө удирддаг. Танхим ч тэр. Төрөөс нэг ч төгрөг авдаггүй. Тэр утгаараа бизнес эрхлэгчид шүүмжлэхээс айх, эмээх ямар ч шаардлагагүй. Магадгүй өнөөдөр төрөөс хамааралгүй сүүлчийн институци нь танхим болж үлдсэн байх. Тэр утгаар нь энэ институцийг төрийн хэт нөлөөллөөс хамгаалах ёстой. Бизнес эрхлэгчид өөрсдөө хамгаалах ёстой. Бизнес эрхлэгчид эвлэлдэн нэгдээд, төртэйгөө эн тэнцүү төвшинд яриа хэлцэл хийдэг болох учиртай. Тэр индэр нь МҮХАҮТ. Товчхондоо танхим, бизнесийнхэн хамтарч байж л улсаараа урагшилна.
-2019 онд танхимын ерөнхийлөгч болохдоо та “төр, хувийн хэвшил нэг зоосны хоёр тал юм” гэж хэлж байсан…?
-Үнэн. Нэг нь нөгөөгөө дарангуйлдаг хэлбэр байж болохгүй. Хамтдаа өнхөрч байж л урагшилна. Унавал хамт л унана гэдгээ ойлгоосой. Миний хувьд өнөөдрийг хүртэл МҮХАҮТ-ыг улс төрөөс аль болох ангид байлгах, засагт судалгаа тооцоотой хувилбар гаргаж өгч, асуудлыг зөв ойлгуулахыг эрмэлзэж ажилласан. Ялангуяа ковидын хорио, Орос, Украины дайн гэхчлэн хүндрэлийн үед маш их судалгаа хийж, олон ч санал хүргүүлсэн. Мэдээж тэндээс бизнесийг хамгаалсан сайн шийдвэрүүд ч гарсан, зарим үед цаг хугацаа алдаж хохирсон шийдвэр ч гарсан. Гэхдээ бүхэлдээ энэ байгууллага зөв ажиллах нь төрд ямар том түшиц болохыг ойлгуулж чадсан байх аа.
-Танхимыг хамгийн олон жил удирдсан хүн нь С.Дэмбэрэл. Одоо болох танхимын ерөнхийлөгчийн сонгуульд Тордайн Ганболд нэр дэвшихээ илэрхийлсэн нь олон нийтийн зүгээс өв залгамжилдаг хаан ширээ, угсаа залгамжлах вангийн суудал уу гэх шүүмжлэлийг дагуулж байна. Мөнгөөр цохиод бужигнуулах вий гэсэн эмзэглэл байгаа нь сошиалд ил цагаан өрнөж байна. Ийм юм болбол яах вэ. Сонирхлоо илэрхийлж буй хүмүүсийн дунд өөрийн тань санаж сэдээд эхлүүлсэн ажлыг аваад явчих, итгэл даах зөв зам мөртэй хүн байна уу. Шуудхан нэрлүүлчихмээр байх юм?
-Мэдээж олон сонирхол гарч ирж байгаа нь сайн үзэгдэл. Нэр дэвшигчид маань хамгийн гол нь танхим гэдэг байгууллагыг, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг ойлгож, ирээдүйд илүү сайн түвшинд хүргэх тал дээр ухаан санаа, оюун бодлоо төвлөрүүлэх ёстой.
Түүнээс биш УИХ-ын сонгуулиар ард иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг, төр засагтай нийлээд хүчээр шийдэж болдог гэж бодож байвал том эндүүрэл. Тордайн Ганболдыг С.Дэмбэрэл даргын дүү, компаниудад маш их мөнгө төгрөг өгч санал худалдаж авах санал тавьж байгаа гэх яриаг би ч сонссон. Үнэн бол харамсалтай үзэгдэл. Бизнес, олон нийтийн ажил гэдэг ганц компанийн төлөөх ажил биш. Нэг компанид, нэг төр засагт үйлчилдэг байгууллага бүр биш.
Эдийн засгийн сууриар олон компанийн эрх ашгийг хамгаалах, бодлогын өмгөөлөл үзүүлэх, тодруулбал яавал хамтраад хөгжиж болдгийг ойлгуулж, таниулах маш өргөн цар хүрээтэй ажил. Орон нутагтайгаа нийлээд танхимынхан гэх дээвэр доор 140-өөд хүн ажилладаг. Улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй, цэвэр өөрсдийн үйл ажиллагааны идэвхжилээр ажлаа явуулдаг. Гадна, дотны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, судалгаа хийдэг. Энэ утгаараа маш эрүүл байх ёстой салбар. Мөнгө төгрөг тарааж ерөнхийлөгч болчихоод дараа нь юунд ашиглах гээд байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Энэ байгууллагыг ямар нэг зүйлийн шат дамжлага болгох гээд байгаа бол бизнес эрхлэгчид эвлэрэх ёсгүй. Би ч эвлэрэхгүй.
-Эхлүүлсэн зарчмын олон ажил байна. Та өөрөө ажлаа үргэлжлүүлж болохгүй юм уу?
-Хүмүүс та үргэлжлүүлээд удирд л даа гэх санал тавьж байна. Миний хувьд нэр дэвшихгүй өөр төлөвлөсөн ажил байгаа. Харин аль болох зөв хүнийг л дэмжинэ гэж бодож байна. Бизнесийн тогоонд чанагдаж, унаж боссон, банкны зээл ямар хүнд байдгийг ойлгодог, зөв зам мөртэй, татвар мөнгөө цаг тухайд нь төлдөг, ажилтнуудаа хохироодоггүй ёс зүйтэй хүнийг л дэмжмээр байна.
Миний сая хэлсэн үзүүлэлтүүд бол анхны шалгуур. Хэдийгээр бизнес ашиг олохын төлөө байдаг ч ёс зүй маш чухал. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, бусдадаа хүндлэгдсэн, төлөөлж чадах, аль нэг компанийн эрх ашгийг төлөөлж, тэрнийхээ тө¬лөө миний бизнесийг яах бол гэж болгоомжилдоггүй нэр дэвшигчийг л дэмжинэ.