Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дэргэд Эрчим хүчний зөвлөл байгуулагдаж, анхны хуралдаанаа хийлээ.
Тус зөвлөлийн хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн 68 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Эрчим хүчний зөвлөлийн анхдугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Бид хамтарч ажилласнаар импортлогч бус экспортлогч улс болох боломжтой. Салбарын нэгдсэн судалгаа тооцоолол, мэдээлэл солилцоо, туршлага, хөгжил, хамтын уялдаа холбоо, хүний нөөц, хөрөнгө оруулалт гээд олон хүчин зүйлээс эхлээд бүхнийг хамтдаа ярьдаг, хэлэлцдэг болох нь маш чухал байна. Ийм зорилгоор Эрчим хүчний зөвлөлийг Танхим санаачлан байгуулж, цаашид үйл ажиллагааг нь идэвхжүүлэн, гадаад, дотоод бүхий л үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана. Зөвлөл бизнесээ, төр, хувийн хэвшлийн түншлэлээ хангаж, хадгалж ажилладаг ийм өргөн цар хүрээг хамарсан платформ болох учиртай” гэв.
Танхимын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл нь эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, саад бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлан тодорхойлж, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой асуудлыг төр засгийн холбогдох байгууллагад илэрхийлэх, оновчтой шийдвэр гаргуулах, бодлогын үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, хамтран ажиллаж, туршлага солилцох, мэдээ мэдээллээ хоорондоо хуваалцах зорилгоор ажиллана.
Эрчим хүчний зөвлөлийн даргаар Д.Ганхуяг, Нарийн бичгийн даргаар МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл нар сонгогдлоо. Эрчим хүчний зөвлөлийн даргаар ажиллахаар болсон Д.Ганхуяг “Салбарын тулгамдсан асуудал, түүний гарц, шийдлийг хамтдаа ярьж, хамтарч нэгдсэн эрх ашгаа хамгаалах гүүр нь Эрчим хүчний зөвлөл байх болно. МҮХАҮТ үүнд онцгой анхаарч байгаад талархалтай байна” гэв.
МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдсан Эрчим хүчний зөвлөл нь төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хамтын нэгдэл гэдгээрээ онцлог юм.