МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Япон Улсын Шизүока мужийн Захиргааны Бүс нутгийн гадаад харилцааны газрын дарга Маэшима Ясүтоши, Эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн хангамж, хөгжлийн газрын дарга Яманэ Масацүгү, Зохицуулагч Ц.Цэцэгсайхан нарыг хүлээн авч уулзлаа.
Маэшима Ясүтоши уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр B2B уузалт, бизнес семинар зэрэг арга хэмжээг Монголын талтай хамтран жил бүр зохион байгуулдгийг дурдаад ирэх 10 дугаар сард зохион байгуулах семинарыг МҮХАҮТ-тай хамтран өргөн хүрээнд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар бизнес семинарыг хамтран зохион байгуулахаар тохиролцож цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Япон Улс бол Монгол Улсын хувьд чухал зах зээл гэдгийг дурдаад тус арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн тус арга хэмжээ нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах арга хэмжээ болохыг онцоллоо.