МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Адриен Мургэс, хамтын ажиллагааны хэлтсийн хөтөлбөр хариуцсан менежер М.Бямбарагчаатай уулзаж, 2023-2027 онд хэрэгжих Монгол Улс дахь Олон улсын худалдааг дэмжих төслийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монголын худалдааг дэмжих TRAM төсөл нь экспортын кластерийг хөгжүүлэх, экспортын шинэ боломж нөөцийг нээж илрүүлэх, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр сайн туршлага болсон өндөр үр өгөөжтэй төсөл гэдгийг онцлов.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Адриен Мургэс "2023-2027 онд хэрэгжих Монгол Улс дахь олон улсын худалдааг дэмжих төсөл /ITDM/ нь Европын холбоо болон бүс нутгийн зах зээлд Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн худалдааны үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд онцгой анхаарч, Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын шаардлагад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн, уул уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой"-г тодотгосон юм.