"Монголын инновацийн 7 хоног“ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй "Инновацийн түншлэл” форум МҮХАҮТ-т боллоо.
Эрдэм шинжилгээ, аж үйлдвэр, төрийн хамтын ажиллагааны сайн туршлагууд, бодлого, шийдлүүдээ хуваалцах тус арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "МҮХАҮТ-ын Бизнесийн орчны судалгааны дүнгээс харахад уул уурхай, мэдээллийн технологийн салбарт инноваци нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага илүү өндөр гарсан бөгөөд уул уурхайн бус экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд инновацийг илүү нэвтрүүлсэн байна. Энэ нь бизнес-их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран инновацид суурилсан технологийг боловсруулан нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах орон зай байгааг харуулж буй бөгөөд энэ чиглэлийн инновацийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд хууль эрх зүй, бодлогын таатай тогтвортой орчин, төрөөс үзүүлэх урт хугацааны, үр дүнд чиглэсэн дэмжлэг чухал хөшүүрэг болно" гэж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов.
Форумд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан "Бизнес дэх Инноваци ба түншлэл" сэдвээр илтгэл тавилаа. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан Дэлхийн инновацийн индекс 2022-д Монгол Улс нийт 132 орноос 71-т эрэмбэлэгдсэнийг дурдаад МҮХАҮТ нь төсөл хөтөлбөр болон кластераар дамжуулан инноваци шингэсэн бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийг дэмжсэнээр ирснийг тэмдэглэв. Мөн түүнчлэн, инновацийн таатай орчин бүрдүүлэхэд Засгийн газар- ИХ сургууль- Аж үйлдвэр гэх 3 институтийн хамтын ажиллагаа чухал гэлээ.
Мөн энэ үеэр шинэ, шинэлэг шийдэл бүхий инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг танилцуулав.