МҮХАҮТ-ын салбар танхим болох Европын Холбоо - Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхимын нээлт 2023 оны 05 сарын 24-нд Нидерландын Эйндховен хотын High Tech Campus-т боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал П.Төмөр-Очир болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Европын Холбоо - Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхим нь Монгол Улсаас Европын холбоонд гаргах экспортын бараа бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг олшруулах, Европын Холбооноос Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “ченжийн бус”, нэмүү өртөг шингэсэн шууд экспортын гарцыг өргөжүүлэх зэргээр ажиллах юм. Эйндховены High Tech Campus нь электрон бараа, программ хангамж, хиймэл оюун ухаан хөгжүүлэлт зэрэг мэдээллийн технологийн салбарын дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын сургалт, судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааны төв юм. Нээлтийн үеэр тус Эйндховены Технологийн Их сургуулийн багш, хөтөлбөрийн захирал, доктор профессор Д.Янжиндулам илтгэл тавьж Монгол-Нидерландын хоорондын мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мөн танилцууллаа.
Нидерланд улсын эдийн засаг нь дэлхийн 17 дахь томоохон эдийн засаг бөгөөд Амстердам, Роттердам зэрэг Европын хамгийн том усан боомтууд байдгаараа Европруу орох бараа бүтээгдэхүүний усан замын томоохон үүд хаалга юм.