Нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч тасалдах болсонтой холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах тайлбарыг хийлээ.
Б.Чойжилсүрэн:
-"Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна. Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий.
ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Мөн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасаж байгаа. Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх нь яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй. Хэрэв хязгаарлах шаардлага тулгарвал хэрхэн хэрэгжүүлэх талаар хэрэглэгч нарыг ангилан зургаан багц гаргасан. Нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Ингэхдээ тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрүүлэхгүй. Гадаах агаар нэг градусаар хүйтрэхэд төвийн эрчим хүчний системд 12 МВт-ын нэмэлт ачаалал үүсдэг.
Эрчим хүчний үнийг 2022 оны төгсгөлд нэг удаа нэмсэн. 2023 онд нэмэх талаар ярьж байгаа боловч инфляц буурахгүй, иргэдийн орлого тогтворжихгүй байгаа тул үнэ нэмэх боломжгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал дээрдэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого өсвөл үнийг нэмэхээс өөр аргагүй.
Энэ бүх хүндрэлийн том шалтгаан нь үнийг чөлөөлж чадаагүйтэй холбоотой. Бид нэг кВт цахилгааныг багадаа есөн центээр нийлүүлж байж тогтвортой байдал хангагдана.