Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр дэх 10 давхар орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч, 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад, угаартан 27 настай гал сөнөөгч амиа алдсан байна.
Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Дуудлагын дагуу аврагчид очиход таван иргэн нас барсан байсан. Аврагчид ослын газарт ажиллаж байх үед нэг алба хаагч, дахин нэг оршин суугч угаартаж, харамсалтайгаар амиа алдсан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаа, прокурорынхон ажиллаж байна. 3-4 айл галд өртсөн байж болзошгүй байна. Чухам хэдэн айл өртсөнийг цагдаагийн байгууллагынхан тогтооно гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгсөн.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгч нь үе дамжсан гал сөнөөгч байсан бөгөөд БНСУ-д мэргэжлийн сургууль төгсөж ирээд ажиллаж байсан 27 настай залуу байсан. Талийгаач нь тухайн байрны оршин суугчдыг угааржилтын бүсээс гаргах явцдаа угаартаж, амь насаа алдсан. Түүнд хуульд заасны дагуу 10 жилийн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. Мөн оршуулгын зардал зэргийг Онцгой байдлын газраас гаргах болно" гэв.