МҮХАҮТ-ын гишүүд болон бизнес эрхлэгчдэд банкны бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах Санамж бичигт МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчдэд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга болон санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалт, уулзалт, арга хэмжээг хамтран зохион байгуулах юм.
Мөн Танхимаас зохион байгуулж буй эдийн засаг, бизнесийн хууль эрхзүй болон бодлогын өмгөөлөлтэй холбоотой судалгаанд идэвхтэй оролцох, гишүүн компаниуд, хувиараа бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахын зэрэгцээ жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тогтлоо. Богд банк нь олон нийтийн засаглалтай, нээлттэй хувьцаат компани.