Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил татварын боловсролын академи НҮТББ-аас санаачлан, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголтакс ТМЗ ХХК, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Таны ирээдүйд татварын боловсрол” уриан дор татвар төлөгчдөд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна.
Хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан төсвийн орлогоо бүрдүүлж буй татвар төлөгчдөдөө талархал илэрхийлэх, тэдний татварын боловсролыг дээшлүүлснээр татвар төлөх үүрэг, хандлага, төсвийн зарцуулалтад тавих оролцоог нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлэх зорилготой тус өдөрлөгийн хамтран ажиллагч байгууллагаар Сангийн яам, Татварын Ерөнхий газар, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхэлж буй Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд оролцох юм.
Өдөрлөгийн үеэр татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага, татвар төлөгчдийн хандлага, төлөвшил, тогтвортой хөгжилд татварын боловсролын гүйцэтгэх үүрэг зэрэг татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх олон сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон илтгэл, хэлэлцүүлэг явагдана. Мөн татвар төлөх үүргийн хэрэгжилтийг хангахтай холбоотой татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд нэгдэн нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрлөгт хүрэлцэн ирсэн татвар төлөгчдөд зориулан татварын хууль, татварын төлөвлөлт, татварын эрсдэлийг хэрхэн удирдах талаар болон татвар төлөгчдийн сонирхсон асуудлуудад үнэ төлбөргүй зөвлөгөө үйлчилгээг нэг цэгээс үзүүлнэ.
Хэзээ: 2023.05.11-нд 08:30-16:00 цагийн хооронд
Хаана: МҮХАҮТ