Дэлхийн экспортын хөгжлийн форум 2023 (WEDF 2023) нь 6-р сарын 26-аас 29-ний хооронд Улаанбаатар хотноо болно. Энэ үеэр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэгээр нөлөөлөгч залуу бизнес эрхлэгчид “Youth Ecopreneur Award”-ийг шагналыг олгох юм.
Тус шагналын зорилго нь ногоон, тогтвортой ирээдүй рүү шилжихэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөгжиж буй улсуудын залуу бизнес эрхлэгчдийг тодруулах билээ.
Олон улсын худалдааны төвийн “Ye! Community” нь Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO), Тогтвортой хөгжлийн төлөөх Google-Startups хөтөлбөртэй хамтарч тус шагналын эзнийг тодорхойлох бөгөөд шилдэг 4-т үлдсэн оролцогчид олон улсын бизнесийн экспертүүд, томоохон компаниудын гол хувьцаа эзэмшигчдийн өмнө өөрийн биеэр бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулна.
Шилдэг 4-т үлдсэн оролцогчдын нэг нь Монгол Улсаас тодрох бөгөөд нийт үндэсний залуу бизнес эрхлэгчдийг тус шагналд өргөнөөр өрсөлдөхийг хүсье.
Тус шагналд өрсөлдөхөөр бүртгүүлж буй бизнес эрхлэгч нарт тавигдах шаардлага нь 35 наснаас доош насны, үйл ажиллагааны чиглэл нь тогтвортой хөгжлийн зорилго, дахин боловсруулах (хаягдалгүй), эсвэл ногоон эдийн засгийн хүрээнд байх бөгөөд тухайн ААН, компанийн удирдах албан тушаалыг залуу хүн хашиж буй байх ёстой. Мөн жагсаалтад багтсан улсуудад бүртгэлтэй ААН байх шаардлагатай. (Жагсаалтыг энд дарж нэвтэрч харна уу.)
Тус шагналд өрсөлдөхийн тулд энд дарж нэвтэрч, холбогдох мэдээллийг бөглөх бөгөөд эцсийн хугацаа нь 2023 оны 4-р сарын 28 юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Ye! Community”-ийн веб хуудсаар авах боломжтой.
Тодруулах зүйлсээ 99286473 утсаар болон foreignrelations@mongolchamber.mn хаягаар холбогдож, асууна уу!