МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Манжуур хотын Засаг даргын орлогч Чен Гүө Бинийг хүлээн авч уулзав. Уулзалтад Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга, Дорнод аймаг дахь Салбар танхимын дарга Э.Адъяа, МҮХАҮТ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Манжуур хот дахь төлөөлөгч Р.Мөнхбат, нөгөө талаас Манжуур худалдааны төвийн Ерөнхий захирал Ван Шяохү, “Шинь Шинь” ХХК-ийн Ерөнхий захирал Сун Гуй Мин нар байлцав.
МҮХАҮТ-ын зүгээс хоёр улсын гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрч, худалдаа, эдийн засгийн харилцаа сэргэж байгааг уулзалтын эхэнд онцлоод, цаашид Манжуур хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах худалдааны төвийг байгуулах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтоосон маршрутаар 72 цагийн хугацаанд аялахдаа хувийн автомашинаараа аялах боломжийг судлах, худалдааг олон улсын жишигт нийцүүлэн хоёр улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулах зэрэг асуудлаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Манжуур хотын Засаг даргын орлогч Чен Гүө Бин дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах бүрэн боломжтой гээд цаашид тус хотын Худалдааг дэмжих хороотой үргэлжлүүлэн харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэв.
МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын Засгийн Ордон хамтран 2023 оны 4 дүгээр сарын 21-нд “Манжуур хотын эдийн засаг хамтын ажиллагааны төсөл танилцуулах уулзалт, үзэсгэлэн худалдаа 2023” арга хэмжээг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах бөгөөд энэ үеэр үзэсгэлэн, бизнес уулзалт болж, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Арга хэмжээнд Манжуур хотын 20 гаруй томоохон групп компанийн төлөөлөл оролцохоос гадна чөлөөт бүс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, тээвэр, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа, автомашин, сэлбэг, дагалдах хэрэгслийн худалдаа зэрэг чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлээд байна.