Монголын экспортын бүтээгдэхүүнүүд Улаанцавын тээвэр, логистикийн төвөөр дамжин ӨМӨЗО-ны зах зээлд нэвтрэх боломжтой
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцавын “Бейфанглунганг” тээвэр, логистикийн компанийн төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтад МҮХАҮТ-ын УЗ-ийн гишүүн Д.Баттулга, Гишүүнчлэлийн газрын дарга Ц. Магнайбаатар, ҮЯГ-ын дарга Ч. Баттулга, Сүхбаатар аймгийн ХАҮТ-ын дарга Б.Мөнхбат, Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Н. Энхзаяа нар, нөгөө талаас Жининь хотын худалдааны газрын дарга Бо Ли Пин, Жининь хотын засгийн газрын төлөөлөгч Хай Мин, Жининь хотын удирдлагын газрын дарга Жэн Хун, Зар сурталчилгааны газрын дарга Сү Сү, Бэйфанглуганг компанийн захирал Жао Жань Лян болон бусад төлөөлөгчид байлцав.
Тус компани нь нийт 900 га талбай бүхий тээвэр логистикийн төвтэй бөгөөд цаашид Монгол, Орос, Зүүн Өмнөд Ази, Вьетнамын тээвэр, логистикийн төвийг байгуулахаар ажиллаж буй уул уурхайн бус бүтээгдэхүүний тээвэрлэлт хийдэг компани юм.
Ирэх онд Улаанцав хот хүртэл хоёр талт хурдны галт тэрэг аялж эхлэх бөгөөд Улаанцав-Бээжин-Гуан жоу хот руу хурдны галт тэргээр холбогдох учраас Улаанбаатар-Улаанцав чиглэлд аялал жуулчлалын зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлбэл хоёр орны жуулчдын урсгал нэмэгдэх боломжтойг уулзалтын үеэр онцлов.
“Бейфанглунганг” компани 900 га талбай бүхий тээвэр, логистикийн төвдөө “Монголын бараа бүтээгдэхүүний дэлгүүр”-ийг нээж, Монголын экспортлогч ААН-үүдийг бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн, уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн болох ноолууран бүтээгдэхүүний худалдааны төв байгуулах боломжтойгоо илэрхийллээ. Сонирхогч ААН-үүдийг тус тээвэр, логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцах аяллыг хамтран зохион байгуулах талаар мөн санал солилцов.
Цахим худалдаагаар дамжуулан БНХАУ-ын зах зээлд нэвтрэх сургалтад Монгол мэргэжилтнүүдийг хамруулна
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон Танхимын төлөөлөгчид ӨМӨЗО-ны Улаанцав хотын Техник мэргэжлийн сургуультай танилцлаа. Тус сургууль нь 40 жилийн түүхтэй, сүүлийн жилүүдэд цахим худалдааны сургалтыг түлхүү явуулж, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Түүнчлэн, сурагчдад дунд болон ахлах сургуулийн боловсролыг давхар олгодог аж.
Нягтлан бодох бүртгэл, цахим худалдааны сургууль, компьютер засвар, авто замын засвар, хурдны галт тэрэгний үйлчлэгч, цахилгаанчин, сэргээгдэх эрчим хүч зэрэг нарийн мэргэжлээр сургахаас гадна эмнэлэгийн асаргааны сувилагч бэлтгэдэг. Мөн Монгол-Хятад, Орос-Хятадын тээвэр логистикийн мэргэжилтэн бэлтгэж байна. Сургалтаа Хятад, Монгол, Орос хэл дээр явуулах боломжтой, цаашид Монгол Улсын МСҮТ-үүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын зах зээлд цахим худалдаагаар дамжуулан нэвтрэхэд ямар платформуудыг ашиглах, контентуудаа хэрхэн оновчтой хийх, зорилтот бүлгээ тодорхойлох зэргээр гадаад худалдааны мэргэжилтнүүдийг сургахад хамтран ажиллах боломжтой гэв.
ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Мянган ботгоны баярын үеэр болох үзэсгэлэнд Монголын бизнес эрхлэгчдийг оролцохыг урилаа
ӨМӨЗО-ны Сэхээ Боомтын зөвлөлийн дарга Мөрөн, Хошууны дарга Бөхөө, Альшаа аймгийн гадаад харилцааны газрын дарга Болдбаатар, Альшаа аймгийн гадаад харилцааны газрын Эрдэнэтанаа нартай Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын газрын консул С.Батхуяг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар уулзав.
Альшаа аймгийн Эзнээ хошуу Тоорой модны баярт 2019 хүртэл МҮХАҮТ-ын салбар танхимууд маш сайн оролцож ирсэн. Сэхээ боомтын Хилийн бүсэд Монголчуудад зориулсан худалдааны бүс байгуулсан бөгөөд иргэд 3 дугаар сарын 1-нээс харилцан чөлөөтэй зорчдог болсныг уулзалтын эхэнд ӨМӨЗО-ны талаас онцолсон юм.
Тус боомтод 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд болох Мянган ботгоны баярын хүрээнд худалдаа эдийн засгийн үзэсгэлэн худалдаа, 9 дүгээр сард Тоорой модны баяраар олон улсын үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын зүгээс бараа, бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж оролцох, ингэний хуурай сүүг импортоор авах сонирхлоо илэрхийлэв.
Сэхээ боомт нэг хүн өдөрт, нэг удаад 8000 юанийн өртөг бүхий бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсаас гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашид 15 орны барааг хилээр нэвтрүүлдэг олон улсын боомт болохоор ажиллаж буй талаар боомтын удирдлагууд танилцууллаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, бараа бүтээгдэхүүний чанар, төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлээд Аялал жуулчлалын холбоо болон МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөр дамжуулан, хил орчмын аялал жуулчлалын маршрутыг хамтран боловсруулах боломжтой гэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ӨМӨЗО-д ажиллах үеэрээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны төлөөлөгчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзав. Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын газрын консул Б.Гантулга, дэд консул Ж.Гантөмөр, Худалдааг дэмжих хорооны дарга Жин Шэн Руй, орлогч дарга Ван Жи Пинь, II дэсийн байцаан судлагч Ли Жан, Гадаад харилцааны дарга Дан Жэн Шин, Хөрөнгө оруулалтын газрын Ван Да Чин , Гадаад харилцааны дарга Лян Жэн Шэн, Хууль хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Сяо Гуан , Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга Баатар, Нарийн бичгийн газрын орлогч дарга Жанхай нар оролцлоо.
Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж хамтарч ажиллах шаардлагатай талаар санал солилцлоо.
-
6 дугаар сарын эхээр МҮХАҮТ-аас зохион байгуулах гурван улсын танхимуудын 16-р чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцох
-
БНХАУ-ын Гадаад худалдааны яам, 6 дугаар сарын 22-нд Өвөр Монголын Хөрөнгө оруулалтын форум, Хятадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулна
-
МҮХАҮТ болон Өвөр Монголын Худалдааг Дэмжих Хороо хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх
-
Өвөр Монголын Худалдааг Дэмжих Хороо 8 дугаар сард Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулна
-
9 дүгээр сарын дундуур Монгол Хятадын IV ЭКСПО зохион байгуулах бөгөөд Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргахад хамтран ажиллах
-
Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн худалдааны маргааныг шийдвэрлэхэд үр дүнтэй хамтарч ажиллах
-
Хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүд танилцуулах
Монгол-Хятадын IV ЭКСПО 9 дүгээр сард Хөх хотод болно
ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Ли Жиүн, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын Гадаад дахь хөрөнгө оруулах болон эдийн засаг хамтын ажиллагааны хэлтсийн дарга Шулуун, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга Суй Жян, Хөрөнгө оруулалтыг дэмжих төвийн захирал Шү Хо, ӨМӨЗО-ны Боомтын албаны мэргэжилтэн Солонгоо нартай уулзалт хийв. Монгол Хятадын IV ЭКСПО 9 дүгээр сард зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд ойрын хугацаанд манай улсад ажиллаж, экспогийн хөтөлбөрөө тохиролцох аж. Тус арга хэмжээний хүрээнд
-
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт төслийг танилцуулсан арга хэмжээ тусгай арга хэмжээ (Өвөр монголын компаниудын төсөл танилцуулах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах)
-
Үзэсгэлэн яармаг (Үзэсгэлэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монгол Улсыг сурталчилсан асрыг байгуулах, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах 500 павильон)
-
Салбарын форум хурал
-
Соёлын арга хэмжээ (нээлтийн арга хэмжээ, үндэсний хувцас урлалын үзэсгэлэн, хүнсний соёлын үзэсгэлэн)зохиогдох юм.
Мэргэжлийн салбарын болон тусгай чиглэлийн салбарыг хөгжүүлэх форумуудыг дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа танилцууллаа.
-
Бүс ба зам санаачилгын аж үйлдвэржилтийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх форум
-
Шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны форум
-
Хилийн боомтын хөгжлийн форум
-
Хятад Монголын эдийн засгийн стандарт хэмжил зүйн форум
-
Хятад Монголын Төрийн өмчит компанид өөрчлөлт хийх санал солилцох
-
Хятад Монгол Орос гурван улсын эмэгтэйчүүдийн холбооны форум
Монгол Хятадын IV ЭКСПО-г илүү өргөн цар хүрээтэй, шинэ агуулгаар баяжуулан зохион байгуулахаар төлөвлөж буй учраас МҮХАҮТ-ын зүгээс ААН-үүдийг идэвхтэй оролцуулах, үзэсгэлэнд оролцох бараа, бүтээгдэхүүний чанар, стандарт, нэр төрөлд анхаарч, хамтран ажиллахыг хүслээ.
Хөх хотод Монголд Үйлдвэрлэв худалдааны төв байгуулагдана
ӨМӨЗО-ны орны Хөх хотын төвд байрлаж буй Бээжин Хуа Лэн сүлжээ дэлгүүрт 12 мянган метр квадрат талбайд Монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдлээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ӨМӨЗО-нд ажиллах үеэрээ Нонбан технологийн компанитай хамтын ажиллагааны санамж бичигт байгууллаа. Ингэснээр Монголын худалдааны төвд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг татваргүй байршуулах, худалдан борлуулах, борлуулалтын дараа татвараа төлөх боломжтой болох бөгөөд тус төв нь монгол хоолны ресторан, супермаркет, брэнд барааны хэсэг, соёлын солилцооны хэсгүүдээс бүрдэх юм.
Түүнчлэн, гадна талбайдаа 600 машины зогсоолтой, Бээжингийн Хуа Лэн сүлжээ супермаркет, KFC хоолны газар байрладаг бөгөөд өдөрт 10 мянган гаруй үйлчлүүлэгч үйлчлүүлдэг томоохон дэлгүүр юм.