МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн World Camp International компанийн захирал, "International soccer camp" төслийн ерөнхий менежер Марко Шембри, "Career number" төслийн удирдагч У.Даваасүрэн болон төслийн менежер, мэргэжлийн хөл бөмбөгчин О.Баяржаргал нарыг хүлээн авч уулзлаа.
Уг төсөл нь улс орнуудаас хөлбөмбөгийн авъяастай хүүхдүүдийг нээн илрүүлэн, Итали Улсад зохион байгуулагддаг олон улсын сонгон шалгаруулалтад оролцуулах зорилготой бөгөөд төслийн Монгол Улс дахь хэрэгжүүлэгч "Career number" төслийн багаас энэ оны 9 дүгээр сарын 9-нөөс эхлэн Улаанбаатар хотын сургууль бүрээс шалгарсан 8-14 насны 200 орчим хүүхдийг 7 хоногийн турш хөлбөмбөгийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж шилдэг зургаан хүүхдийг Итали Улсад шалгаруулалтад оролцуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээндээ МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв.
МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн олон нийтэд спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, спортыг хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, авъяас чадвартай хүүхдүүдийг дэлхийн түвшинд гаргах энэхүү төслийн зорилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд спортыг дэмждэг Танхимын гишүүн аж ахуйн нэгжүүдэд мэдээллийг хүргүүлж ажиллах болно гэв.
"Career Number" Төслийн менежер О.Баяржаргал төслийн ач холбогдлын талаар танилцуулаад, 2011 онд үүнтэй төстэй хөтөлбөрийн хүрээнд мөн нэг хүүхэд Итали Улсад зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тэнцэж, улмаар Словак Улсын хөл бөмбөгийн II лигт тоглож байгаа, зах зээлийн үнэлгээ нь 500 мянган ам.долларт хүрээд байгаа талаар дурдав.
9 дүгээр сард зохион байгуулагдах арга хэмжээнд Италийн мэргэжлийн дасгалжуулагчдын багаас гадна Дэлхийн хөл бөмбөгийн аварга Gianluca Zambrotta, Salvatore Schillaci нар оролцох бөгөөд монголын авьяаслаг хүүхдүүдийг сурталчлахаар Тик ток, инстаграм сошиал сувгуудад хөлбөмбөгийн чөлөөт үзүүлбэрүүдээрээ алдартай инфлюэнсерүүд хүрэлцэн ирэх аж.