МҮХҮАТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (JICA)–ын Суурин төлөөлөгч Накамүра Кеиго, Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо, Японд төгсөгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар энэ оны 8 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол-Японы бизнес форум, "JAPAM FESTIVAL IN MONGOLIA 2023" арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцож цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Накамүра Кеиго хэлсэн үгэндээ энэ удаагийн форумыг илүү өндөр түвшинд зохион байгуулах хүсэлтэй байгааг онцлоод, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулах нь чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэсэн юм.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Япон Улс бол Монгол Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан, чухал зах зээл гэдгийг дурдаад форумын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тус форумаар хоёр орны бизнес эрхлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэж, ганцаарчилсан B2B уулзалтуудыг зохион байгуулахаас гадна Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүн, цаашид сайжруулах санал, 2025 онд Япон Улсад зохион байгуулагдах Осака-Кансай Дэлхийн экспо дахь Монгол Улсын оролцооны талаар санал солилцох юм.