Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хотхоны IV давхрын айлд гал гарлаа гэх харамсалтай дуудлага, мэдээлэл 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед бүртгэгдсэн.
Яг одоо хойшлуулшгүй ажиллагааг цагдаагийн болон мэргэжлийн байгууллагынхан хамтран явуулж байгаа ба гал түймрийн улмаас нийт долоон хүн амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдэж, урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байна.
Жил бүрийн өдий үеэс эхлэн шинэ он гартал айл бүхний хүндэт хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн сүндэрлэдэг гацуур мод нь шатамхай чанар өндөртэй. Иймд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал юм.
Иймд иргэд та бүхэн дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-
Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх
-
Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх
-
Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
-
Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
-
Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх
-
Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах
Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүйн зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.