БНСУ-ын Сөүл хотын захирагчийн албанаас томилогдсон 40 сайн дурын гишүүн, Монгол Улсад гурван сарын хугацаанд ажиллахаар хүрэлцэн иржээ.
“Сөүл хотын залуучуудын сайн дурын хөтөлбөр” нь залуучуудад олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд оролцох боломжийг өргөжүүлэх, сайн дурын ажлаар дамжуулан гадаад хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор хийгдэж байгаа аж.
Төслийн Монгол дахь менежер Г.Шинэтулга "Монголд эхлүүлж буй сайн дурын үйл ажиллагааг Ерөнхий Боловсролын хоёр сургууль болон их, дээд сургуулийн оюутан, сурагчидтай хамтран зохион байгуулна.
Цаашид дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажиллах нь бидний зорилго.
Сайн дурын багийнхан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт”, “Дэлхийн иргэний боловсрол” чиглэлээр гарын авлага боловсруулах, видео контент бүтээх, олон нийтэд зориулагдсан компанит ажлыг зохион байгуулж, сургалтын орчныг сайжруулах болон бусад хамтын ажиллагааны боломжид хувь нэмэр оруулах зорилготой.
Монголд ажиллах гурван сарын хугацаанд оюутан, сурагчидтай хамтарч ажиллаж, судалгаа хийж сурах бичгээ гаргана" гэв.