"Баянгол дүүргийн зургаадугаар хороо 10 дугаар хорооллын шатахуун түгээх станцаас хойшоо явах далангийн замд машин унасан байна" гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага энэ сарын сарын 16-ны 04:21 цагт хүлээн авчээ.
Мэдээллийн дагуу шалгалт явуулахад “Lexus HS250h” автомашины жолооч Б нь “0.88” хувийн согтолттой автомашин жолоодож яваад зорчих хэсгийн хажуу руу онхолдсон бөгөөд жолоочид учирсан ноцтой гэмтэлгүй байгаа аж.
Тухайн жолооч тус дүүргийн 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлаас осол болсон газар хүртэл 3 км тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал тогтоогджээ.
"Сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, хариуцлага тооцож байгаа боловч энэ мэт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тасрахгүй байна.
Улмаар өөрт болон бусдад аюултай нөхцөл байдал үүсгэж байгааг анхаарч, хууль, журам, ёс зүйгээ чанд сахиж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж зорчихыг дахин дахин зөвлөж байна" хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.