ГАЛ, ДУГУЙНЫ ДАРААХ ХАМГИЙН ТОМ НЭЭЛТ БОЛ ИНТЕРНЕТ
Бурхан энэ дэлхийн улс түмнийг яаж хуваасныг бүү мэд. Ухаан нь бяцхан Холланд улсад нэг ам километр нутагт 400 шахам хүн сууж байхад Австралид харгалзан 2,5 ноогдож байх жишээтэй. Хон Конгт ам километрт 5800 шахам хүн байхад Монголд 1,5. Японд мөн тоо 350 дөхөж байхад Канадад 3 ноогдох маягтай. Дэлхийн хамгийн их хүнтэй Хятадад ам км- т харин ч гайгүй, тухайлбал 120 орчим гарч байна, гэхдээ Төвд, Өвөр Монгол, Шинжаанд энэ тоо ердөө л 2-5 гэсэн үзүүлэлттэй, харин жижигхэн Хунан муж зуу гаран сая хүнтэй. Улс орны баян тарган байдал хүн амын нягтралтай холбоогүй болохыг Холланд, Судан хоёроос харьцуулан харж болно. Нэгж талбайн тодорхой хүн натуралиар тэжээж чадах чадамжийг орчин үеийн технологи эрс өндөрсгөсний үр дүнд хүн байгалийн шууд хараат байхаа больжээ. Ухаан нь хүн анх байгалийн бүтээгдэхүүнийг шууд түүж цуглуулах буюу ургасанд нь нь мал адгуус хариулж хүнсээ бэлддэг байсан бол улмаар өөрсдөө идэх болон мал тэжээх зүйлээ тарьдаг болон болсоор генийн инженер, биотехнологийн өнөөгийн төвшинд хүрчээ.
Тухайлбал орчин үеийн технологи нэвтрээгүй бол Хятадын газар шорооны чадамж бордоод бордоод, хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд 600 саяас дээш хүн тэжээж чадахгүй гэнэ. Гэтэл тэнд үүнээс хоёр дахин олон хүн өлсөлгүй амьдарч байна. Япон юм уу, Хон Конг, Сингапур тийм жижиг талбайд яаж амьдарч байна! Эрдэмтдийн тооцоолж буйгаар өнөөгийн технологийн төвшинд манай дэлхий америк стандартаар 8-10 тэрбум, япон стандартаар 25 тэрбум хүн багтааж чадах гэнэ. Америкчууд мах мэтийн илүү чанарлаг хоол иддэг, япончууд будаа мэтийг илүүтэй хэрэглэдэг авч аль алинийх нь илчлэг хүнд бүрэн хангалттай байдгаас үүдэн ийм зөрүүтэй тоо гарч байгаа юм.
Өдгөө хөдөө аж ахуй улам эрчимжихийн хирээр тэнд ажилладаг хүний тоо цөөрч, явсаар энэ нь тухайн орны технологийн эрэмбийг харуулдаг үзүүлэлт болжээ. Тухайлбал Бангладешт хүн амын 80% нь хөдөө аж ахуйд ажиллаж байхад Германд энэ тоо 6% байна. Өөрөөр хэлбэл эхнийхэд нь хүн өөрөө өөрийгөө л тэжээдэг бол дараагийнхад нь нэг хүн хорин хүний хүнс бэлдэж байна гэсэн үг. Герман гадагш нь хүнс ихээр экспортлодогийг нь тооцвол бүр ч их тоо гарна. Хэдийгээр өнөөгийн ертөнцөд технологийн төвшин янз бүр байгаагаас болоод хөгжил зөрүүтэй харагдаж буй боловч урьд хэзээ ч байгаагүй интеграцлалд хүн төрлөхтөн хамаарагдан, биенээсээ нягт хамааралтай болж байна. Постиндустри хэмээн зарим судлаачдын нэрлэдэг үйлдвэржилтийн дараах үе рүү хүн төрлөхтөн бүгдээрээ орох цаг хугацаа улам ойртсоор. Япон мэтийн нягтралтай газар хөрөнгө оруулалт хийх зай завсраар хомсдон шинэ талбай эрэлхийлж байна.
Хаанаа ч зам барьж шуудуу ухна гэх вэ! Иймээс улс үндэстэн дамнасан дэд бүтэц уурхай гэх мэтийн хөрөнгө оруулалт улам идэвхижин, тив дамнасан зам, далай гаталсан хоолойн төсөл яригдах боллоо. Хүн гал олж, хүн дугуй нээж, хүн хот бүтээж, улбаалсаар хүн төрлөхтний иргэншил үүсэн хөгжиж, харин одоо хүмүүс интернетэд холбогдон нэг гэр бүл болж байна
МОНГОЛ НҮҮДЭЛЧИД ХОТЖИВ
Монголчууд заримдаа сүрхий томрон дэлхийг галдаж явсан удаа буй боловч тэдний уугуул нутаг нь үе үеийн турш Байгал нуураас Цагаан хэрэм, Хянганаас Алтайн нуруун завсар л багтаж байлаа. Гэтэл ийм өргөн уудам нутагт нэг хоёр саяас илүү хүн амьдарч байсангүй. Гол шалтгаан нь багтаамж аж. Үржил шим муутай хөрс бүхий энэ газар ер бусын эрс тэс цаг ууртай, өндөрлөг учир ан агнуур, бэлчээрийн мал аж ахуйгаас өөр амьжиргаа орших үндэсгүй аж. Бэлчээрийн мал аж ахуй гэдэг нэг хүнд мал зуугаараа ноогдож байж сая утга учиртай болно. Бэлчээрийнхээ даацанд малын тоо захирагдах нь ойлгомжтой. Монголын ус бүхий бэлчээрийн даац 30 сая мал багтаана, түүнээ дагаад сая хүрэхгүй нүүдэлчин амьдрана. Нүүдлийнхээс өөрөөр амьдрахыг байгаль, хөрс газар цаг уур нь зөвшөөрөхгүй. Монголчууд үе үеийн турш дайн байлдаан хийж, ийш тийш олноороо дүрвэн нүүдэллэж байсны олон шалтгаан буйн нэг нь чухам энэ багтаамж билээ. Монголын өргөн хээр талд хотжил, иргэншил үүсээгүйн ч нэг шалтгаан энэ. Ийн явсаар XX зуунтай золголоо.
Нийгмийн инженерчлэлийн туршилт, хөгжлийн шинэ загвар, иргэншил, шинжлэх ухаан техник технологийн нээлт төвшингөөр энэ зууныг урьд ямар ч үетэй адилтгах аргагүй. Хүн Антрактидэд хот босгож, саран дээр машинтай зугаалсан энэ зуун олон мянган жилийн бөглүү Төв Азийн өндөрлөгийг зүгээр орхиогүй юм. Аль XX зууны үед буй болсон засаг захиргааны хуваар нь 1930 он хүртэл үргэлжилжээ. Энэ хуваарь нь малын бэлчээртээ тохирон, хангай говийг хослуулан уртрагаа дагаж байгуулагдсан. 1930 онд Монголд 700 000 гаран хүн ам байсны 80% нь нүүүдлийн мал аж ахуй эрхэлж байв. Коммунизм байгуулж эхэлсэн энэ улсын засаг захиргааг Зөвлөлтийн эдийн засагчид амьдралын хэвшлийнх нь болоод өөрсдийн стратегийн үүднээс шинэчлэн зохион байгуулснаар Архангай, Хэнтий, Завхан, Өмнөговь гэх мэтийн 13 аймаг буй болжээ. Аймгаа цааш нь 324 сум, тэгээд цааш нь багт хуваав. Үүнийг сайн муу янз янзаар л хэлдэг. Нийгмийг хянах, зам харилцаа байгуулах, түүхий эд бэлтгэх зэрэг олон ач холбогдол байсан л биз. Гэхдээ хэрвээ Монголын нийгмийг цаашид нүүдэлчин хэвээр үлдэнэ гэж тооцсоны үндсэн дээр хийгдсэн гэж үзэх юм бол энэхүү засаг захиргааны хуваарь нь тэр үедээ дажгүй хувилбар байлаа. Юутай ч нүүдэлчдэд нийгмийн үйлчилгээг ойртуулснаар зөвхөн түүхий эд татаж авах, ханган нийлүүлэхээр үл барам тэдэнд үүгээр дамжуулан соёлд хүргэсэн юм. Бичиг үсэгтэй болгосон, хүүхдийг сургуульд сургасан, эмнэлэгийн үйлчилгээ нэвтрүүлсэн, соёл урлаг хүргэсэн гэх мэтээр тоочвол хувьсгал болохуйц олон үйл явдал болжээ. Өөрөөр хэлбэл нийгмийн байгууламж, бүтэц, зохион байгуулалт нь тэр чигээрээ нүүдэлчин малчинд зориулагдсан байжээ. Сумууд нь малчин ардын түүхий эдийг татан авах, тэднийг бараагаар хангах, үр хүүхдийг нь сургах, эмнэлэг соёлын үйлчилгээ үзүүлэх, захиргааны арга хэмжээ явуулахад зориулагдсан аж.
Тавиад оны сүүлчээр Монголын нийгмийн бүтцэд үндсэн өөрчлөлт гарч эхэллээ. Хэд хэдэн удаагийн соёлын довтолгоо болон хүн амыг эрүүлжүүлэх компанит ажлын үр дүнд хүн ам үндсэндээ эрүүлжсэн төдийгүй, соёлын байдал нь эрс дээшлэв. Бичиг үсэг үл мэдэх явдал үндсэндээ устаж, бүх нийтээр. системтэй боловсрол эзэмшиж эхэлсэн байна. Үүнтэй давхцаад нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн нь малаа хураалгаж хоосорсон үй олон нүүдэлчдийн хот руу чиглэх урсгал хуйлрах шалтаг болов. 1956 онд хот суурин газар амьдрагсад 20% байсан бол 1963 оны тооллогоор 40%-д хүрч, энэ богино хугацаанд тооны хувьд даруй гурав дахин нэмэгдсэн байх юм. Хоосорсон нүүдэлчид хот суурин бараадахын хэрээр хот тосгоноо барьж байгуулж босгож байлаа. 1960 онд Улаанбаатар 100 000 хүрэхгүй хүнтэй байснаа гучин жилийн дотор даруй зургаа дахин томорчээ. Аймгийн төвүүд хэрдээ сүрхий томрохын зэрэгцээ Дархан, Эрдэнэт мэтийн цоо шинэ хотууд буй болов. 1956 онд 845 мянган хүнтэй байсан Монгол 1963 онд 1 сая, 1988 онд 2 сая хүнтэй болов. Хүн амын энэ их эрчимтэй өсөлтийг дагаад нийгэмд малын бус орлогоор амьдрагсадын эзлэх хувь улам нэмэгдсэн нь ойлгомжтой.
Монголын малыг 1918 онд 9 сая байсан гэсэн Майскийн иш мухаргүй тоог суртал нэвтрүүлгийн зорилгоор хөөрөгддөг боловч үнэндээ малын тоо хэдэн зуун жилдээ бэлчээрийн даацаа дагаад 20-30 саяын хооронд л эргэлдэж байсан бололтой. Төлөвлөгөө зорилт тавин малчдыг шахаж шавдан заримыг нь шорон оронд суулгаад ч мал 25 саяд хүрсэнгүй, зуд турхан, хамтрал хомоон нэгдэл мэтийн сүйрэл болоод ч 20 саяас доош орсонгүй. Үүнээ дагасан мөнхийн хагас сая орчим нүүдэлчин малчид. өдгөө ч Монгол 30 сая малтай, хүүхэд хөгшид ороод хагас сая нүүдэлчинтэй. Харин цаана нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэггүй сая хагасаас илүү хүн ам өнөөдөр буй болжээ. Нэг л мэдсэн Монголын нийгэм 40 жилийн дотор 20% хотжилоос 80% хүрч, нүүдэлчин малчдын эзлэх хувь 80%-аас 20% болон буурсан байх юм. Энэ зөрүү бол иргэншил нэвтэрсний үр шим.
Жараад оны дундаас эхэлсэн хөрш орнуудын хүйтэн дайны байдал нь Монголд хөрөнгө оруулалт хийх улс төрийн том шалтгаан боллоо. Хорь гаруйхан жилийн дотор 10 тэрбум шилжих рублийн хөрөнгө оруулалт орж ирсэн нь хэдийгээр асгаж цутгаж үр гамгүй хэрэглэсэн баримт их боловч өгөөжөө өгөн нүүдлийн мал аж ахуйн бусаар амьдрах болсон монголчуудын дийлэнхи хувийг тэжээх үйлдвэрлэлийг үндсэнд нь босгож иржээ. Мэдээж үйлдвэрлэл өсөхийн хирээр дотоодын нийт бүтээгдэхүүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн эзлэх хувь жин багасаж таараа. Нэг үе гагцхүү малаараа амьдарч байсан Монгол өдгөө эндээс 30% хүрэхгүй орлогоо олж байна. Ганц Эрдэнэтийн үйлдвэр л улсын төсвийн бараг хагасыг даадаг болжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал, арван мянган хүнд ноогдох эмч, оюутан гэх мэтийн олон тоогоор хөгжингүй орны зэрэгт хүрсэн Монгол орон ийнхүү энэ зууны эцсээр хотожсон, соёлжсон, иргэншсэн улс болов. Гэтэл нийгэм, төр, засаг захиргааны бүтэц, зорилго, өгөгдөхүүн, хэмжээ нь мөнөөх хүн амын 20% хүрэхгүй хэсэгт зориулагдсан хэвээр хадгалагдсаар. Ийм бүтэц эргээд хөгжил дэвшилд саад болох нь мэдээж.
“ХӨДӨӨ ЯВЪЯ АА, ХОНГОР МИНЬ“ ГЭЖ ДУУЛАЛДСААР ХОТ РУУ ЧИГЛЭСЭН ХОЁР ТОМ ДАВАЛГААН
Мэргэжилтэй боловсон хүчний арми бэлдэж эхэлсэн тавиад оны дунд үеэс тэднийгээ хөдөөд илгээх том бэрхшээл “нам засагт” зэрэгцэн үүсчээ. Сургууль төгссөн охиноо хөдөө явуулахгүй гэсэн хотын бэртэгчин авгай, хөдөөд соёлын үрийг тарихаар нэгэнт зориг шулуудсан эх оронч хархүүгийн дүр тэр үеийн л болхи жүжиг, өгүүллэг, туужид байраа эзэлж эхэлсэн билээ. Өөрснөө хөдөө явж ажиллахаасаа үстэй толгой нь арзайдаг мөртөө бусдыг яв гэж уриалж дуудаж шахаж, түүгээрээ амьдралаа залгуулдаг урлаг утга зохиолын “мастеруудын” арми харин сүрхий үржлээ. Хот газар бол боловсрол олгодог том уурхай аж. Иймээс ч нүүдэлчин малчид, тэдний үр хүүхэд хотод үй олноороо ирж суурьшин боловсрол олж, тэр хирээрээ иргэншиж хотжиж байв. Харин нэгэнт хотожсон залуус эргэж сумын төв бараадахыг нэгэнт хүсэхээ болих нь ойлгомжтой шалтгаантай байлаа. Нэгэнт хөрөнгөө булаалгасан малчид ч мал маллах сонирхолгүй болж, өөрснөө хот орон бараадаагүй нэг нь үр хүүхдээ тийш тэр чигээр нь “зугтуулах” хүсэлтэй ажгуу.
Гэтэл нүүдлийн мал аж ахуйд тулгуурлаж зохиосон засаг захиргааны бүтцээ хадгалж байхын тулд “нам засгаас” хүмүүсийг хөдөө хүчээр ч болов илгээх бодлого сөргүүлэн явуулахаас өөр аргагүй болжээ. “Илгээлтийн эзэн”, “Залуу тариаланч алтан медаль”, “Говийг халамжлах хөдөлгөөн” ч гэх шиг сонин хачин нэртэй сүр дуулиантай үзэл суртлын кампанит ажлаас авахуулаад захиргаадалтын янз бүрийн арга хэрэглэн хотоос хөдөө рүү чиглэсэн урсгал бий болгох гэж олон жил үйлээ үзэв. Гэтэл паспорт шилжүүлгийн хүнд журам ч, сум болгонд барьсан үйлчилгээний төв, соёлын арга хэмжээ ч тус болсонгүй, хот сууринд амьдрагсад 80%, түүний дотор том хот бараадагсад хүн амын талаас хэтэрлээ. Энэ бол ерөөс хөгжлийн хандлага гэдгийг “нам засаг” ойлголгүй хэвээр хоцров.
Нүүдлийн малчинд зориулсан засаг захиргааны системийг хөгжлийн хандлага сөргүүлэн барьж тогтоож байх гэдэг дэндүү үнэ өртөгтэй, хүнд хүчир ажил байлаа. Өргөн уудам нутагт орших тун цөөн хүн амыг жигд цацан суурьшуулаад хангалт хийнэ гэдэг ямар өндөр өртөгтэй гэж санана. Хэдэн зуун сууринд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа, соёл, нийтийн аж ахуйн үйлчилгээг барьж байхын тулд Монголын нийгмийн ямар их баялаг үрэгдсэнийг тооцоолох аргагүй. Учир нь далаад он гэхэд л нүүдэлчдийг соёлжуулах, боловсруулах анхны үүргээ мөнөөх Зөвлөлтийн эдийн засагчдын зохиосон засаг захиргааны систем биелүүлж дуусчээ. Соёлжиж иргэншсэн хүмүүс энэхүү нүүдэлчдэд үйлчлэх зориулалт бүхий суурингуудад чухам л соёлын үйлчилгээ дутсан учраас л ирж суурьшихгүй байна гэсэн хялбар дүгнэлт гаргасан “намзасаг” сумын төв болгонд толгой эргэм хөрөнгө оруулалт хийв. Хоцорсон технологиор бүтээгдсэн жижиг цахилгаан үүсгүүрүүд ямар их шатах тослох материал сүйтгэсэн бол. Улсын нийт импортын бараг хагасыг эзэлдэг байсан шатахууны ашиггүй зардлын дийлэнхийг мөнөөх цөөн нүүдэлчинд үйлчлэх засаг захиргааны бяцхан нэгжүүд ховх сордог байлаа. Шугам сүлжээ, зам харгуй гээд цааш явбал учир тоймоо алдана. Жижиг сууринд амьдрагч нэг хүнийг хүчээр тогтоож байхын тулд гаргасан өртөг хотын дундаж нэг иргэнийг авч явахаас хэд дахин илүү байсныг тооцоолох юмсан.
Улс орон зах зээлийн тогтоцод шилжиж эхэлсэн ерээд оны үеэс л чухам ямар их хөрөнгө бодлогогүйгээр үрэн таран хийснээ зарим нь ойлгож эхэлсэн байх. Сум болгоны төвд киноны, бүжгийн, хурлын том том заалууд, хүүхдийн дотуур байр зэрэг нийгмийн болон соёлын юм хэмжээнээсээ хэтэртэл барьсан мөртөө ганц талхны цех барьчихсан газар тун ховор. Нэг үгэндээ хүний юмаар хүүдэгнэнэ гэгчээр зээлийн хөрөнгөөр гайгүй сайн гараа угаажээ. Хөнжлийнхээ хирээр хөлөө жий гэдэг бол монголчууд социализмын “тостой үед” дотроос нь хүн олдох аргагүй том хөнжил хийж наргижээ. Хүмүүсийн шилжин суурьших хөдөлгөөн чөлөөтэй болуут суурингууд хоосорч эхэллээ. Жараад оны үед Монголын нүүдэлчид хот суурин газар руу шилжих лут нүүдлийн давалгаанд орсон бол ерээд оны үеэс үүнээс дутахгүй хоёр дахь давалгаа өрнөлөө. Ялгаатай нь жижиг суурин газраас том хот руу хийх хөдөлгөөн зонхилж байна. Одоо яах вэ? Захиргаадалтын систем задран унасан учир үүнийг хүчээр тогтоох бололцоо үгүй. Бүгд хотод ороод ирэхээр хотын даац маань юусан билээ? Тэгээд ч улс орноо эзэнгүй хаяад нэг дороо бөөгнөрчиж болох уу? Хэн мал маллах болж байна? Хэдийгээр нийгэмд эзлэх хувь жин нь багассан ч малчны хүүхдийг хэн сургаж, эмнэлэг соёлоор хэн үйлчилж, түүхий эдийг нь яаж цуглуулж, бараа таваараар хэрхэн хангах болж байна!
НУТГАА ЭЗЭНГҮЙ ХАЯЧИХСАН ГУДИГГҮЙ АВСТРАЛИЧУУД
Өнөөгийн дэлхийд өргөн уудам нутагт цөөн хүн ам ер бусын сийрэг суудаг баян тарган орон ч бий, ядуу буурай нь ч бий. Канад, Австрали, Саудын Арав, Судан, Ливи, Алжир зэрэг орныг ийм бүртгэлд оруулж болно. Оросын Сибирь, Хятадын Төвд, Шинжаан, Өвөр Монгол, АНУ-ын Аласка, Дани улсад хамаардаг Гринланд зэргийн ч суурьшил ер бусын гэхээр сийрэг. Манай гаригийн хамгийн хүйтэн цэгүүд, эсвэл говь цөл, өндөр уулс эдгээрт хамаардгийг төвөггүй ажиглаж болно. Өөрөөр хэлбэл хүн амьдран суухад төдийлөн таатай бус газрууд. Харин бурхан багш яаж заяахаараа тэгснийг бүү мэд, чухам энэ газруудын ихэнхид байгалийн асар их нөөц баялагтай ажгуу.
Эдгээр орнуудад хүн амаа газар нутагтаа жигд тараан байрлуулах бодлого явагдаж байгаагүй болов уу. Учир нь тэдэнд социализм барьж байгуулж байсан туршлага байхгүйгээс гадна, Монгол шиг жигд тархсан бэлчээрийн мал аж ахуй хаана нь ч үгүй. Иймээс хэдийгээр өргөн уудам нутагтай цөөн хүн амтай боловч хувь жингээр нь үзвэл асар хүчтэй төвлөрөлийн хэдхэн цэгтэй, үлдсэн газар нутагнь зэлүүд хоосон байх аж.
Эндээс Австрали, Канадын тухай жаал сонирхоё. Австрали нь Монголоос тав дахин том газар нутаг дээр 16 сая хүн амьдарч байна. 35 сая үхэртэй, бараг 200 сая хоньтой, улаан буудай, хошуу будаа, овъёосын ургацаар дэлхийд дээгүүр ордог энэхүү хүчирхэг хөдөө аж ахуйн орны хүн амын 90% гаран нь том хотод амьдардаг. Хэрэв газар нутагт нь харьцуулах юм бол дэд бүтэц туйлын дорой хөгжсөн гэж хэлж болно. Юу гэвэл энэ тивийг газрын зураг дээр харах аваас төмөр зам, авто зам шугам сүлжээ юу ч үгүй юм уу даа гэмээр. Ийм өргөн уудам нутгийн голдуу өмнөт хэсгээр хэдэн том хоттой, тэдгээр нь хоорондоо холбогдсон болохоос нутгийн дундуур ямар ч хот суурин байхгүй гэж хэлж болохуйц. Австралийг нэвт гарсан зам өндөр хүчдэл татах төлөвлөгөө тэдэнд үгүй л болов уу. Яагаад гэвэл тэд мөнгөний үнэ цэнийг мэднэ, хэдийгээр баян тарган улс боловч социализм байгуулах илүүдээ гарсан хөрөнгө үгүй. Энэ зууны эхээр тэнд “алтны халуун” болж олон хүн баяжсан боловч тэндээ хот суурин сүндэрлүүлсэнгүй, учир нь тархай бутархай байдал нь дэндүү өртөгтэй. Австрали асар их цөлтэй, тэрийгээ бүр ч эзэнгүй хаяж орхисон. Уул уурхайн баялгийг нь ашиглана. 200 сая хонийг нэг их хөдөлмөр гаргалгүй хөнгөхөн маллана. Туулай, имж, динго нохой, тэр байтугай хонины нүд ухдаг тоть хүртэл ихээхэн хөнөөл тарьдаг боловч тэр бүхэнтэй шинжлэх ухаан технологийн хүчээр л тэмцэнэ.
Газрыг бэлчээртэй юутай нь аль хэдийнээ хувьчилчихсан учир нэг фермерт ноогдох мал учир тоймоо алдсан ч ноос махаа авч экспортлосоор л байна. Халуун орон учир дулаан эх үүсгэвэр хэрэггүй боловч цахилгааныг Сидней, Мельбурнээс хэдэн мянган км таталгүй тэндээ өөрснөө жижиг үүсгэвэр, нарны болон салхин эрчим хүчээр хангадаг. Хүүхдийг гол төлөв холын хот руу сургуульд явуулдаг байснаа сүүлийн үед алсын зайн сургалт телевизээр дамжуулан гүйцэтгэх болжээ. Дэлхий дээр хамгийн урт насладаг үндэстний дотор австраличууд багтана. Хөдөөнийхөн нь эмнэлэгийн тусламж нисдэг тэргээр авна. Учир нь фермер болгоны дэргэд эмнэлэгийн цэг байгуулснаас чингэсэн нь хамаагүй хямд төсрөөс гадна илүү найдвартай гэдгийг мөнгөндөө хямгатай австраличууд андахгүй. Дэлхийд хамгийн олон хоньтой, ноос үйлдвэрлэлийн тоо хмжээ, чанараар тэргүүлдэг гэдгийгээ хүн амын 90% болох хотын австраличууд тэр болгон мэддэггүй болов уу. Учир нь хөдөөнийхөн нь тэднийгээ “бид та нарыг тэжээж байна” гэж аашилдагүй. Тэгэж аашлах нь ч утгагүй хэрэг, учир нь ердийн зах зээлийн солилцоо л хот хөдөөгийн хооронд болж байгаа юм чинь.
Канад газар нутгийн хэмжээгээр Оросын дараа орно. Харин ердөө 30 хүрэхгүй сая хүнтэй. Сибирь шиг хүйтэн, битүү тайга. Иймээс хүн амын бас л 90% нь АНУ-тай хиллэсэн зурвас газар төвлөрөн амьдрана. Энэ хэсэг нь АНУ-ын хойт мужуудтай эдийн засгийн бүрэн интеграцид орчихсон учир зам харилцаа цахилгаан сүлжээ нь нэгдмэл. Ухаан нь Канадын дундаж иргэн цахилгаан хаанаас авдагаа ч мэдэхгүй, хамгийн гол нь мөнгөө л төлж байх хэрэгтэй. Магадгүй тэр цахилгааны уг эх үүсвэр АНУ-д ч байж болох юм. Энэ оронд гөологи уул уурхайн салбар маш их хөгжсөн боловч канадчууд нутгийн төв болон хойт хэсгээ хөгжүүлэх талаар төдийлөн санаа тавьсангүй. Тэнд цаа малладаг, загас барьдаг нутгийн индиан, алеут, эскимосууд болон суурьшсан цагаан арьстнууд маш сийрэг маягаар амьдарч байгаа л даа. Канад ер бусын хүйтэн орон учир өвөлдөө дулаан их хэрэгтэй. Нэг удаагийн тариур гэгчээр нэг удаагийн атомын цахилгаан үүсгүүрээр үүнийг нь шийддэг гэнэ. 1 мвт-ын чадалтай 10 жил ажилладаг цахилгаан станцын үнэ 2 сая доллар орчим байдаг. Түүнийг газар булаад орхичихдог, ганц хүн ажиллуулдаг, 10 жилдээ найдвартай. 2 мвт-ын 25 жилийн станц 20 орчим сая доллар гэнэ. Сургалт алсын зайнаас хийнэ, эсвэл жижиг суурингууд өөртөө таарсан сургалттай. Эмнэлэгийн анхны тусламж үзүүлнэ, голдуу урагш нь том хот руу зөөсөн нь илүү хямд, илүү найдвартай. Дэлхийг улаан буудайгаар хангадаг хэдэн том төвийн нэг. Газрыг ойтой тайгатай нь хувьчилчихсан.
МӨНГӨӨ Ч ХЭМНЭЕ , АМЬДРАЛАА Ч ДЭЭШЛҮҮЛЬЕ, ҮР ХҮҮХДЭЭ Ч БОДЬЁ
Улаанбаатарын хүн ам бараг 700 мянга шахаж байна. Дархан 80 мянга, Эрдэнэт 50 мянган хүнтэй. Энэ гурван хотыг дайрсан төвийн эрчим хүчний сүлжээ бий. Гурван хот төмөр зам болон авто замаар холбогдсон. Дархан Эрдэнэтын хатуу хучилттай зам удахгүй баригдаж эхлэнэ. Эрдэнэтээс хойш 60 км-т 250 мвт-ын чадал бүхий усан цахилгаан станц ойрын үед барих төлөвлөгөө бий. Мөнгө төгрөгийн асуудал нь бараг шийдэгдэж байна. Гурван хотыг хооронд нь холбон гурвалжин үүсгэвэл Орхон Туулын бэлчир газар байна. Энэ бол Монголдоо хамгийн үржил шимтэй газар. 15 мянган ам км нутаг хамарсан энэ талбай нь Монголын нийт нутгийн 1% болох ба үүнийг “алтан гурвалжин” гэж нэрлэе. Энэ гурвалжин дотор бараг л сая хүн амьдарч байна. Гэхдээ нүүдлийн мал аж ахуйгаар биш. Нэг үгэндээ газрын даацны тухай Монголын уламжлалт ойлголтоос тэс өөр нөхцлөөр шүү дээ. Орчин үеийн технологийн эрэмбийн ойлголтоор бол дахиад зуу дахин их хүн багтааж чадна.
Өнөөдөр Монголын өнцөг булан бүрээс энэ гурвалжин руу шилжих хөдөлгөөн хийгдэж байгаа нь нууц биш. Явган нүцгэн, машинтай морьтой, малтай гэртэйгээ, Увсаас, Архангайгаас, Завханаас... Хэрэв зохиомлоор буй болгосон мөнөөх гурван зуу гаран сумдаа барьж байх гэж гаргаж байгаа их хөрөнгөө энэ гурвалжин руу хандуулуулбал Дархан, Эрдэнэтийг хэд дахин томруулан тэлж болохсон. Нэг талаас хүмүүсийн амьдралын чанар дээшлэнэ. Хүүхэд сургуульд, хүмүүс эмнэлэгт илүү ойр болно. Чанарын дээшлэлтийг хэн ч маргахгүй биз. Илүү соёл урлагт дөт болно. Хүнийг заавал алслагдсан суманд хүчээр зовоож байх хэрэг хэн хэндээ бийсэн бил үү! Нөгөө талаас улсын зарлага хамаагүй багасна. Сумын төв дээр сурч байгаа хүүхдийн өртөг хотынхоос хэд дахин илүү байна. Сумын төвд нэг айлд очиж буй цахилгааны өртгийг том хотынхтой зүйрлэх арга бий юу? Зам харгуй, тээврийн зардлаа бодолцвол толгой эргэж гүйцэх байх.
Алтан гурвалжин дотор сая таван зуун мянган хүн амьдарвал үүнийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр яаж хангах вэ? За яахав Монгол мал олонтой юм чинь махны хувьд болно гэхсэнж. Гэтэл нүүдлийн мал аж ахуйн сүүгээр энэ их хүнийг хангана гэж үгүй. Иймээс эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй. Бор нуур, Гацууртын үнээний ферм шиг. Хүнсний ногоо мөн Дэвшилийн маягтай өндөр тенологитой байх шаардлагатай. Нэгэнт төвлөрсөн том зах зээл буй болоодох аваас үүнээ дагаад эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжиж л таарна. Харин хомс зах зээлтэй бол хэндээ зарна гэж хөгжих билээ. Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд энэ гурвалжингийн газрыг хувьчлах, үгүйдээ газрын төлөөс бий болгох хэрэг гарна. Алтан гурвалжинг шууд өгөөж тааруутай нүүдлийн мал аж ахутай холилдуулахгүйн тулд тусдаа татварын хууль үйлчлэх ёстой. Тэртэй тэргүй нүүдлийн мал аж ахуйд зориулагдсан хангалттай их бэлчээр байсаар байтал энэ багашаар газар нутгийг илүү үр өгөөжтэй үйлдвэрлэлийн төв болгоход хэн ч хохирохгүй. Эрчимжсэн мал аж ахуйг дагаад тэжээл тарих шаардлага гарна. Тэжээлгүйгээр эрчимжсэн мал аж ахуй орших бололцоогүй. Энэ нь тооцооны хувьд одоо Алтан гурвалжинд тариалж байгаа ашиг тааруутай газар тариаланг шахаж таарна. Үндсэн хуулинд бэлчээр ойн утгаар газар хувьчлахгүй гэж байгаа. Гэхдээ энэ нь тариалангийн газар, эрчимжсэн мал аж ахуйд хамаагүй заалт юм.
Алтан гурвалжинг дайрч өнгөрдөг замын хамгийн том сүлжээ бол Сүхбаатар - Замын Үүдийн төмөр зам билээ. Энэ бол Монголыг дэлхийтэй холбож байгаа хамгийн чухал ач холбогдолтой шугам. Сэлэнгэ бол тэр чигээрээ газар тариалангийн хамгийн боломжит цэг мөн. Боомт хот гэдэг утгаараа Сүхбаатар, Алтанбулаг, Замын -Үүд нь асар их ирээдүйтэй. Зарим боомтод нь үйлдвэрийн чөлөөт бүс байгуулах санаа яван хэрэгжих шатандаа байна. Нэгэнт Алтан гурвалжинг эдийн засгийн хувьд интегралчилах гэж байгаа бол Улаан-Дархан, Улаанбаатар-Эрдэнэт, Дархан-Эрдэнэт гэсэн хурдны зам болон төмөр зам зайлшгүй шаардлагатай. Ингэж байж том хот газрын хүн амын амьдрах сууршил жигд тархах төдийгүй, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд нь нэгдсэн нэг системд орно.
Төмөр зам дагуу орших говийн гурван том суурин Чойр, Сайншанд, Зүүнбаян нь одоо нэгэнт гараагаа авсан газрын тосны үйлдвэрлэлийн буянаар их ирээдүйтэй хотууд юм. Сүхбаатар- Замын Үүдийн төмөр зам дагуух энэ шугамыг “босоо тэнхлэг” гэе. Босоо тэнхлэгийн умарт хэсэг хатуу хучилттай замтай ба урд хэсэг нь газрын тосны буянаар тун удахгүй ийм болох биз. Энэ шугамыг даган Орос-Хятадыг холбосон хийн хоолой, өндөр хүчдэлийн шугам тавигдахаар яригдаж байна. Сибирийн асар их илүүдэл эрчим хүч, байгалийн хий газрын тос нь цэцэглэлтийнхээ орой руу тэмүүлж яваа умарт Хятадын өлсгөлөн зах зээл рүү чухам энэ шугамаас өөр газраар холбогдох аргагүй юм. Зууны төсөл гэж нэрлэгдэж байгаа энэ агуу том хөрөнгө оруулалт (14 тэрбум доллар орчим) тун удахгүй гараагаа эхлэх төлөвтэй байна. Чингэхэд босоо тэнхлэгийн ач холбогдол улам нэмэгдэнэ. Ер нь энэ тэнхлэг нь Монголын эдийн засгийг Сибирь, Умарт Хятадтай интеграцлахад гол тулгын чулуу нь болох учиртай. Ерөөс дэлхийн эдийн засагтай интеграцлагдахгүйгээр Монголын цаашдын оршин тогтнол тун эргэлзээтэй хэрэг юм. Чингэнэ гэвэл юун түрүүн Сибирь, Умарт Хятад л байна.
Харин сая таван зуун мянган ам км талбайд таран нүүх хагас сая малчдаа яах вэ? Тун ойрын хэдэн жилд бүх дэлхий утасгүй холбоонд орох гэж байна. Саяхан дэд бүтцийн хөгжлийн сайд Англи орж ирээд “Хэдхэн жилийн дараа манай малчид мобикомоор ярина” гээд байдаг нь оргүй хоосон үг биш юм. Бөмбөрцөг тэр чигээрээ хоорондоо сансраар холбогдох лут төсөл хэрэгжиж байхад асар уудам газрыг нь эзэлчихсэн Монголын агаарыг хоосон үлдээж ерөөсөө л цаанаасаа болохгүй байхгүй юу даа. Сайдыг нь сайн гэж байгаа ч юм биш, монголын малчидад хайртайдаа ч тэр биш, бид хүссэн хүсээгүй дэлхийн интеграцид хамаарч буй нь тэр.
Цахилгаан үүсгүүрийн хувьд манай малчид хүссэн нь, чадалтай нь өдийд энэ талаар айлтгүй болсон. Технологийн эрин үеийн гайхамшиг. Нарных, салхиных, шатахууных гэх мэт. Сургалт, боловсрол, соёл, урлаг, мэдээлэл? Мотор аваад нүүж болдог юм чинь жижиг компьютер юу байх вэ! Компьютергүйгээр амьдрал төсөөлөгдөхгүй тийм эрин үед бид амьдарч байна. Компьютер өөрөө дотроо утас, факс, кино, мэдээлэл, сургалт, өдөр тутмын сонин агуулаад байдаг боллоо. Бүх дэлхийн хүмүүсийг хооронд нь холбож байна. АНУ-д өнгөрсөн жилээс бүх сургалт компакт дисктэй давхар явдаг боллоо. АНУ-д шинээр гарсан юм монголын малчинд гурван жилийн дотор очдог болсон эрин үе. “Ардын эрх”,” Өнөөдөр” гэх мэтийн нилээд хэдэн сонин интернетээр хэдийнээ дамждаг болчихсон. Интернетэд холбогдох чадвар бүхий 486 гэгдэх компьютер өнөөдөр хэрэгцээнээс гарч, замынхаа зардлыг өөрсдөө даагаад даах хирээрээ аваад яв гээд өнөөдөр Хонг Конг, Сингапурт овоолоотойгоо байж байгаа. Маргааш бүр ч гоё юм болно. Ийм нөхцөлд Монголын малчдыг хямдхан компютержуулна, интернетжүүлнэ гэдэг үлгэр биш байхгүй юу даа. Тэр дундаа ойрын ирээдүйн төлөв ярьж байгаа болохоор энэ бол зөгнөл биш албадлага шахам юм. Эмнэлэгийн үйлчилгээг нисдэг тэргээр хийсэн нь гурван зуун суманд чанаргүй эмнэлэг тогтоон барьж байснаас хамаагүй хямдхан гэдэг дээр мөрийцөхөд ч бэлэн байна.
Б.Баабар /1997.06.11/