Интерполын Ерөнхий ассамблейн 91 дүгээр чуулга уулзалт Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райсийн урилгаар тус чуулга уулзалт болон Интерпол үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцов.
Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчид Интерполын Ерөнхий ассамблейн чуулга, уулзалтаар
-
“Олон улсын хэмжээнд тулгамдаж буй гэмт хэргийн заналхийлэл”
-
“Улаан булант зар мэдээ, оргодол этгээдийг эрэн сурвалжлах, түгээх зарын үнэ цэнэ, нөлөө, хэрэгжүүлэлт”
-
“Хулгайлагдсан эд хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон, санал бодлоо илэрхийллээ.
Чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райситай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Монгол Улсын ерөнхий прокурорын газар нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг хариуцан зохион байгуулах төв байгууллага болохын хувьд гадаад улсад оргон зайлсан этгээдийн байгаа газрыг олж тогтоон, шуурхай мэдээлэл солилцох, баривчлагдсан хүнийг гуравдагч улсаар дамжуулан шилжүүлэн авах ажиллагаанд тухайн улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад Интерполын дэмжлэг үзүүлэх, прокурор, мөрдөгч нарт зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах асуудлаар санал хэлэв.
Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райси уг арга хэмжээнд Ерөнхий прокурор оролцож байгаад талархал илэрхийлж, гаргасан саналыг хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Интерпол нь улс орнуудын мөрдөх байгууллагуудын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон улсын аюулгүй байдал, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм болон бусад бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг дэмждэг, ялангуяа гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүнийг хуулийн хариуцлага хүлээлгэхээр олон улсын түвшинд эрэн сурвалжлах, олж тогтоох, шилжүүлэх ажиллагаанд нэн чухал чиг үүрэг, ач холбогдолтой олон улсын байгууллага юм.
Тус байгууллага нь анх 1923 онд Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн комисс нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Монгол Улс 1991 онд гишүүнээр элссэн байна.
Өдгөө бүс нутгуудыг хариуцсан долоо, Үндэсний төв товчооноос бүрдэх 194 гишүүн оронтой, үйл ажиллагаа болон гишүүн орнуудынхаа цар хүрээгээр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дараа бичигддэг байгууллага болжээ.