НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой энэ сарын 10-нд тохиож, энэ үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг бямба гаригт зарлан хуралдуулсан.
Амралтын өдрөөр хуралдсан хүндэтгэлийн чуулган дээр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн нэг үгийг анхаарахгүй өнгөрөөж боломгүй. “Хүний эрхийг хамгаалах тогтолцоог авч үзэхдээ, хүний эрхийг хэн илүү зөрчих боломжтой вэ? гэдгийг авч үзэх ёстой. Хүний эрхийг хамгийн ихээр хязгаарладаг субьект нь төр өөрөө юм аа. Тиймээс төрийн эрх мэдлийг хуваарилах, хуулийг засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгөх ёстой” гээд Францын сэтгэгч Шарль Луи Монтескье-ийн хэлсэн үгнээс иш татсан байдаг юмаа.
Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөө хэрэгжихгүй. Шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй цагт эрх чөлөө үл оршино. Хэрвээ шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох үүд хаалга нээгдэнэ” гэж. Бараг шахуу 300 жилийн өмнө хэлсэн үг, тогтсон онол, зарчим. Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан төртэй, засагтай олонхи улс оронд бол аль эрт хэвшил, дадал болчихсон зүйл. Авчиг манай төр, засгийн хувьд сүүлийн 7-8 жил яг эсрэгээрээ явж байна. Ердөө ганцхан жишээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шүүхийн эсрэг хийж байгаа дайралт, өдөөн хатгалгууд. Зөвхөн үүнийхээ төлөө "Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, шүүхийн хараат бус байдалд халдсан" үндэслэлээр шууд огцрох ёстой. Манайхаас өөр, хууль засагладаг улс оронд бол шүү дээ.
Атал өнөөдөр нөгөө нөхөр чинь хууль бус үйл ажиллагаагаа хууль ёсны болгох гээд “Авилгын дагнасан шүүхтэй болно” гэж яриад, салбарынхаа сайдаар хууль өргөн бариулаад, соошлаар нөгөөхөө сэвээд, нийгэмд нөлөөлөгч гэгддэг нөхдүүдийг худалдаад авчихсан нийгмээ “буллидаж” байгаа. Авилгын хэргийг анхан шатны шүүхүүд шийдэж чадахгүй ээ, дээд шатных нь шүүхээр шүүлгэнэ ээ гээд. Нэг талаас АТГ-ын боосон хэргийг тусдаа шүүхээр оруулах юм байна. Товчхондоо Ерөнхий сайдын гар хөлний үзүүрт явдаг хувийн, “хонгилын” шүүхтэй болно гэсэн үг. Нөгөө талаар жирийн иргэдийн шүүхээр шүүлгэх (энд шүүхийн бүх шатыг оруулдаг болохыг анхаарна уу) эрхийг зөрчиж байгаа хэрэг. Одоо хэрэв УИХ нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр хоёрынхаа хуулийг батлаад өгчихвөл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр нь жинхэнээсээ шүүхтэйгээ нэгдлээ, шүүхийг хяналтандаа авлаа гэсэн үг.
Б.ЗАЯА