Дотоодын цэргийн 05-р ангид ангийн байлдагч арванхоёр дугаар сарын 9-ны өдөр буюу өчигдөр гурван давхараас унаж, хүнд бэртсэн байна.
Энэ асуудлаар өнөөдөр 05-р ангийн захирагчийн орлогч, Дэд хурандаа Д.Отгонбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Хугацаат цэргийн албаны байлдагч өглөө хоолонд орох үедээ халуураад байна гэх шалтгаанаар цэргийн байрандаа үлдсэн. Улмаар цэргийн байрныхаа зүүн хойд хэсэгт өндрөөс унасан байдалтай олдсон. Байлдагчийг олсон даруйдаа анхан шатны тусламж үзүүлж, Гэмтлийн согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд байна.
Болсон үйл явдлын талаарх камерын бичлэгт үлдсэн бодит мэдээллийг хүргэхэд тухайн хугацаат цэргийн алба хаагч нь цэргийн байрны гурван давхарт байрладаг. Мөн тус давхрын сургалтын танхимын цонхоор үсэрсэн нь камерын бичлэгээр тогтоогдсон" гэв.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд ба тус ангид Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэс, Дотоодын цэргийн штабын дотоод хяналтын хэлтсээс хамтарсан албаны шалгалтыг зохион байгуулж байгаа аж.