Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын тавдугаар буудалд есдүгээр сарын 21-ний өдөр 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам гарч яваад автомашинд мөргүүлж, улмаар нэг нь газар дээрээ нас барж, нэг нь хүнд гэмтэл авсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болж, шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодож яваад тус ослыг гаргасан 27 настай иргэнд 4.6 жилийн хорих ял оноосон байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.