Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар 81 улсын санал авч сонгогдлоо.
Тэрээр энэхүү олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол шүүгч болж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
1998 онд НҮБ-аас баталсан “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Статут”-ын дагуу байгуулагдсан байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага бөгөөд устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэдэг Олон улсын эрүүгийн шүүх Голланд улсын Гааг хотноо байрладаг байна.
Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчээс бүрдэх бөгөөд бүх шүүгчийг өөрийн чиг үүргээ байнгын үндсэн дээр биелүүлэх шүүхийн гишүүнээр сонгоно.
Оролцогч улсууд шүүгчдийг сонгохдоо дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцооны төлөөлөл, газар зүйн шударга төлөөлөл, шүүхийн бүрэлдэхүүний эрэгтэй ба эмэгтэй шүүгчдийн шударга төлөөлөл хангагдсан байх шаардлагыг анхааралдаа авч хэрэгжүүлдэг аж.