УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дахиад л “бөмбөг” тэслэв. Энэ удаагийнх нь илүү хоржоонтой.
Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор “авилгын дагнасан шүүх байгуулах” тухай Б.Энхбаяр сайдын хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг нь даваа гаригт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээгүй боловч Засгийн газар дэмжсэн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Байнгын хороонд яаралтай горимоор оруулж хэлэлцүүллээ.
Ингэхдээ “Авилгын дагнасан шүүх биш юм аа, буруу ойлгоод байна. Авилгын хэргийг анхан шатны шүүхээр шийддэгийг л болиулж байгаа юм. Анхан шатны шүүхэд чинь хулгай, танхай хоёроос өөр хэрэг шийдэж чаддаггүй, мэдлэг чадваргүй шүүгч нар байгаа учраас авилгын том сүлжээг илрүүлж чадахгүй, шийдэж чадахгүй байна” гэсэн явдал нь олон нийтийн илт дургүйг хүргэв.
Өөрөөр хэлбэл, Хууль зүй дотоод хэргийн сайд энэ үгээрээ нэгдүгээрт, иргэд бол мэдлэг боловсролгүй, чадваргүй шүүгчээр шүүлгэж, амьдралаараа хохирч байхдаа таарсан новшнууд. Авилга, албан тушаалын том хэргийг бол дээд шатны шүүх нь, мэргэшсэн том шүүгч нар шүүх ёстой гээд хэлчихлээ.
Хоёрдугаарт, авилгын хэргийг илрүүлэх чиг үүрэг нь мөрдөн шалгах байгууллага, Хууль зүйн сайд болон Ерөнхий сайд нарын харьяанд ажилладаг цагдаа, тагнуул, АТГ-т байдаг болохоос биш шүүх болон шүүгчид хэрэг илрүүлэх чиг үүрэг байхгүй. Харин илрүүлээд боогоод, баглаад ирсэн хэргийг нь хуулийн дагуу шийдэх л үүрэгтэй. Хэрэв авилгын хэргийг тусгай шүүхээр, дээд шатны шүүхээр шийднэ гэж байгаа бол МАН нөгөө “махны машин”-ынхаа эрэг шургийг л залгаж байна гэсэн үг. Цөөн хэдэн шүүгчийг гартаа оруулж, дарамталж байгаад дуртайгаа яллана, дуртайгаа аварна. “Хонгилын шүүх” гэж хамгийн их ярьдаг хүмүүс өөрсдийн шинэ хонгилтой л болно.
Атал ийм юмаа ч ялгаж мэдэхгүй, бичиг үсгийн наад захын боловсролгүй хоёр нөхөр орой нь “Монгол коммент”-оор “Одоо ёстой МАН-ы бүлгийнхэн энэ асуудлыг яаж шийдэхийг нь харья. Б.Энхбаяр сайдын хууль дээр хэн эсрэг санал өгөх үү, тэр жинхэнэ хулгайч шүү” энэ гэчихсэн шүлсээ үсэргээд сууж байна.
Тийм "хайр" байхгүй ээ, манай салбарынхаан! Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүх, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш байна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, “ард түмнийг ядарсан, боловсролгүй, ядуу шүүгч шүүнэ. Авилгачин хулгайчдыг боловсролтой, мөнгөтэй нь шүүнэ” гэсэн тийм хууль байхгүй.
Тийм болохоор Б.Энхбаяр сайдтан үнэхээр л авилгачдыг шүүхийн өмнө зогсооё гэж байгаа бол хэрэг мөрдөж байгаа байгууллагуудаа чадавхижуул. Болсон болоогүй, дутуу түүхий хэрэг боочихоод түүнийхээ бурууг шүүхэд, шүүгчид өгдөг байж болохгүй ээ л гээд байгаа юм.
МАН махны машин бүтээж байна, машиндаа өөрсдөө хэрчүүлэх цаг чинь удахгүй ирнэ шүү гэж олон хүн анхааруулдаг. Гэтэл тэр цаг нь ирчихсэн, эхэлчихсэн юм байна. Машины гарыг Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн атгаж байна. Тэр машинаас үсэрсэн цус Б.Энхбаяр гишүүн өөрөө боллоо.
Ядаж Х.Нямбаатар нь байсан бол яая гэх вэ, угийн боловсрол муутай, харанхуй хүнийг ойлгоно. Гэтэл захын нэг хувийн сургууль төгссөн, хар захын ченж шахуу нөхрийн хийгээгүй алдааг МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, мэргэшсэн хуульч хүн хийж болох уу? Энэ чинь нөгөө машиндаа "хэрчүүлсэн” хэрэг биз дээ. Ардын нам угаасаа л ямар мундаг профессионалийг авчираад яах ийхийн зуургүй хэн ч биш, хогийн тантан болгож чаддаг нам л даа.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)