Чээнжгүй махны баяр.
-Махыг чээнжгүйгээр зарж байна гэнэ ээ. Манай голоор л нэг яриа гэгчээр Улаанбаатар хотоор л нэг хөөрөлдөөн. Бас болоо ч үгүй “Өвлийн идэш-23” хэмээн томъёолсон нэртэй. Хээрийн сургууль хүртэл “Хааны эрэл”, “Тийм Спирит” энээ тэрээ гэсэн томъёолсон нэртэй байхад чээнжгүй мах тэр анзааны цолтой байлгүй ч яахав. Гол мээсэж нь хотынхондоо “чээнжгүй махыг малчны гараас авах боломж олгож байгаа” гэх.
Ингэснээрээ бид ёстой зах зээлийг ч юмуу, жинхэнэ шударга ёсыг, эсвэл үнэхээрийн ардчиллыг байгуулж байгаа бололтой юм аа. Бидний ухаарч байгаагаар бол “бараагаа үйлдвэрийн үнээр өгнө” гэгчээр махыг “малынхаа биед байгаа үнээр” нь зарж байгаа бололтой. Бараг л хонины өөрийнх нь санал болгосон үнэ юм шиг байгаа юм. Бүрлээч үхэр амь тавихынхаа өмнө “Намайг алах чинь ч тодорхой боллоо. Ядахнаа махыг минь ...(төд)-өөс илүүгүй үнээр өгчихөж үзээрэй” гэж гэрээсэлсэн ч юм уу?
Малчид нь малынхаа өөрт шингэсэн өртөг, нядалсан, төхөөрсөн, тээвэрлэсэн, хадгалсан зардлаа хасаад бөөний үнээр махаа борлуулж байж болно оо, болно. Үнэхээр ч тэгсэн, Австралийн фермэрүүд хонио хэт өссөн гэж үзээд үнэгүй бэлэглэж байгаагаас үлгэр авсан байхыг үгүйсгэмгүй.
Малчид “гүүд... найс... хорууш... хао ваа... браво... банзай... боловч зудаас өрсөн малаа борлуулах өөр арга, илүү боломж бишгүй л дээ, уул нь. Жишээлэхэд, “Хотноос ирээд авбал зах зээлийн үнээс 50 хувь хямдаар бөөндөнө”. “100 дээш хонь, арваас дээш үхэр авбал ингэж хямдрана”, “Гурван бяруу зах зээлийн үнээр авбал нэг нь үнэгүй” гэхчлэн зарлачихаад, өвөлжөө бууцаа бодоод үзэх хувилбар хэн нэгний санаанд орсон болов уу? Нийгмийн сүлжээ, фээсбүүк гэдэг сайхан юм байхад ингэж бичээд жаахан сэвүүлэхэд хотхоноороо л танай хот руу ухасхийж мэдэх. Гэхдээ энэ бүхэн нь өнөөдөрийн сэдэв биш учир орхие.
Хотод биечлэн ирээд мах зарж буй малчдын цаана “чээнж” гэдэг муухай юмтай бид ингэж тэмцэж байна гэдэг суртал нэвтрүүлэг яваад байгааг л эгдүүцээд байгаа юм. Зах зээлийн эдийн засаг, чөлөөт зах зээл гэж гэж гучин жил баадуурах мөртлөө түүнийхээ гол элементийг үзэн ядсаар ирсэн байх юм. Зах зээлийг хөгжүүлэнгээ чээнжийг буюу чөлөөт солилцооны механизмыг үзэн ядах нь урт наслах дуртай атлаа эрүүл мэндээ нэг нүдээрээ үзэхгүй байгаатай агаар нэг.
Чингисийн эсрэг Чингисийн удам.
Соёл иргэншлийн тулгын чулуу нь хөдөлмөрийн хуваарь. Нүүдэлчин малчид шиг бүхнийг өөрөө хийгээд өөртөө зориулахын эсрэг үзэгдэл. Хүн чаддагаа хийж, түүнийгээ бусдад зориулаад, үр шимээр нь өөрийгээ тэтгэх. Ингэсний хүчээр л төл бойжуулдаг нь малаа өсгөж, эрдэмтэн нь харьцангуй онолоо нээж, инженерүүд нь сансрын хөлөг бүтээх боломж гарсан бөлгөө.
Улмаар, тариагаа өөрөө зарах, торгоороо өөрөө дээл оёх, өндгөө, махаа хэрэгтэй хүнд нь аваачиж өгч идүүлэхээс тэднийг чээнжүүд буюу дундын зууч нар чөлөөлж. Тэд бол эдийн засгийн чөлөөлөгчид, зэх зээлийн “El Libertador” нар. Бүтээгчийг бүтээгчтэй холбох үүргийг тэд үүрснээр илүү дутуу юманд санаа зовохоос чөлөөлж, бүтээмжийг нэмжээ. Чээнж ингэж төрсөн юм.
Тогтоогоод авахад амар болгоод хураангуйлбаас: Иргэншил бол хөдөлмөрийн хуваарь, хөдөлмөрийн хуваарийн цусны эргэлт бол чээнжийн тогтолцоо. Чээнжийн систем бол эрүүл эдийн засгийн судас, түүнийг амьдруулан эргүүлэгч дэд бүтэц нь юм.
Бурхан чээнжүүдийг бүтээж хүн төрөлхтөнд бэлэглээд зогссонгүй, өөртөө ч нэгийг авсан байгаа юм. Аль шашинтан байг хамаагүй бүгд сүм хийд, хуврагуудаар хэмээх дундын зуучлагчаар дамжуулан Бурхантайгаа холбогдох бөлгөө.
Монголын Их гүрэн хяналтаа тогтоож байсан учраас “Торгоны зам”-ыг, нутгаар нь дайрдаг байснаас “Цайны зам”-ыг бид мэддэг. Тивээс, тивийн хооронд торго болоод цайг голлон зөөсөөр ийнхүүү алдар нь түгжээ.
Та нар бод доо. Торгоны замаар хүр хорхой үржүүлэгчид өөрснөө торгоо зөөгөөд л, Цайны замаар, жишээлэхэд Юнаны цай тариалагчид цувраад байсан гэж үү? Сар жилээр тийн явж гэмээнэ, хүр хорхой нь үхээд, цайны тариалан нь сүйрчихдэг юм байгаа биз дээ? Торгоны хорхой яаж үрждэгийг мэдэх албагүй чээнжүүд жингээ хөтөлж, цай юунаас гардгийг зөв төсөөлөх шаардлагагүй худалдаачид Хиагтаар дамжин аялж байлаа.
Чингэс хаан чухамдаа, чээнжүүдийг дэмждэг байснаараа алдаршсан юм. Дэлхий дахины ойлгодог Чингис хаан биднийхээс их өөр. Манайхны боддог шиг, Чингис хаан маань дайн сайн хийсэн, олон амьтны амь авсан, хот балгас түйвээснээрээ шүтэгдээд байгаа ч юм биш.
Бидний төсөөлдөг шиг цусаа цэвэршүүлсээр байгаад ойртуулчихсан нэгэн, хэнтэй ч санаа нийлдэггүй бөгөөд ямар ч найраагүй зөрүүд амьтан, арьс өнгөөр ялгаварлагч, нийгмийн гарлаар гадуурхагч байсангүй.
Түүний ялагдашгүйн нууц нь бидний төсөөлөл бүгдийн эсрэг талд байсанд оршино. Түүгээрээ ч хүн төрөлхтөнд дурсагдаж байгаа юм.
Дашрамд дурьдахад, баатар гэдэг ойлголт ч цагийн аясаар маш их хувирчээ. Биднийг байлдах баатарлах хоёрыг нэг утгаар ойлгосон хэвээрээ, “баатар” Жууковтоо мөргөсөөр явах зуур хорвоогийг баатрууд өөрчлөгдөж. Хүн төрөлхтөн баатар гэдэг ойлголтоо ч эргэн харах болсон нь ХХ зууны сүүл хагасаас эхтэй. Хичнээн их гавъяатай байвч аллага хүчирхийлэлтэй холбоотой бол зэнзийрхэн тойроод эхэлжээ
Та бүхэн ХХ зууны топ туурвигч Пол Жонсоны “Баатрууд” бүтээлийг санаж байгаа байх. (НЭПКО хэвлэлийн газраас хэдэн жилийн өмнө орчуулан түгээсэн дээ) Тэрбээр, хүний түүхэнд “баатар” хэмээн нэрлэгдэгсдийн жагсаалтад өөрийн шинжилгээг хийгээд “...Баатарлаг алуурчдыг шүтэх нь асуудалтай... Хүчирхийллийг магтан дуулдаг хүн тайван цагт ч сэтгэл түгшим уршигтай. Дайнч шинж давамгайлан шүтэгдэхийн хэрээр бусад сайн сайхан чанарууд уланд гишгэгдэн үлддэг” хэмээн сануулсан байдаг даа.
Тэгвэл Чингис хаан яагаад өнөөг хүртэл хүний түүхийн баатруудын тоонд орсоор явна вэ гэвэл, ийм учиртай. Тэрбээр давын өмнө чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжигч, олон улсын, тив дамнасан албан ёсны “чээнжийн тогтолцоо”-ны эцэг хэмээн хүндлэгддэг. Тухайн үеийн тэмдэглэлд “ Шөнөөр алтан таваг толгой дээр бариад Торгоны замаар явсан ч айх аюулгүй” хэмээн бичсэн нь чээнжүүдийн аюулгүй байдлыг хангасантай холбоотой. Тэр үед чээнж гэдэг нэр томъёо байгаагүй хэмээн мэтгэж болох ч худалдаачид мөнөөх алтан тавгаа авсан газрынхаа “үйлдвэрийн үнэ”-ээр зардаггүй байсан байгаа. Чингис хааныг тивээс тив, иргэншлээс иргэншил дамжсан чөлөөт худалдааг ивээлдээ авч дэмжснээр хүн төрөлхтнийг соёл, технологийн солилцоонд оруулж хөгжил дэвшилд хөтөлсөн хүн хэмээн түүхэнд оруулжээ.
Гэтэл, Чингис хааныхаа буянаар чөлөөт худалдааг дэмжигч үндэстэн гэж түүхнээ орсон Монголчууд өнөөдөр “Чээнжгүй махны баяр” мэтийг зохиосон шигээ суугаа нь наргиантайяа!
Түүнчлэн, Чингис хааны байгуулсан Монголын их гүрний хэрэгжүүлсэн шашны хүлцэл, төрийн албанд үндэс угсаа, нийгмийн гарал ялгаварлахгүй дэвшүүлэх зарчим зэрэг нь түүнийг цаг үргэлжид хүн төрөлхтөнд эерэгээр сануулж байдаг. Дайн хүчирхийллийг юугаар ч зөвтгөх аргагүй боловч тухайн үедээ улс төрийн бодлогын гол арга нь энэ байсан хийгээд үлдээсэн зөв сайн өв нь тэдгээрийг уучлах биш юмаа гэхэд мартагнуулах эрхтэй гэж үздэг. Харин бид хүн соёлт ертөнцөд уучлан мартагнадаг тэр хүчин зүйлийг л гол болгож хардаг.
Чээнжтэй хийж буй 106 жилийн дайн
Махны чээнжтэй тэмцэх нь шинэ юм биш ээ. 1911 онд тусгаар тогтнолоо зарласны дараахан л үүнтэй тэмцэж эхэлжээ. Улсын дээд хуралд “Нийслэл хүрээнд ирэх мал бусад зүйлийг зам тосон худалдан авч ашиг олохыг хориглох дүрмийн төсөл” хэлэлцээд яасан гэхээр өгсөн, авсан хоёрыг 60 хоног шоронд хорьж, наян ташуур жанчих хуулийг 106 жилийн тэртээ гаргаж байжээ. Одооны Засгийн газрыг болоход ч бас л чанга тэмцэж байжээ, чээнжүүдтэй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу хараахан орчихоогүй байсан боловч нүүдэлчний “өөрөө үйлдээд өөрөө хэрэглэдэг” эдийн засаглал нь жам ёсны зах зээлээс хэчнээн хол зүйл байсны илэрхийлэл харагдах ажгуу.
Харин БНМАУ-д төр нь чээнжийн үүргийг авсан юм. ХХ зууны ерээд оноос бид жам ёсны зах зээлд дэвшин орсон боловч төр өөрөө чээнжийн байр сууриа бүрэн тавьж өгсөнгүйгээс үүдэн “чээнж ч гэж чээнж, зах зээл ч гэж зах зээл” гэмээр нөхцөл үүсчээ. Төрсөөд байх юу байх билээ. Төрийн нэрээр чээнжийн үүрэг гүйцэтгэх нь тодорхой бүлэг хүмүүсийн хууль бус бизнэс болсон хэрэг.
Угаасаа ч , “Чээнж бол Бурханы бэлэг” гэдэг нь чээнж болгон, ялангуяа монгол чээнжүүд бүгдээрээ “Бурханы хүүхдүүд” гэсэн үг бас биш юм аа. Сүм нь ямар байна, лам нь тийм гэлээ гэгчээр хэрэглэгчээ дагаад чээнжийн мөн чанар өөрчлөгддөг. Монгол чээнж ч тийм.
Монгол хэрэглэгч худалдан авалтаас татгалзах замаар дургүйцэн эсэргүүцэх, чээнжүүдийн арга барилтай тэмцэхийн оронд төрийн зүгээс үнэ буулгах ямар нэг арга хэмжээ авахыг шаарддаг. Төр нь үүнийг уухайлан хүлээн аваад өөрөө чээнж хийнэ. Чээнжүүдийн дунд өрсөлдөөн байж байж эрүүл үнэ гарч ирэх ёстой. Гэтэл манай төр тийм бололцоо олгодоггүй. Жишээлэхэд, засгийн газар махны наймаанд оролцож, “нөөцийн мах” бэлтгэх гэхчлэнгийн эдийн засаг, хэвийн зах зээлийн эсрэг операци явуулж эхэлсэн нь эрүүл биш чээнжийн тогтолцоо бий болгосон билээ.
Татвар төлөгчдийн мөнгөнөөс зөрүүг нь нөхөх замаар махны үнийг хямдруулдаг учраас хэрэглэгчид чээнжүүдийн зардгаас хэд дахин өндөр “далд үнэ”-тэй мах хэрэглэнэ. Нөхөөсны хэмжээ болон хаана хэнд хэд хуваарилагдаж байгаа нь тодорхойгүй. Дугуйны нөхөөсны нэрээр бүтэн дугуй унагадаг ч юмс билүү ? Түүнийгээ зөвтгөхийн тулд чээнжүүдийг “хадны мангаа” болгон харуулах суртал нэвтрүүлэг арвинаар үйлдсээр ирсний нэг нь өдгөөгийн энэ малчдын чээнжгүй махны наймаа болой.
Ерөөсөө ч нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх эрэмбэтэй улс оронд төр нь “мах нөөцлөх” болон үнийг нь тогтоон барих операци хийх нь эрүүл бус төдийгүй, гэмт хэргийн шинжтэй, сэжиг бүхий үйлдэл. Хэрвээ “Нүүрсний сонсгол” энэ тэр шиг “Махны Сонсгоод”-ыг нь уншвал араас нь цөөнгүй гэмт хэрэг илрэх магадтай.
Төрөөс бизнест үзүүлэх хамгийн том дэмжлэг бол мөрөөр нь орхих гэдэг. Монгол төр махны бизнесийг зөнд орхивол жам ёсондоо орно. Манай УИХ-ын гишүүд нүүрсний хулгайд холбогдсон нь Монголын парламент муухай гэсэн үг болохоос ерөөсөө парламент муухай гэсэн үг биш. Чээнж ч тэр мэт.
Малчид өөрснөө махаа ачиж ирээд Улаанбаатарт зарах болсон баярлах юм огт бишээр барахгүй уул шугамандаа сэтгэл түгшээм үзэгдэл юм шүү. Соёлт ертөнцийнхэн харвал “Чээнжүүд нь ажил хаясан байна” гэж ойлгох байх.
Эцэст тэмдэглэхэд, чээнж бол хариуцлагын тогтолцоо. Цагаан сарын үеэр “Усаар хөөлгөж хөлдөөсөн ууц авсан. Чанасан чинь хагарсан шаар аятай хорчийгоод...” гэхчлэнгийн гомдол бишгүй гардаг. Хэрвээ, тодорхой лангуунаас ийм юм авсан бол тэр дэлгүүр, захыг тараангаа алдаж байгаа. Харамсалтай нь “Цэнхэр портер дээрээс авсан, хөдөөний дугаартай машин байсан” гэхээс өөр баримжаагүй үлдэх тул хувь заяандаа гомдоод хоцорч байгаа. Үүнийг л хэлээд байгаа юм.
Угаасаа ч, малчид нь өөрөө махаа авчирч зах зээлийн үнээс хямдаар зараад ашиг унагаах нь юу бол ? Мах бэлтгэсэн, тээвэрлэсэн зардлаа яах вэ? Бас нийслэл ч зах зээлийн үнээс хямд махаар дүүрэх нь хэр магадтай бол?
Гэхдээ яахав дээ, жам ёсыг ойлгоход тустай хичээл болох буйз аа.
Б.Цэнддоо /baabar.mn/