Сүүлийн цөөхөн хоногт АН-д хоёрын зэрэг дарга шинээр томилогдов. НИТХ-ын төлөөлөгч Д.Батцогт Нийслэлийн АН-ын хорооны гишүүдийн олонхийн саналыг авч, Нийслэлийн намын даргаар сонгогдсон бол АН-ын дэд даргаар ажиллаж байсан (өнгөрөгч наймдугаар сард болсон ҮБХ-ны хурлаас сонгогдсон) Э.Одбаяр гэдэг залуу АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу “генсек”-ийн үүргийг хүлээж авчээ. Аль аль нь наяад оны залуус юм байна.
Үүнтэй зэрэгцээд хоёр залуу даргыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн, С.Эрдэнэтэй ойр ажиллаж байсан, АН эргээд Х.Баттулгын хөлийн жийрэг боллоо... гэх мэт мэдээллийг зарим хэвлэл, соошлаар явуулж эхэлжээ. Үүнийг манай сэтгүүлч нар, соошил инфлүүзерүүд АН-ын ирээдүй, хувь заяа болон ирэх жилүүдэд Монголын улс төрийн амьдралд ямархан чухал үүрэгтэй талаар эргэцүүлсэн, боловсон хүчний хувьд зөв зүйтэй бодлоготой яваасай гэний үндсэн дээр өөр өөрсдийн хэмжээнд анхаарал тавьж, санаагаа чилээж буй үйлдэл юм хэмээн үнэллээ.
Гэвч Л.Гантөмөр гэдэг хүний хувьд өнгөрөгч нэгдүгээр сард болсон ҮБХ-ны хурал, намын Их хурлаар намын даргын үүрэгт ажлыг хүлээж авсныхаа дараа хэлсэн нэг үг бий. Үүнээс хойш, түүнээс цааш АН арагшаа ухарсан бодлого явуулахгүй ээ, ах нарын үүсгэсэн талцал, хагарлыг үргэлжлүүлэхгүй ээ. Намын гишүүд нэгдмэл бодлоготой, үзэл баримтлал, үнэт зүйлтэй явна аа. Хувийн хэвшлээ дэмжинэ ээ, төрийн дарамт, татварын ачааллыг бууруулна аа, зах зээлийн эдийн засгийг сонгодог утгаар нь авч явна, иргэдээ өмч хөрөнгөтэй болгоно, энэ бол АН-ын бодлого юмаа л гэсэн.
Энэ бодлогын дор нэгдсэн, нэгдэх хүмүүс нь өөрсдөө сонголтоо хийгээд Л.Гантөмөрийг дэмжиж намын дарга болгосон байх. Харин нэгэнт улс төрөөс явсан, үеэ өнгөрөөсөн, намаа хагалсан, задалсан, түүнийхээ хариуцлагыг хүлээгээд явсан хүмүүсийн сүүдрийг шинэ залуу үе дээрээ тусгамааргүй байна. Л.Гантөмөр даргын хувьд ч тийм байх. Хэрвээ Л.Гантөмөр тэднийг “Аа, чи муу Женко” гээд өш хонзонгийн нүдээр харвал тэр хүмүүс Женко руугаа л явна,С.Эрдэнэ юмаа гэж харвал С.Эрдэнэ лүүгээ л явна. Намын дарга хүн ийм алдаа хийх эрхгүй. Тэргүй тэргүй АН чинь өөрөө Л.Гантөмөрийг ирэхээс өмнө үүссэн таван намын нэгдэл. Тэднийг задлах биш, эвлүүлж нэгтгэх нь энэ хүний бодлого, ажил хэрэг байх аа.
Арай өөр бас нэг үг бий. (Гэхдээ тэр үгний хэрэг огт гарахгүй байгаасай), “Найз нөхдөөсөө битгий холд, дайснаа илүү ойр байлга” гэдэг. Энэ талаас нь харсан ч Л.Гантөмөр гэдэг хүн хажуудаа авах ёстой хүнээ л авсан байна. Намын “генсек” гэдэг хүнийг зөвхөн намын дарга эрх мэдлээрээ шийддэг. Тийм болохоор хийсэн сонголт, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөр хэнтэй ч хуваалцахгүй.
Б.ЗАЯА