Зэвсэгт хүчний 326-р ангид хугацаат цэргийн алба хаагч учир битүүлгээр нас барсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлжээ.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнгээр тухайн ангийн албан тушаалтнуудад арга хэмжээ авах юм байна.
ЗХЖШ-ын харъяа 120-р цэргийн ангид алба хааж байсан цэрэг битүү гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа юм. Уг асуудлыг цагдаагийн байгууллага бүртгэлдээ авч шалгахаар болсон байна.