Хотын дарга Х.Нямбаатар томилогдсоныхоо дараа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулахдаа "Хотын төвийг төлбөртэй бүс болгож, төлбөртэй бүсээс 800 м-ийн зайд төлбөргүй зогсоолууд байгуулна" хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан дууссаны дараа хотын дарга "Иргэд энэ шийдвэрийг дэмжээгүй учраас саналаа татсан" гэв.
Мөн иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах тухай асуудал огт яригдаагүй. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн өдрийн 1000 төгрөгийн картаар зорчдог болно гэв.
Х.Нямбаатар:
-2014 онд НИТХ-аар баталсан "машинт цагийн тогтоол" гэж байгаа. Тухайн автобус үйлчилгээнд хэдэн цаг явснаар нь тооцож, нийслэлээс татаас өгдөг. Хүн тоолдоггүй. Үүнийг өөрчилье гэж ярьж байгаа. Цагдаагийн байгууллагын ажилтан, өндөр настан, хүүхдүүд, донорууд үнэ төлбөргүй зорчиж байгаа. Эдгээр иргэдийн картыг шинэчилж олгоно. Нэлээн том дүнтэй цахимын тендерийг НИТХ ирэх оны төсвийг баталсны маргааш залгах гэж байна. Тэр хүмүүсийг автобусаар зорчуулсных нь тоогоор санхүүжүүлэх шударга зарчмыг тогтооно. Өнөөдөр нийслэлийн иргэдийн 20 орчим хувь нь автобусаар зорчдог гэсэн тооцоо байна. Гэтэл бид нөгөө үнэгүй зорчдог хэсгийн мөнгийг жил болгон компаниудад өгөөд байгаа шүү дээ. Гэтэл зорчигчийн тоо ийм бага байна гэдэг чинь энэ хүмүүс өөр тээврийн хэрэгслийг сонгож байна гэсэн үг. Үүнийгээ тоолъё.
Үнэгүй зорчих тухай яриа байсан уу гэвэл байсан. Гэхдээ саналын хэмжээнд яригдаагүй. Харин эсрэгээрээ автобусаар нэг өдрийн турш 1000 төгрөгөөр картын системийг нэвтрүүлье, бүх төрлийн картын хэрэгсэл, төлбөр тооцооны бүх хэрэгслийг ашиглая гэдэг тооцоо судалгааг хийж байгаа. Үүн дээр үндэслээд нийтийн тээвэрт ажиллаж байгаа ажилтан ажиллагсад, жолооч нарын цалинг одоо байгаа түвшингээс нь ахиулах бодлого барьж байна.
-"Улаанбаатар смарт"-ын картыг ашиглах уу?
-Улаанбаатар смарт карт ямар ч тендергүйгээр нийслэлтэй гэрээ байгуулсан, бараг 30 жилийн хугацаатай байх шүү. Ийм юм дэлхий дээр байж болох уу?
Хоёрдугаарт нийслэлтэй нэг ч удаа тооцоо нийлээгүй. Гуравдугаарт бүх орж байгаа орлогын 10 хувийг ямар нэг болзол, нөхцөлгүйгээр авдаг. Дөрөвдүгээрт программ хөгжүүлэлт хийнэ гэсэн чиг үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй.
Тавдугаарт, төрийн байгууллагатай хамтарч байгаа ямар ч компани үндэсний аудитын байгууллагаар аудит хийлгэж байх ёстой. Аудит хийлгээгүй. Тийм учраас өнгөрсөн долоо хоногт би гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Илүү смарт, жинхэнэ ухаалаг нийтийн тээврийн төлбөр тооцооны системтэй болъё гэж байгаа. Нэг хүн нэг удаад 500 төгрөгөөр зорчдог байсан бол өдрийн 1000 төгрөгийн картын систем гаргая. 30 хоногийнх нь 30 мянган төгрөг, 1000 төгрөгөөр тухайн өдөртөө хэдэн ч удаа дамжиж сууж болно.
Мөн дээр нь нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг өөрчилнө. Шинэ автобуснууд ороод ирэхээр өдрийн 1300-1350 автобус гаргана. Одоогоор 950-980 байгаа. Тэгээд богинын рейсүүдийг хийнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Энэ хооронд бид программ хангамжаа шийднэ.