Төрийн албаны 2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалт маргааш орон даяар эхэлнэ. Улаанбаатар хотод ерөнхий шалгалт өгөхөөр 1594 хүн бүртгүүлсэн байна. Шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт 22-24 хүртлэх өдрүүдэд зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг хангаад байна гэж Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлжээ.
Төрийн албаны тухай хуулийн дагуу ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаан зохион байгуулах ёстой бөгөөд, энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн цахим бүртгэлийн хайлтын хэсэгт өөрийн регистрийн дугаарыг хийж, шалгалт өгөх хуваариа харах боломжтой.