Аргентинд сонгууль болж, Австрийн эдийн засгийн сургуулийг баримтлагч, либертари үзэлтэн Хавьер Милей тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Милей Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 55,7 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгууллаа.
Хуан Пероны үеэс социалист үзэл санаанд живсэн Аргентинд эдийн засаг дахь төрийн оролцоо гүнзгийрч, инфляцийн түвшин 100 хувийг давах нь хэвийн үзэгдэл болсноос жирийн иргэд нь чөлөөт зах зээлийн төлөөх нэр дэвшигч рүү арга буюу ханарчээ. Австрийн эдийн засгийн сургуулийг дэмжигч гэдгээ ил зарладаг Милей тасралтгүй 10 орчим жил улс төр хийхдээ Мюррей Ротбардын баруун жигүүрийн популист стратегийг бүрэн авч хэрэгжүүлжээ.
Зүүний үзэлт улстөрчид, төртэй хамсдаг томоохон бизнесменүүд, зүгээр сууж байгаад бусдынхаа хөдөлмөрийг шулдаг халамж хүртэгчид рүү хилэнтэйгээр довтолдогоороо тэр олонд алдаршсан. Социализм, интервенционизмтай тэмцэхийн тулд яг ингэ гэж Ротбард зааж үлдээсэн байдаг.
Эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэгч Милей Аргентины инфляцийн цорын ганц буруутан нь төв банк, үнийн хяналт нь хомсдолд хөтөлдөг, төрийн зохицуулалт нь монополийн эх үүсвэр гэх мэтчилэнгээр иргэдийг сэнхрүүлж байв. Милейн үлгэр жишээ авдаг эдийн засагчид нь Австрийн суут эдийн засагчид болох Людвиг фон Мизес болон Мюррей Ротбард нар юм.
Хавьер Милей нь соёлын хувьд консерватив үзэлтэн. Соёлын марксизмыг буюу ЛГБТК+ үзэл, феминизм, ногоон социализм зэргийг хурцаар эсэргүүцдэг. Соёлын марксист Ромын пап ламтай шөргөөцөлдөөд авсан нь түүний дайснуудын тоог олноор нэмсэн. Милейн эдийн засгийн либертари, соёлын консерватив үзэл баримтлалыг палео-либертаризм хэмээн нэрлэдэг. Төрснөөсөө хойш байнгын ядууралд амьдарсан залуучууд бол Милейн сонгогчдын гол суурь. Либертари үзэл нь баячуудын үзэл биш гэдгийн, либертаризм нь чөлөөт зах зээлийн үзэл гэдгийн нотолгой энэ.
Милейн тэргүүлсэн La Libertad Avanza эвслийн, Либертари Намын мөрийн хөтөлбөрийг танилцуулъя.
Эдийн засгийн хөтөлбөр нь 3 үе шаттай:
Эхнийх нь засгийн газрын төсвийг танах, татварыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, гаалийн татвар, квот зэрэг чөлөөт худалдааг хорьсон арга хэмжээнүүдийг үгүй болгох, төв банкийг мөнгө хэвлэхийг нь болиулж, цаашлаад татан буулгах.
Хоёр дахь үе шат нь нийгмийн даатгалыг хувийн хэвшилд шилжүүлж, халамжийг бууруулах.
Гурав дахь үе шат нь төрийн боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог хувьд гаргах юм.
Бид ч гэсэн элбэг хангалуун, ёс зүйт нийгэмд амьдаръя гэвэл жинхэнэ чөлөөт зах зээлийн замаар замнах ёстой. Өрнөдөд ноёлж буй эдийн засаг дахь төрийн оролцооны систем, тэгшитгэх үзэл, ёс суртахууны самуурлыг дуурайсаар, хуулбарласаар байж болохгүй. Монгол улс чөлөөт зах зээлийн замаар явахын тулд инфляци заавал 100 хувийг давах шаардлагагүй.
@Amartuvshin Dorj