Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч (БЭТ) Ж.Ганбат Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 71 ажилтныг халсан талаар халагдсан хүмүүсийн төлөөлөл МҮЭХ-ны байранд өнөөдөр мэдээлэл хийлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудын эрхийг хязгаарлаж, үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн шатанд байх зуурт компанийн 800 гаруй ажилтны эрх ашиг зөрчигдөж байгааг хэвлэлийн бага хурлаар онцлов.
Эрчим хүч, Геологи уул уурхайн ҮЭХ-ны төлөөлөгч:
-"Засгийн газраас БЭТ Ж.Ганбатыг хүчин төгөлдөр мөрдөгдөж БНМАУ-ын хуулийн дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр томилсон. 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Засгийн газраас тогтоол гаргаж дахин сунгасан. Цаашдаа дахин БЭТ-өөр ирэх магадлалтай байна.
Засгийн газраас БЭТ-д валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой арга авч хэрэгжүүл гэсэн чиглэл өгсөн. Гэтэл БЭТ нь хуульд заагаагүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
БЭТ томилогдсоноос хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилтнуудын эрхийг хүндэтгэх, хуулийн хүрээнд харилцах асуудлыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуульд байгууллагын удирдлага солигдсоноор ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг дордуулах эрх байхгүй. Тодорхой хуулиуд хоорондоо зөрчилдвөл ажилтанд аль таатай нөхцөлөөр нь авч үзнэ хэмээн заасан байдаг.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 800 гаруй ажилтнаас нийт 71 хүнийг халсан. Энэ хүмүүс Б.Ганхуяг болон Т.Аюурсайхан нартай хамаарал биш. Зөвхөн цалингаа аваад явж буй ажилчид юм.
Цалингаа аваад амьдрал ахуйгаа тохинуулаад явж буй хүмүүсийг нотлогдохгүй байгаа зүйлээр яагаад эрхийг нь зөрчив. Ажлаас нь халлаа гэхэд нийгмийн асуудлыг нь яагаад шийдэхгүй байгаа юм.
БЭТ-ийн авч буй арга хэмжээ заавал хуульд нийцсэн байх ёстой. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ-ийн өмнөх гаргасан алдаа завхралыг засаж, иргэд хөдөлмөрчдийг хохироосон шийдвэрийг цуцлах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүргүүлж байна" гэв.
Монгол Улсын хуулиар ажилд орсон боловч БНМАУ-ын хуулиар ажлаас халагдаж байна"
Мөн уг асуудлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас халагдсан ажилчид байр сууриа илэрхийллээ.
Ажлаас халагдсан иргэдийн төлөөлөл:
-"2018 онд анх "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 1,072 хувьцааны мэдээллийн ажилтнаар орж байсан. Миний ажиллаж байсан алба татан буугдах асуудал үүссэн. Тухайн үед ажиллаж байсан таван хүнээс хоёрыг нь авч үлдээд, гурвыг нь халсан. Үүнийг танил тал, ялгаварлан гадуурхалт хэмээн хардаж байгаа.
Би 1991 оны онцгой дэглэм тогтоох БНМАУ-ын хуулиар үндэслэгдэн, ээлжийн амралттай байх үедээ халагдсан. Социалист дэглэмийн хуулиар шийтгүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулиараа ажилтнуудад 30 хоногийн өмнө мэдэгдэж, ажлын байр санал болгох ёстой.
Саяхан байнгын хорооны хурал дээр БЭТ хэлэхдээ "тэдгээр хүн санхүүгийн асуудалд орчихсон байсан" хэмээн мэдэгдсэн. Энэ нь бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудал юм. Хэрэв санхүүгийн зөрчилд орсон байсан бол нотлох хэрэгтэй. БЭТ валютын урсгалын сайжруулахаар ирсэн атал 71 ажилтныг халчхаад хүний нөөцийн механик асуудал үүсгэж дахин 100 гаруй хүнийг эргээд ажилд авсан.
Хүний нөөц дутагдсан бол бид бүхэнд яагаад ажлын санал тавиагүй юм. Анх Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар ажилд орсон боловч БНМАУ-ын хуулиар халагдаж байна. Бид хучин төгөлдөр байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар асуудлаа шийдүүлмээр байна" гэв.
Ажилчдад "өөрийн хүсэлтээр гарах уу, тушаалаар халагдах уу" гэдэг л сонголт өгсөн
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн инженер н.Энхмөнх:
-"Би уул уурхайн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд анхан шатны механикчаас инженер хүртэл ажилласан. 2023 оны гуравдугаар сарын 9-нд ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас халагдах тушаалыг уурхайн ажлын байранд танилцуулсан. Яг яаж хариуцлагагүй хандсан юм бэ гэхэд хариу тайлбар өгөөгүй. Гэхдээ өөрийн хүсэлтээр үү, халагдах тушаалаар уу гэсэн сонголтыг өгсөн. Би ажилдаа хариуцлагагүй хандаагүй учраас халагдах тушаалыг сонгосон.
Үүний дараа Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрийн маргааныг үүсгэсэн. Тус маргаанаар иргэн н.Энхмөнх ажилдаа хариуцлагагүй хандаагүй, эргүүлэн албан тушаалд нь томилох, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлэн төлөх шийдвэр гарсан.
Шийдвэр гарсны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж миний тайлбарыг сонсохгүйгээр 1991 оны хуулийг барих нь зөв хэмээн компанийн талд шийдвэрийг гаргасан. Хариуцлага тооцох нотолгоогүй байхад 1991 оны хуулийг баримталж буйд гомдолтой байна" гэв.