Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал боллоо.
Энэ удаагийн хурлаар үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татвар (capital gain)-ын зохицуулалтын орчны талаар болон үүнтэй холбоотой олон улсын туршлагын талаар хэлэлцэхийн зэрэгцээ МУИС-ийн судлаач багш нарын энэ хүрээнд хийсэн судалгааны үр дүнтэй танилцлаа.
Мөн “Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси” ХХК санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаагаа энэ үеэр танилцуулав. Тус компанид “Санхүүгийн чадавхын зэрэглэл тогтоох” тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд олгосноор дотоодын зэрэглэл тогтоох анхны байгууллага болсон. Зэрэглэл нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээлийн бүх оролцогчдын эрх ашгийг нэг цэгт төвлөрүүлдэг, бүх оролцогчдод хэрэглэх боломж олгодгоороо давуу талтай үйлчилгээ юм.
Зэрэглэл тогтоогч байгууллага нь хөрөнгө оруулагчдад зээлдэгчийн төлбөрийн эргэн төлөлтийн чадавхын талаарх мэдээллийг үнэн зөв өгөх зорилготой бөгөөд тухайн байгууллага/улс орон, эсвэл гаргаж буй бонд, өрийн бичигт зэрэглэл тогтоодог. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгж, байгууллагад өнгөрсөн хугацаанд хийсэн зээл, зээлжилтийн талаарх итгэмжлэл, санхүүгийн тайлан нь хэр зэрэг үндэслэлтэй байгааг харгалзан олгодог үнэлгээ юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадралаар ахлуулсан Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК болон МУИС, СЭЗИС, салбарын мэргэжлийн холбоодын удирдлагууд, эрдэмтэн багш нар багтдаг хэмээн СЗХ-ноос мэдээллээ.