Оросын мэдэлд байсан “Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийг 2016 онд Монголкомпани худалдаж авав. Оросууд хэзээ ч бидэнд өгөхгүй байх даа гэж бодож байсан шүү дээ. Өмнө нь “Эрдэнэт”-ийн орлогын 51 хувь л бидэнд ногддог байсан бол одоо бүтнээрээ монголчуудынх. Энэ сайхан хэрэг биш гэж үү.
Гэвч үгүй ажээ. Ардын нам төрийн эрхэнд гараад үүнийг хулгай гэж үзэв. 2016 онд Засгийн газарт ажиллаж байсан АН-ын хэд дээр нэмээд 49 хувийг худалдаж авчирсан хувийн компанийнхныг гэмт хэрэгтэн гэдэг пропаганда явуулж, долоон жил нийгмийн шоронд цовдлов. Шүүхээр юу ч шийдэгдээгүй байхад шүү. Үнэхээр тэд хулгай хийсэн үү, үгүй юу гэдгийг тогтоох шүүх хурал одоо л болох гэж байна. Тэдэнд хулгайч гэдэг пайз зүүн олон нийтэд шидэж өгөөд тасчин хаясныхаа дараа шүүхийн тавцан дээр гаргаж тавих гэж байгаа нь энэ. Одоо тэдэнд ял өгөөд, гавлаад аваад явахад торох юмгүй болсон. “Ялыг нь багадуулчихлаа, жангаа ид, цаазал” гэж бархиран бахаа хангах хар масс хэдийнэ бий болсон.Тэдний харанхуй хүсэл дээр эрх баригчид танец эргэж, ирэх жил болох сонгуулийнхаа пиарыг даацтайхан эхлүүлэхээр төлөвлөж байгаа биз. Гэхдээ арай ч энэндээ тултал шүүх завхраагүй байлгүй гэж найдах л үлдэж байна. Үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байгаа бол шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Тэндээс ард олон үнэн худлыг хэний ч ятгалагагүйгээр өөрсдөө дэнслэх учиртай. Харин “Эрдэнэт”-ийн 49 хувь жинхэндээ хэний хулгай байв гэдгийг эргэцүүлэхийн тулд өнгөрсөн долоон жилийн туршид гарсан мэдээллүүдийг нягтлан үзэв.
“49 хувийн гавьяа”
2016 оны сонгууль болохоос ердөө нэг хоногийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол орон даяар нэгэн гэнэтийн мэдэгдэл хийлээ. Тэр “Оросын талд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс копораци” худалдаж авлаа. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч боллоо” хэмээн зарласан юм. Магнай тэнийлгэсэн ийм сайхан мэдээг монголчууд сонсоод Ардчилсан намыг шууд сонгочих юм шиг гэнэн бөгөөд гэгээн итгэлээр улс төрийн хожоо харсан л байх. Сонгуулиар өрсөлддөг улс төрийн намууд цөм адилхан ингэх байсан тул үүнийг нь буруутгах аргагүй.
Нөгөө талаар Монголын ирээдүйн хувь заяаг гэгээлгээр харж, эх орныхоо эрх ашгийг нэгт тавьдаг хэн ч Ч.Сайханбилэгийн оронд байсан бол ийм шийдвэр гаргана. Бодоод үз дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах түүхэнд ганц тохиох боломжийг Оросын талаас олгож. Гэхдээ тэр нь 12 хоногийн хугацаатай. Энэ хугацаанд амжиж бид мөнгө босгож авч чадахгүй бол “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголоос тэс өөр эзний гарт очих байлаа. Гэтэл дотоодынхоо зовлон, гачаалыг нуруундаа арай ядан үүрч яваа өр зээлэндээ баригдсан Монголын Засгийн газарт богино хугацаанд 1.1 их наяд төгрөг гаргах чадал байгаагүй. Энэ үед Монголын нэг компани “Бид мөнгө босгоод “Эрдэнэт”-ийн 49-ийг худалдаад авъя” гэж зоригтой дуугарч байхад тэнэг л биш бол хэн ч үгүй гэж хэлж чадахгүй. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг дээ. Тэгээд ч Монгол бол төр, хувийн хэвшил нь тэгш эрхтэй байхаар Үндсэн хуульдаа тунхагласан ардчилсан орон.
“Эрдэнэт”-ийн 49-ийг төр нь авна уу, хувь нь авна уу хамаагүй. Эцсийн дүндээ Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байвал ирээдүйд ирэх ашиг, орлого манайд л хэрэгтэй. Энэ том эрх ашгаа түрүүлж харсан учраас Ч.Сайханбилэгийн танхимхамтын шийдвэрээр тогтоол гаргаж, “Монголиан коппер корпрейшн” компанид 49 хувийг худалдаж авах эрхийг олгожээ. Үнэндээ ингэхээс ч өөр аргагүй, хугацаа байгаагүй. Сонгууль болох гээд УИХ-ын чуулган завсарлачихсан. УИХ-ын гишүүд нь бүгд тойрог руугаа давхилдчихсан үед тэднийг цуглуулж чуулган хуралдуулна гэдэг бэрх. Цугладаг юм аа гэхэд энэ асуудлыг хэлэлцэж хэрэлдэхийг нь хүлээж суух хугацааЭрдэнэтийн 49-д байгаагүй. Хувийн хэвшлийн компани нэгэнт мөнгөө босгоод ирж байхад “Хаанаас, хэнээс хулгай хийв чи” гээд тогоо руу нь өнгийж, тооцоо бодож суух цаг ч үлдээгүй биз. Үнэндээ хувийн хэвшил хаанаас мөнгө олсон нь бидэнд падлий ч үгүй шүү дээ. Ч.Сайханбилэгийн танхим УИХ-аар хэлэлцүүлэлгүй гаргасан шийдвэрийнхээ горыг амсч, хожмоо улс төрийн тавцанд “дүүжлүүлнэ” гэдгээ ч мэдэж байсан болов уу. Гэлээ ч энэ бүхнийг золионд гаргаж, өөрсдийн эрх ашгаа хойш тавьж, ямар ч байсан Эрдэнэтийг эх орондоо аваад ирье. Дараа нь учир нь олдоно, Их хурлаар зөв, буруугаа шүүлгэх цаг ирнэ гэж бодоо биз. Үнэхээр ч тэрүүгээр нь болсон. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 100 хувь Монголын төрийн өмч болчихсон байна. Тэр үед Ч.Сайханбилэгийн танхим хулчийсан бол юу болох байсан бол гэж бодож үзсэн үү. Ямартай ч “Эрдэнэт”-ийн ачаар ковидын хүнд хэцүү жилүүдэд монголчууд халаалт, ус дулааны мөнгөнд санаа зовохгүй амьдарч үзлээ. Энэ бол 49 хувийн гавьяа.
Үүнтэй яг адил нэг түүх АНУ-д бий. 1803 онд Напальеон дайны зардлаа дийлэхээ байчихсан хүнд үед байлаа. Үүнийг АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон овжин олж хараад, түүнтэй хэлэлцээ хийж, Луйзаннагийн газар нутгийг 15 сая долларын бондын өр тавьж худалдан авсан юм. Т.Жефферсон ийм шийдвэр гаргахдаа хуулиараа бол АНУ-ын Конгрессоор хэлэлцүүлэх ёстой байв. Гэвч Конгресст мэдэгдэлгүй шийдсэн учраас тухайн үедээ Т.Жефферсон буруутан болж, яг л өнөөдрийн Эрдэнэтийн 49 хувийнхан шиг чичлүүлж байжээ. Харин Т.Жефферсоны тэр үед гаргасан шийдвэрийг өнөөдрийн америкчууд магтан дуулаад ханахгүй байна. Түүний хууль зөрчин байж хийсэн наймаа өдгөө АНУ-ын газар нутгийг хоёр дахин томруулсан, эх орныхоо ирээдүйг бодсон түүхэн гавьяа болон үлджээ. Тиймээс Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан Ч.Сайханбилэг ба түүний нөхдийн шийдвэр өнөө биш юм гэхэд хожмоо алтаар үнэлэгдэх гавьяатай.
Шударга ёсны дээрэм
Ардын нам 2016 онд төрийн эрхэнд гарснаас хойш “шударгаёс” гэдэг үг моодонд орлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан “Шударгаёс” гэж цээжээдэлдэх энэ эрхмүүд Ленин, Муссолини, Гитлерийн сурталдаж байсантай яг адил шударга ёсыг ярьж эхлэв. Учир нь дэлхийд цуутай дарангуйлагчдын нийтлэг үнэн төрх бол хөрөнгөтнүүдийн эрхэлж байсан бүх бизнесийг төрийн өмчид хураан авч, нийгэмчилдэг. Үүндээ хулгайч нараас улсаа цэвэрлэж, шударга ёс тогтоож байна гэдэг гоё шошго зүүж орхино. Гэхдээ энэ халхавчийн ард тэд нуугдаж, нийгмийн баялгийг дахин хуваарилж, өөрсдөө хэмжээгүй баяждаг. Социализмын үеийн шүтээн болсон Ленин, Троцкий хоёр төрийн эрх мэдлээр дамжуулан төрийн өмчийг ашиглаж хувьдаа асар их ашиг олдог бизнесийн шинэ аргыг хүн төрөлхтний түүхэнд анх нэвтрүүлсэн гэдэг. Аргентины Ерөнхийлөгч Хуан Пэронбанк, тємєр зам, холбоо, эрчим хvч, зам харилцаа, даатгал, уул уурхай гээд бvгдийг нь хуу хаман улсын өмч болгож байж. Гэвч 1951 он гэхэд тэр улсынхаа бvх санг хоосолж дөнгөжээ. Улс нь дампуурлын ирмэгт тулаад ирэхийн цагт Пэронэнэ бүхэнд буруутан хайж, сөрөг хүчнийхэн, гадны хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийг дайсан болгож бүгдийг нь шоронд хийж ялладаг галзуурал руу шилжиж байв. Үүгээр далимдуулан өрсөлдөгчөө хэлмэгдүүлэн намнадаг жишиг тогтов. Дэлхийн хоёрдугаар дайны дараа колонийн систем задран унаж Африк, Зүүн өмнөд Азийн олон улс тусгаар тогтнолоо зарласан. Үүний дараа тэд газрын хэвлийн баялгийг төрийн өмчид хурааж авах шийдвэрийг толгой дараалан гаргаж байсан ч үр дүнд нь хэмжээгүй баян эрх мэдэлтнүүд, үгээгүй ядуу улс орон л үлдсэн юм.
Үүнтэй адил Л.Оюун-Эрдэнийн шударга ёс Монголын хувийн өмчүүдийг төрийн мэдэлд хураан авсаар байна. Дарханы төмөрлөг, Хөтөлийн Цемент, мөнөөх Эрдэнэтийн 49 хувь, Салхитын мөнгөний орд гээд эрх мэдэлтнүүдийн дахин хуваарилах “бялуу”-ны тоо нэмэгдсээр байна. Монголд шударга ёсны төлөө тэмцэл явагдаад байгаа юм биш. Монгол баялгийн хараал хүрчихээд байна. Баялгийн хараал хүрсэн тэр цагаас эхлэн янз бүрийн “шударга ёс” төрж, түүнийг дагасан улс төрийн бүлгүүд бий болсны илрэл энэ. Өнөөдрийн Монголын шударга ёс хувийн өмчийг дээрэмдэхийн тулд эхлээд политикийг гэмт хэрэг гэж үздэг. Танхимын зарчмаар шийдэгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, Эрдэнэтийн 49 хувь гээд Монголын ирээдүйн хөгжилд асар хэрэгтэй бодлогуудыг хулгай гэж зарлана. Энэ бодлогыг хэрэгжүүлж, гарын үсэг зурсан хүмүүсийг хулгайч гэж цоллоно. Дараа нь шоронд хийж амыг нь барина. Өмчийг нь дахин хуваарилж өөрсдөө хөрөнгөжинө. Хулгайчдаас эх орноо аварлаа гэдэг баатрын дүрээр сонгуульд орно. Ингэж олигархиуд сонгуульбүрдялж байна. Ялсан олигархиуд гарч ирээд төрийн эрх мэдлээр бизнес хийн улам бүр баяжиж байна. Төрөөс олсон мөнгөөрөө эргээд дараагийн сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авч байна. Ердөө л энэ цикль Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүдийн шударга ёсыг томъёолж байгааг цаг хугацаа хэтдээ нотолно. Үүний золиосонд хувийн хэвшил, хувийн өмч үрэгдэнэ. Үүнийг ухаарахгүйгээр алга ташин уухайлсаар байвал монголчуудыг Венесуэль, Шри-Ланкийн гунигт хувь заяа хүлээж буй нь гашуун үнэн.
Эрдэнэтийн 49-ийг хувийн компани худалдаж авахыг зөвшөөрсөн Ч.Сайханбилэгийн танхимын тогтоолыг хүчингүй болгож, Эрдэнэтийн 49 хувийг төрд авах МАН-ын Засгийн газрын 23 дугаар тогтоол нь бизнес эрхлэх эрх чөлөөнд ноцтой халдсан, Үндсэн хуулийг улайм цайм зөрчсөн үйлдэл боловч Үндсэн хуулийн Цэц үүнийг нь хаацайлсаар иржээ.
Тиймээс эрх баригчдын шударга ёс хүчээ авч, мөнгө их эргэлддэг бизнесийн салбаруудаа сэхлэн төрийн мэдэлд хураах ажиллагаа төгөлдөржсөөр байна. Тэд Эрдэнэтийн 49 хувийг төрд булааж авах шалтгаа тайлбарлахдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль зөрчиж, УИХ-д мэдэгдэлгүйгээр хувийн компанид давуу эрх олгосон гэж буруутгадаг. Мөн “Монголынзэскорпораци” нь 49 хувийг худалдаж авахдаа мөнгөө хууль бусаар босгосон гэж харддаг. Товчхон бөгөөд шулуухан хэлэхэд ердөө ийм шалтагтай. Гэвч үүний үнэн, худал нь шүүхээр тогтоогдоогүй байхад төр өмчийг нь булааж авсныг дээрэм гэхээс өөр юу гэх билээ. Эрдэнэтийн 49 хувь Оросын талд байхад Засгийн газар нь зулгуйддаг байсан атлаа үндэсний бизнесмэн нь аваад ирэхэд шууд булаагаад авчихаж байна. Монгол хүн өөр нэгэн монголынхоо нармайг нээхдээ аархуу байдгийн баталгаа энэ юм.
Төрийн өмч хэмээх дарга нарын “зууш”
Төрд очсон өмч эрх мэдэлтнүүдийг хэрхэн баяжуулдгийг батлах жишээ дүүрэн. Индонезийн ЕрөнхийлөгчСухарто 40 тэрбумдоллар, Филиппиний Ерөнхийлөгч Маркос долоон тэрбум доллар, Заирын Ерөнхийлөгч Мобуту 14 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө завшсан байдаг. Ливийн удирдагч Муаммар Каддафи бүр дээд амжилт тогтоосон. Тэр төрийн эргэлт хийж засгийн эрхэнд гараад улсынхаа бүх газрын тосыг төрийн өмчид хураан авсан. Төрийн өмч нэрээр үнэндээ өөрийн мэдэлд авсан хэрэг. Ливичуудын өөрсдийнх нь тооцоогоор 200 тэрбум доллартай тэнцэнэ гэгддэг юм билээ. Ерөнхийлөгч В.Путины багийнхан байна. Бизнесийнхнээс хураан авч төрийн өмчид шилжүүлсэн өмчүүдээ тонож, Европын орнуудадүнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй болсон тухай баримтууд олон бий. Тэгэхээр төрийн өмч гэдэг бол үнэндээ улстөрчид, дарга нарын өмч юм. Төрийн өмч хэзээ ч ард түмний өмч байдаггүй. Монгол Улсын өмчид байсан үйлдвэрүүд том улстөрчид, дарга нарын “өмч” байсаар ирснийг монголчууд бид сүүлийн 30 жил, Эрдэнэт үйлдвэрээс авахуулаад ханатлаа харсан. Төрийн өмч бол ард түмний өмч хэмээн бид л хөөрч сэнхэрдэг болохоос биш үнэндээ тэр бол үлгэр. Тийм юм бол та өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хаалгыг нь өшиглөж ороод “Алив энэ чинь миний өмч. Алтнаасаа надад өг” гээд хэлээд үздээ. Хаалга үүдээ нээгээд, хашгирсан үгийг чинь сонсох болов уу.
Монгол төр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байхдаа саалийн үнээгээ болгочихсон байсан тухай хэвлэл мэдээллээр бишгүй шуугидаг. Тэгвэл одоо 100 хувь Монгол төрийн мэдэлд ирсэн болохоор тонолтын хэмжээ далайц бүр ч даацтай болсон биз. Эрдэнэт үйлдвэр ковидын үед 600 тэрбумаар монголчуудын тог, цахилгааны төлбөрийг дааж байсан. Дарга нарын тансаглал, шахааг танахад л төсөвд төлдөг татвараасаа гадна ийм их ашигтай ажилладаг гэсэн үг. Тэгвэл өнөөдөр энэ мөнгийг төрийн дарга нар тонохгүй байгаа гэсэн баталгаа хаана байна вэ. Үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнэ сайд үүнийг ч шалгаж, шилэн болгох ёстой. Х.Бадамсүрэн гэдэг захирал байхдаа охиныхоо төлбөрийг Эрдэнэтээр төлүүлээд, баахан дарга нар нь зүүдэнд ч оромгүй их цалин мөнгөөр угжуулчихаад “дэлхийн хэмжээний үйлдвэрийн захирал энэ зэргийн цалин авалгүй яахав” гээд шүдээ чигчийлж суусан түүхтэй. Цаашлаад алтан жорлонд бааж, алтаар хучуулж суудаг тухай баримт сэлтүүд чбишгүй. Тэгээд зогсохгүй захын нэг аймгийн дарга Эрдэнэтийн даргад тушаал өгч, тэрийг, энийг ажилд ав гээд захирч тушааж суудаг гэнэ лээ. Тэр ч бүү хэл шударга ёс хэмээн хамгийн их хашгирдаг тэмцэгчид, дарга нар Эрдэнэт үйлдвэрт дугуй, бэлгэвч, 00-ын цаас шахаж гэдсээ хагартал баяжиж ирсэн шившигтэй жишээ хэвлэлээр нэг бий. Төрийн эрх мэдэл аль намд байна. Тэр нам өөрсдийн цүнх баригчдаа төрийн өмчит газрууд руу хэмжээгүй эрх мэдэлтэй даргаар томилдог жишигтэй. Төрд очсон өмч ингэж дарга нарын тонуулын уурхай болдог жамтай. Тиймээс Монголын төрийн өмчит компаниудын хөрөнгө ДНБ-ээсээ 12 хувиар илүү гарчихсан. Асар их өмч хөрөнгөтэй баян мөртөө дандаа алдагдалтай ажилладаг юм.
Уг нь Эрдэнэтийн 49 хувь төрд биш хувьдаа үлдсэн бол олигархиудын энэ увайгүй хулгай дээрэм, шахаа зогсох байлаа. 49 хувь нь хувьцаа болж ард иргэдэд ч тараагдаж мэдэхээр байлаа. Эрдэнэтийндансшилэн болох байлаа. Эрдэнэтийн зэсийн баялаг дуусаад ирэхэд яах вэ гэдэг хөгжлийн төлөвлөлт гарах байлаа. Харамсалтай нь шахааны бизненесээ алдахаас айсан бүдүүн дарга нар Эрдэнэтийн 49-ийг Монголдоо авч ирсэн хувийн хэвшил, энэ шийдвэрийг гаргасан, гарын үсэг зурсан хүмүүсээр туг тахиж, ирэх жилийн сонгуульд баатрын дүрээр орох нь тодорхой болж байх шиг байна. Үүнтэй зэрэгцүүлэн удахгүй Зоригийн хэргээр шинэ сенсааци дэгдээхээр зохиолоо биччихсэн биз. Ардын намын сонгуулийн тактик андашгүй энэ хэд л байдаг болсоор олон арван жилийг үзэж байна. Ингээд харахаар эзэндээ ирсэн Эрдэнэтийн 49 хувь үнэн хэрэгтээ хэний “хулгай” болсныг уншигч та бүхэн тунгаана биз ээ. МанайҮндсэнхуулиартөр, хувьиргэнальаль ньхуульшүүхийнөмнөтэгшэрхтэй. Нийгэмд үнэхээр шударга ёс тогтооё гэж байгаа бол нүүрс, ЖДҮ, ногоон автобус, шахмал түлшний хулгайчиддаа ч хариуцлага тооцох ёстой. Гэвч энэ бүх хулгайгаа хувийн өмчийг яллах дарангуйллаар халхавчилж байгаа нь өөрөө шударга бус юм. Өрөөсөнталын “шударга ёс” хэзээ ч амжилтад хүрч байгаагүйг Муаммар Кадафи, Саддам Хусейн, Чаушеский нарын төгсгөл хүн төрөлхтөнд харуулсныг Монголын шударга ёс тогтоогчид харах цаг нь иржээ.
Өдрийн сонин