Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хяналтын камерын бичлэгийг амиа алдсан цэргийн алба хаагч Д-гийн ар гэрийнхэнд үзүүлэхээр болсон. Цэргийн анги нийт 8 камертай юм байна. Харин талийгаачийн аав буяны ажил дууссаны дараа 20 хоногийн камер бичлэгийг үзсэн нь дээр гэж үзсэн тул түр татгалзсан байна.
Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхний мэдүүлгийг өглөө. Цагдаагийн байгууллагаас үзлэг буюу хяналтын камерын бичлэг үзлэг хийх ажиллагаанд оролцох боломжоор хангасан. Хохирогчийн талаас олон цаг шаардсан ажил учраас өнөөдөр бичлэг үзэхээс татгалзлаа. Гэхдээ хяналтын камерын бичлэгийг бүр үзэхээ болино гэсэн үг биш. Хэрэг шүүхэд шилжихийн өмнө бүх хавтаст хэрэгтэй танилцана. Хэргийн газрын үзлэг, холбогдох баримтууд авагдсан байгаа.
Өмгөөлөгчийн зүгээс есөн хүсэлт гаргасан. Ор хөнжил, өмсөж байсан хувцас, хумснаас шинжилгээ авах, гутал, хувцсыг хэрхэн эвхэж тавьсан зэрэг цаашдаа мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой ажлуудыг хийж гүйцэтгэх хүсэлтийг цагдаагийн байгууллагад тавилаа.
Хавтаст хэргийн баримт, холбогдох эд материалуудыг хадгалах, мөрдөгчийн зүгээс аюулгүй байлгах хүрээнд хүсэлтүүдээ тавиад гарч ирсэн.
Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн учраас талийгаачийн аав, хохирогчийн өмгөөлөгч миний бие хэргийн оролцогч болж байгаа. Хэргийн оролцогч болсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар ял эдлэх, эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог. Иймд өмгөөлөгчийн хувьд энэ хүрээд яриагаа өндөрлөхөөс өөр аргагүй.
Хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх үед нууц явагдах ёстой. Хэрэг шүүхийн шат руу шилжих үед нууц биш болно. Тэр хүртэл олж авсан бүх мэдээлэл, бичлэг, шүүх шинжилгээний дүгнэлтийг дэлгэвэл бид нар өөрсдөө хариуцлага хүлээнэ.
Бид хоёр сая камерын бичлэгийг үзэх үзлэгт оролцох байсан. Энэ үзлэг бараг 20 гаруй хоног үргэлжилнэ. Ажил явдалтай байгаа учраас бид нууцын баталгаанд гарын үсэг зурахаас татгалзаж, дараа нь холбогдох шатандаа бичлэгийг үзэхээр болсон" гэв.
Шүүх шинжилгээний дүгнэлт задлан хийснээс хойш 14 хоногийн дотор танилцуулагдах ёстой. Бид шүүх эмнэлгийн дүгнэлтийг харна. Батлан хамгаалахын сайдын хэлсэн мэдээлэл буюу шүүх шинжилгээний дүгнэлтийг урьдчилан хийсэн асуудал дээр хохирогчийн ар гэрээс гомдол гаргана.
Ар гэр нь уй гашуутай байна. Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байгаа учраас үүнд цензуртай хандаж, нягталж мэдээлээсэй. Талийгаачийн ээжийн биеийн байдал тааруу байгаа" гэлээ.