Гэрэл зургийг itoim.mn
“Би хотын ажил руу зоригтой, амбицтай, төлөвлөгөөтэй орсон”. Энэ бол Төрийн ордноос гарч УИХ-ын гишүүний алтнаас үнэтэй суудлаа буцааж тушаан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар очсон эрхмийн үг. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Монгол Улсын нийслэлд ийм л дайчин удирдагч дутаад байсан юм. Бид аврагдлаа. Гишгэх зайгүй гудамж, түгжрэл, бохир агаарт баяртай гэж хэлж болох нь ээ?
-Үгүй ээ, болохгүй?
-Яагаад?
-Яагаад гэвэл энэ бол Х.Нямбаатарын биш, одоогоос гурван жилийн өмнө Засаг дарга болж байсан Д.Сумъяабазарын мэдэгдэл.
Нийслэл рүү бяр хаваа амтлан дайрч орсон ажлаа тэрбээр чадаагүй. Эхний хоёр жилдээ гүүрэн тулгуурт LRT хөнгөн галт тэрэг байгуулна гэсэн хаанаас шүглэсэн юм бүү мэд, бидний толгой дээгүүр төмөр таржигнуулах хачин санаанд автаж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд Монгол Улсаар дахиад тэрбум долларын зээл авахуулах гэж дотоод, гадаадгүй хөөцөлдөөд тэр нь бүтэхгүй болмогц Улаабаатарыг автобусаар дүүргэх дараачийн төлөвлөгөөнд шилжсэн ч нэг мэдэхэд ногоон автобусны авлигын сүлжээний толгойд сууснаа гэнэт ухаарч бушуухан өргөдлөө өгч, хэцүү ажил юм байна хэмээн хэнгэнэтэл санаа алдаж, бас болоогүй, өмнөх Засаг даргаа нэг сайн матаж өгөөд (“...зүгээр байсан газрыг цуцалсан шийдвэр гаргасан шүү. 2020 оны 9-р сарын 30-ны өдөр. Энэ бол орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шийдвэр шүү. Энэн дээр та нар араас нь яваарай...”) огцрох нь тэр.
Одоо шинэ Засаг чадах уу? Юутай ч Сумъяабазараас дутахгүй бяраа гайхуулж 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй (энд таван жил суух нь!), давс мэт шорвог шийдвэр гаргаж Улаанбаатар хотыг ном журманд оруулна гэдгээ зарлаад хууль санаачлагч биш хэрнээ Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийнтөслүүдийг хэдхэн хоногт өргөн бариулж яаралтай горимоор хэлэлцүүлээд, түүнд нь эргэлзэх төдий дуугарсан УИХ-ын гишүүдийн өөдөөс хэдэрлээд сууж харагдав.
Шинэ дарга ингэж пээдийхээрээ, бас хэт бүлтрэхээрээ буруутаж эхэлдэг шүү. Х.Нямбаатар том дэлгэц дээр бүр том тоонууд үзүүлж гоё ярих тал дээр өмнөхөөсөө дутахгүй ажээ. Нийслэлийн өдөрт зориулсан мэндчилгээ нь хүртэл тийм байлаа. Төсөл, төлөвлөгөө агуу хэвээрээ, метро хүртэл багтсан, гэхдээ мөнгө байхгүй, гэхдээ Сумъяабазарын олж ирсэн гэх нүүрсийг зарах санаатай. Ёстой бүү мэд. Өмнөх Засаг дарга нар 2016 оноос иргэдээ Улаанбаатарын метрогоор баруун зүүнгүй зорчуулж, 2021 онд гэр хорооллын сүүлчийн хашааг алга ташилтан дунд нурааж, 2024 оны сонгуулийн санал хураалтын урд өдөр Яармагаас хотын төв рүү орж ирэх LRT галт тэрэгний хаалга нээгдэхийг амлаж байсан билээ. Харин бид, тэнэгүүд, итгэж байсан гээч!
Шинэ Засаг даргын хамгийн их бужигнуулсан мэдэгдэл нь хотын төвийг төлбөртэй бүс болгох тухай байв. Тэгвэл түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж амалсан. Цээжний пангаар хийсэн тооцоо биз. Бүтэхгүй ээ. Бөөн хэрүүл уруул дунд 30 хувь буурах гэсээр байтал Улаанбаатарын төвд ашиглалтанд орж байгаа, барьж байгаа, газраа хашаалсан барилгууд, “Чингэс” зочид буудлын араар ороож Сэлбийг эмжсэн “Хурд”-ын орон сууцны бүхэл бүтэн хороолол, нөгөө эрэгт Залуучуудын соёлын төв дээрээс өнгийсөн аварга дөрвөлжингүүд, хуучны гурав, дөрвөн давхруудыг ганц нэгээр түүж буулгаад оронд нь гозойлгож байгаа арав, хорин давхар офис, сууцнууд түгжрэлийг буцаагаад 30 байтугай хувиар нэмэгдүүлэх шүү дээ!
Х.Нямбаатар одоо хууль баталдаг биш, биелүүлдэг хүн болсон юмсан. Яг үнэндээ Улаанбаатар хотыг яаж зөв төлөвлөж, хэрхэн хэрэгжүүлэхийг заасан хууль, журам, дүрэм, норм, стандарт хангалттай буй. Тэнд зай завсаргүй газар олго, нийтийн эзэмшлийн газар, тоглоомын талбайг булааж барилгын бариул, автомашины зогсоолгүй, 30 хувийн зүлэг модгүй, айлын цонх халхалж бусдын нар харах эрхийг боосон барилгын зөвшөөрөл олго, хуучны барилга байшинг дур зоргоороо буулгуул, голын даланг өөрчилж дотор нь барилга босгуул гэсэн ширхэг ч зүйл, заалт, үг өгүүлбэр байгаагүй, одоо ч байхгүй.
Бид Ерөнхийлөгчийг сонгодог хэрнээ Засаг даргаа сонгодоггүй ч захиа даалгавар өгье. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй, Нямбаатар хэдий ухаантай, бас эрх мэдэлтэй ч ... ажил ихтэй учраас анзаараагүй байж магадгүй.
Нэг.
Нийслэлийн төв хэсэгт яг одоо бариулж байгаа болон удахгүй эхлүүлэх бүх барилгын зөвшөөрлийг цуцлах. Үгүй гэвэл тэдгээр барилгуудын аль аль нь Монгол Улсын газар, хот төлөвлөлт, барилгын норм, стандартад нийцсэн болохыг жагсаалтаар зарлаж, хал балгүй үргэлжлүүлэх боломжийг олгох. Тийм барилга нэг ч олдохгүй байх. Хоёр хоногийн өмнө Засаг дарга Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд очиж тэнд босох 20 давхар барилгын ажлыг зогсооно гэдгээ мэдэгдсэн бол яг адилхан хууль журам зөрчсөн “Гурван гал”-ын дэргэд, “Сарны титэм”-ын урд, Монголын хөрөнгийн биржийн баруун талд, Ус, цаг уурын замын баруун талд ... гэх мэт дараачийн барилгуудыг яах бол?
Хоёр.
Хэрвээ тухайн барилга нэгэнт баригдаад эхэлсэн, зай талбай нь норм стандартад нийцсэн бол өндрийг жишээлбэл 5 давхраас хэтрэхгүй байхаар хязгаарлах.
Гурав.
Улаанбаатарт хамаг хууль ёсыг зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай, орон зайг булааж, замын хөдөлгөөнд новшийн саад болоод зогсохгүй эмх цэгцийг эвдсэн нь дэндүү ил хэдэн барилгыг буулгах, шууд буулгахгүй бол яриа мэтгэлцээн өрнүүлэх, сонсох ажиллагаа явуулах, тухайн барилгаас учирч буй хохирлын нөхөн төлбөр, татвар, шийтгэлийг бодож олох. Жишээлбэл,
•Олимпийн гүүрнээс урагш явах замыг багалзуурдуулж Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуйн босгосон “Home Plaza” гэгдэх худалдаа, үйлчилгээний төвийн барилга.
•Сүхбаатарын талбайгаас Энхтайвны гүүрний зүгт Чингэсийн өргөн чөлөөг хаагаад олон жил ердойж байгаа International Commerce Center нэртэй 30 орчим давхар барилгын каркас.
•Нийслэлийн түгжрэлийн гол цэг - 120 мянгатын гүүрэн гарцны хажууд хөндөлсөн боссон 17 давхар барилга. Гэх мэт.
Дөрөв.
“Авлига” хорооллын орон сууцны дөрвөн барилгыг буулгаж, ард нь нуугдсан “Усан парк” гэгчийг зогсоож Дунд голыг бүрэн чөлөөлөх. Хотын дундуур урсдаг ганц голыг барилга байшин, цэвэр, бохирын шугам хоолойгоор дүүргэнэ гэдэг бол хууль ёсыг уландаа гишгиж, дээрээс нь “май чи” хэмээн дэвслэн, үүгээрээ та биднийг доромжилж буй хэрэг.
Тав.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын XX зууны бүтээн байгуулалтын өв болсон төв хэсэг, Их, Бага тойруугийн түүхэн дүр төрхийг хадгалж, хамгийн сүүлчийн хэдхэн барилга, хагас дутуу гудамжийг авч үлдэх, сэргээн босгох, элдэв гэмт хандлагаас хамгаалах. Харамсалтай нь Нийслэлийн шинэ Засаг даргын эцэс төгсгөлгүй олон мэдэгдэл дунд энэ сэдвээр ганц ч үг ч цухалзаагүй. Тэр ч бүү хэл, Урт цагааны түүхэн утга учир, үнэ цэнэ бүхий барилгыг буулгана гэж өөрөө дур зоргоороо шийдчихээд түүндээ тааруулсан санал асуулга явуулж олон нийтийг даапаалж байх юм.
Энэ хүн “Би чадна”-ийн жишгээр “Би мэднэ”-ийн замаар явахаар шийдсэн юм болов уу? Тэр чинь Сумъяабазарын зам шүү!
Д.Цэрэнжав /baabar.mn/