“Оюутны Оскар” буюу “Student Academy Awards” олон улсын оюутны кино наадмын баримтат киноны төрөлд алтан медаль хүртсэн “Нүүдэлчдийн өрхийн эмч” киноны найруулагч Бирагийн Марттай ярилцлаа. Тэрээр Лондон хотод амьдардаг учир бид түүнтэй онлайнаар холбогдсон юм.
Кино наадмаас ирээд удаагүй, аян замын алжаал, нойрны зөрүү нь ч гарч амжаагүй тэрбээр Английн нэр хүндтэй олон хэвлэл мэдээллийнхний ярилцлагын захиалгад дарагдчихаад байгаа аж.
“Би бүгдэд нь ярилцлага өгнө. Яагаад гэхээр, энэ бол эх орноо сурталчлах том боломж” гэж тэр хэлсэн юм.
Б.Март Говьсүмбэр аймаг буюу Чойрын 10 жилийн дунд сургууль, МУИС-ийн Түүхийн анги, мөн 1998 онд Радио телевизийн дээд сургуулийг анх байгуулахад Телевизийн найруулагч мэргэжлээр суралцсан анхны төгсөгчийн нэг бөгөөд Монголын нэрт найруулагч, УГЗ, УДЭТ-ын Ерөнхий найруулагч агсан Б.Баатарын анхны шавь юм.
Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Соёл урлагийн редакцид найруулагчаар ажиллаж байгаад Лондон явснаас хойш 10 гаруй жил болж байгаа аж.
Б.Март Лондонд ирээд удалгүй /2009 онд/ Их Британи төдийгүй Европт анхны Монголчуудын соёлын төвийг байгуулсан.
“Нүүдэлчдийн өрхийн эмч” бол Б.Мартын Их Британийн Хертфордшир их сургуулийн Кино, Телевизийн урлагаар мастерын зэрэг хамгаалсан бүтээл нь юм.
Энэ кино өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Холливудын Олон улсын Баримтат кино наадмаас Оюутны шилдэг бүтээлийн шагнал, Хьюстоны 51 дэх олон улсын кино наадмын “Платиниум” буюу мөн л шилдэг шагналыг эзэндээ атгуулснаас гадна Каннын кино наадмын дэлгэцнээ гарч, Канадын Монт Реалын 45 дахь Оюутны кино наадамд түрүүлсэн билээ.
- “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино “Холливуд”-ын шагналаар “салхиа хагалсан”-аас хойш нэр хүндтэй олон шагналыг таньд авчирч байна. Хамгийн сүүлд гэхэд Дэлхийн урлагийн 400 гаруй сургуулийн 1600 оюутны бүтээлийг өрсөлдүүлсэн “Student Academy Awards” олон улсын оюутны кино наадмын баримтат киноны төрөлд алтан медаль хүртсэн. Ингэж амжилттай яваагийн гол нууц нь юунд байгаа юм бол?
Анхнаасаа энэ киног хийхдээ би, “Миний мастерын оюутны бүтээл шүү” гэж бодоогүй. Үүнийг би олон улсын уралдаан, тэмцээнүүдэд оруулна, олон улсын телевиз, кинотеатруудаар гаргана гэсэн маш том хүсэл, амбицтайгаар хийсэн.
Энэ кино яагаад ийм амжилттай байна вэ, кино наадмын шүүгчид юуг нь харж үнэлээд байна вэ гэхээр, Монголын нүүдэлчин ахуйг харуулсан бүтээл урьд нь өрсөлдөж байгаагүйтэй холбоотой. Тэд киноны маань гол дүрийг “Super woman” гэж нэрлэсэн. “Ийм олон төрлийн мэргэжил эзэмшиж чадсан, ийм гайхамшигтай хүний түүхийг үзүүлсэнд талархаж байна” гэдэг үгийг их олон хүн надад хэлсэн дээ.
Өөрөөр хэлбэл, Монголын нүүдэлчин ахуй соёл, тал нутгийн минь байгаль, энд амьдарч байгаа эгэл жирийн гайхалтай мундаг хүмүүсийн амьдрал энэ киног хол явахад нөлөөлж байгаа байх.
Яахав, бидэнд бол өөрсдийн маань ахуй тийм сонин биш байж болно л доо. Харин би Европт 10 гаран жил амьдарч байгаа хүний хувьд энэ нийгэмд, энэ хүмүүст юуг, яаж үзүүлвэл хэрхэн хүлээж авахыг нэлээд тооцоолж байж киногоо хийсэн. Яг тэр бодсоноо үзүүлж чадсанд бас нууц нь байгаа юм болов уу.
- Та сүүлийн хэдэн сарыг киноныхоо шагналыг гардаж авах ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн хүлээн авалт гээд тун ч завгүй өнгөрүүлж байх шиг харагдсан. Энэ кино таньд эдгээр өдрүүдэд ямар гайхамшгуудыг үзүүлэв?
Дэлхий намайг Б. Март гэдэг нэрээр минь мэдэхгүй, тэгж харах ч үгүй. Харин “Энэ монгол эмэгтэй явж байна, монголын бүтээл гарч байна” гэдэг. Би тэнд улсынхаа нэрийг гаргаж, улсынхаа соёлыг хүмүүст үзүүлж, улсаараа овоглож яваадаа үнэхээр аз жаргалтай байсан. Түүнээс гадна эх оронтой байна гэдэг, түүнийгээ дэлхийд үзүүлнэ гэдэг, үүгээрээ бахархана гэдэг ямар нарийн нандин зүйл байдаг юм гэдгийг би энэ киног гаргасан сүүлийн нэг жилийн хугацаанд үзлээ.
Хүн чинь баярлахаараа биеийнхээ жинг алдчихдаг юм байна шүү дээ, нисээд байгаа юм шиг /инээв/. Тийм гоё мэдрэмжтэйгээр сүүлийн нэг жил орчмыг өнгөрүүлж байна даа. Хүн зорьсон зүйлдээ хүрч чадна гэдэг ямар гайхалтай мэдрэмж болохыг би өөрийн биеэр мэдэрсэн өдрүүд байна.
- Энэ киног үзээд “Монголд заавал очиж үзнэ” гэж хэлсэн хүн хэр олон байв?
Хүн болгон, хүн болгон. Сонирхолтой нь, тэнд монголд очсон хүн маш цөөхөн байсан. Ганц, хоёрхон хүн л надад “Би монголд очиж үзсэн” гэж хэлж байсан.
Бүх хүн надад, “Ямар гоё юм бэ, баярлалаа. Бидний хэзээ ч очиж үзээгүй тэр орон зайд, ийм байдаг гэж төсөөлж ч байгаагүй тэр газарт биднийг авааччихлаа. Заавал монголд очиж үзнэ ээ” гэж байсан. Тэр нь гартаа атгасан шагналаас маань илүү том зүйл байлаа, миний хувьд.
- Монголчууд “Нүүдэлчдийн өрхийн эмч”-ийг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа байх?
“Хэзээ гаргах вэ?” гээд асуугаад л байна. Олон улсын кино наадмуудад явуулж байгаа учраас олон нийтэд үзүүлэх, сошиал орчинд тавих эрхгүй байгаа юм.
Хоёрдугаарт кино наадмуудад оруулаад дууссаны дараа эхний ээлжинд Европт хамгийн алдартай Франц, Германы, “АRTE” телевиз миний киног гаргах саналаа ирүүлчихсэн байгаа. Энэ мэтээр олон улсад л гаргах зорилготой байгаа. Сонирхуулахад Германы Франкфурт хотод байдаг “Mongolian Steppe” соёл урлагийн агентлагийн Захирал, Монголын Соёлын Элч Ц. Гэрлээ манай киноны Европ дахь борлуулалтыг хариуцаж байгаа.
Сая оюутны Оскарын дараа надад маш олон санал ирсэн. “Киног чинь үзүүлье, гаргая” гээд. Яг хаана нь өгөх вэ гэдгээ сайн шийдэж амжаагүй байна. Олон улсад зарахын тулд зохиогчийн эрх, өмгөөлөгч авна гэх мэт хуулийн хүрээний нарийн бичиг баримтууд үйлдэх шаардлагатай учир тэр ажилдаа шуурхайлаад орчихсон байна. Бас саяхан би монголд очиж киноныхоо нэмэлт зургуудыг авч ирсэн. Кино маань 30 гаруй минутын богино хэмжээнийх. Одоо бүрэн хэмжээний болгоод олон улсын кино театруудад үзүүлэх зорилготой байна. Тийм учраас “Төдийд монголд үзүүлнэ” гэж амлаж чадахгүй л байна. Яагаад гэхээр энэ киног хийхийн тулд бид асар их цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө зарсан.
- Бид гэж хэн бэ. Тэднийгээ танилцуулаач?
Мэдээж, киног хийсэн баг хамт олон маань. “Нүүдэлчдийн өрхийн эмч” киноны зураг авалтыг өнгөрсөн жил Дундговь аймгийн Өндөршил суманд хийсэн.
Миний хань Түвшинбатын Адьшаажав энэ киноны продюсер. Миний хадам аав А.Түвшинбат “Гоо марал”-ын шагналт Кино зураглаач хүн байсан юм. Хань маань аавынхаа ажиллаж байсан тэр туршлагатай зураглаач нарыг энэ кинонд ажиллуулахаар сонгосон. Ерөнхий зураглаачаар гадаад болон дотоодын маш олон баримтат кинонд ажилласан туршлагатай кино зураглаач, СТА Б.Лхагвадорж, олон жил кино үйлдвэрт ажилласан туршлагатай зураглаач СТА Б.Санжид, дууны оператор, СТА Н.Бямбацогт нараас гадна миний аав Ц.Бира жолоочоор, том охин Т.Хишигнэмэх маань орчуулагчаар ажилласан.
Би энэ киног монгол багаараа бүтээсэндээ үнэхээр баяртай байгаа. Монгол хүмүүс дэлхийн тавцанд гологдохгүй юм байна гэдгийг тэд маань харуулсан. Киноныхоо уран бүтээлчдийг, надад бүхий л сэтгэлээрээ тусалсан тэднийг хайрлахгүй байхын аргагүй.
Бас надаас таван төгрөгийн ч ашиг харалгүйгээр энэ киноны маань гол дүрийг бүтээсэн, мэргэжлээрээ 35 жил ажиллаж байгаа, дэлхийд монгол эмчийнхээ ур чадварыг таниулсан Д. Эрдэнэчулуун эмчийг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Би эдгээр хүмүүсийг шүтэж залбирч явдаг.
- Таны дараагийн зорилго юу байна. Төлөвлөчихсөн уран бүтээл бий байх?
Бодчихсон байлгүй яахав. Монгол ахуй соёлоо харуулсан цуврал хийх төлөвлөгөөтэй байгаа. Дараагийн баримтат киногоо хийхээр зохиол руугаа орчихсон.
- Ярилцлагын эхэнд таны хэлсэнчлэн энэ бол бидний дунд байж л байдаг сэдвүүд. Гэхдээ таниас өмнө уран бүтээлчид энэ өнцгийг хараад баримтат кино хийж олон улсын уралдаан тэмцээнд сойё гэж яагаад бодоогүй юм бол?
Олон улсын тавцанд гарна гэдэг зүгээр л нэг хэн дуртай нь “Би монголын кино найруулагч байна, ийм кино хийчихлээ” гэж үзүүлээд л гарчихдаг юм биш л дээ. Дэлхийн кино урлагийн үйлдвэрлэлийн систем, механизмыг ойлгох, үүнд орохын тулд энэ системийн онол практикийн мэдлэг боловсролыг эзэмших ёстой. Дэлхийн киноны зах зээлийн талаар мэдлэгтэй, туршлагатай байж тэр хүрээнд нь орох гэх мэт олон өндөр шаардлагатай л даа.
Тэр системийг ойлгоод, түүнд нь тохирсон түвшинд харж чаддаг байх хэрэгтэй. Ийм уран бүтээл хийнэ гэдэг өөрөө тийм амар зүйл биш. Үүнд мөнгө, цаг, багаа бүрдүүлнэ гэдэг амар зүйл биш.
Гадаадад мэргэжил эзэмшиж монголынхоо нэрийг гаргасан бүтээл хийж яваа хүн нь ганцхан би биш. Нэлээдгүй уран бүтээлчид, миний мэдэхийн Германиас Б.Үйзэнмаа, Д.Бямбасүрэн гээд чадалтай эмэгтэйчүүд бий. Мөн сүүлд сонссон, Швейцариас Ч.Батбаяр гэдэг найруулагч дэлхийн кино урлагийн тавцанаа цойлж яваа.
- Та сая мастераа хамгаалчихлаа. Одоо Монголдоо ирж уран бүтээл хийх үү?
Монголдоо удахгүй очих бодолтой байгаа. Энд сурсан мэдсэнээ эх орондоо аваачих юм сан гэж боддог. Гэхдээ өнөө маргаашгүй бол биш. Ямар ч байсан “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо олон улсад гаргах ажлаа эхлээд хийж дуусгана.
- Кино наадамд оролцоход тань тохиолдсон содон үйл явдал, уншигчдад маань сонирхуулах ямар сайхан дурсамж байна вэ?
Хүмүүс киног маань үзсэнийхээ дараа их хачин зүйлс асууж байлаа. Намайг өөрийг минь шоконд оруулахаар асуултууд асууна. “Одоо болтол лаа барьдаг юм уу”, “Эйр кондишнгүй машин байдаг юм уу?”, “Энэ хүмүүс чинь тэгээд усанд яаж ордог вэ?”, “Энэ эмч нь өвдчихвөл тэгээд дахиад эмч байхгүй юу” гэх мэт /инээв/. Хариулахгүй байж болохгүй.
Би яагаад үүнийг хүмүүст үзүүлэхийг зорьсон бэ гэхээр, энэ материаллаг нийгэм техникийн дэвшил чинь өндөр хөгжил мөн юм уу гэдгийг бодуулахыг хүссэн. Бөмбөрцгийн нөгөө талд ийм эко амьдралтай, байгаль дэлхийтэйгээ зохицоод амьдардаг, асар нарийн ухааныг эзмшчихсэн, хүн төрөлхтний хамгийн анхдагч нүүдэлчин ахуйгаараа амьдарсаар байгаа тийм иргэншил үлдсэн юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. Балар эртний гэж тодорхойлоод байгаа энэ соёлын цаана байгалийн болон өөр олон шалгарлыг даваад гарчихсан тийм мундаг ард түмэн байна гэдгийг харуулах гэсэн юм.
“Та нарт энэ киног хийхэд ямар хэцүү байсан бол. Тал зэлүүд, тэгээд аагим халуун газарт энэ хүмүүсийг дагаж явахад?” гэж асуудаг. Би тэдэнд “Харин ч сайхан. Энэ бол бидний л ахуй” гэж хэлсэн.
- Та бол “Оскар”-ын шилдэг шагналыг авсан анхны монгол хүн. Энэ наадам шилдгүүддээ хэрхэн хүндэтгэл үзүүлдгийг нүдээр харж биеэр мэдэрсэн хүний хувьд бидэнд “тэр хэсгээс” сонирхуулаач?
Мундаг хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг юм байна. Жолооч, зочид буудлын үйлчлэгчээсээ эхлээд л тэр нь мэдрэгдэнэ. Ямар сайхан сэтгэгдэл төрүүлсэн гээч. Оюутны академийн тэргүүлэгчид биднийг тус тусад нь хүлээн авч, нүүр тулсан уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт зэргийг хийсэн. Дандаа “Оскар”-ын шагналтай нэртэй продюсерууд, уран бүтээлчидтэй уулзуулж, “Дараагийн алхамд та бүхэн юу хийх ёстой вэ?” гэх мэт зөвлөгөөг өгүүлсэн.
Тэгж хүндэлж байгаагийн цаад нууц нь “Энэ хүмүүс дараагийн “Оскар”-ын эзэд, тэдний хийсэн киногоор улс оронд нь орлого орно” гэж харж байгаагийнх.
Тэгээд тэдний надаас асууж байгаа зүйл нь, “Монголын Засгийн газар та нарт тусалдаг уу?”, “Монголд киноны зөвлөл гэж байдаг уу?”, “Тэд ямар бодлого явуулдаг вэ?”, “Баримтат киноны хөгжил монголд хэр байна?” гэх мэт.
Яагаад гэхээр, энэ бол зөвхөн нэг киноны асуудал биш. Үүний цаана аялал жуулчлал, боловсрол нийгмийн бүх салбар явж байдаг. Тухайн улсын кино нь ямар түвшинд хөгжсөн байна, нийгэм нь ч тэр түвшинд байна гэж хараад байгаа юм.
Тэр утгаараа “Дараагийн удаад монголын кино урлагт юу болох бол?” гэсэн хүлээлт тэдэнд үүсч байна.
- Киноны аль хэсэг дээр үзэгчдээс сэтгэл хөдлөлүүд харагдаж байсан бэ?
Эмч маань хүний өвчтэй шүдийг авч байгаа хэсэг дээр “Ёоё” гээд л орилдог. Бас хүнд хагалгаа хийдэг хэсгийн гаран дээр цус үсрэхэд, нялх хүүхэд хөлөөрөө тоглоомоо хөдөлгөдөг тэр хэсгийг харахаараа дуу алддаг юм. Ер нь тэгээд эхлэхээс авахуулаад дуусан дуустал, киноны маань хором бүхэнд үзэгчид “дотор нь орчихдог”.
Би өөрөө хийсэн киногоо ерөөсөө үзэж чаддаггүй байхгүй юу. Харж чадахгүй гараад явчихдаг. Тэгсэн саяынх дээр нөхөр маань миний гарнаас татаад буцаагад суулгачихсан. “Суугаад үз, энэ хүмүүс киног маань үзээд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг өөрөө хар” гээд. Хүмүүс инээлдээд л, алга ташаад ямар гоё дотор нь орж үзэж байна аа, тэр киног. Бүх юм нь сонин байгаа юм, тэдэнд.
Хоёр хөөрхөн хүүхэд чулуугаар лаазалсан мах хагалдаг хэсэг, монгол бөхийн хэсэг гээд тэдэнд сонингүй юм ерөөсөө ч байгаагүй.
Кино дууссаны дараа тэнд байсан хүмүүс бүгд намайг бүчээд авчихсан. Ирээд гар бариад, “Ямар сайхан юм бэ. Ийм гоё зүйлийг бидэнд үзүүлсэнд баярлалаа. “Хамт зургаа авахуулъя” гээд л.
Одоо би киногоо “Оскар”-т өрсөлдүүлэхээр явуулчихсан байгаа. Хариуг нь хүлээнэ гэдэг хамгийн хэцүү байдаг юм байна аа. Яаж арванхоёрдугаар сар хүртэл хүлээнэ дээ /инээв/. Өдөр болгон и-мэйлээ шалгаад захиагаа хүлээж байна.
- Таны киног өрсөлдөгчгүйгээр алтан медаль авсан гэж хэвлэлүүдэд бичсэн байсан. Үүнийг тодруулахгүй юу?
Кино урлагийн шинжлэх ухааны академийн 700 шүүгч шалгаруулалтад ирсэн кинонуудыг үзэж, саналаа өгдөг юм байна. Тэр 700 шүүгчээс санал авсан дарааллаараа кинонуудад алт, мөнгө, хүрэл медаль олгодог.
Гэтэл олон улсын баримтат киноны төрөлд “Нүүдэлчдийн өрхийн эмч” кино маань 700 шүүгчийн бүгдийнх нь саналыг авчихсан учир ганцаараа алтан медаль аваад, мөнгө, хүрэл медальгүй болгочихсон. Өөрөө хэлбэл, энэ кино маань ганцаараа түрүүлчихсэн.
- Гайхалтай. Таны сурч байгаа Хертфордширийн их сургуулиас өмнө нь “Оскар”-ын шагнал авч байсан тохиолдол бий юү?
Бас нэгэн сонин зүйл болсон нь “Student Academy Awards”-т өмнөх 44 жилийн турш дэлхийн шилдэг топ гэсэн сургуулиудаас л оюутнуудын бүтээлүүд оролцдог байсан юм байна. Англиас гэхэд ердөө таван сургууль ордог байсан. Гэтэл дөнгөж өнгөрсөн жилээс “Student Academy Awards”-ийнхан бодлогоо өөрчлөөд бусад олон улсын сургуулиудад нээлттэй болгосон. Тэгэхээр би энэ сургуулиасаа хүртэл хамгийн анхны шагналыг авсан хүн болсон гэсэн үг.
Тэгээд намайг, “Бүх сургуульд нээлттэй болгочихсон үед нь би орсон нь ямар азтай хэрэг вэ? гэж хэлэхэд, шалгаруулалтын ерөнхий зохион байгуулагч Шоун гэж хүн надад, “Март аа энэ аз биш. Чи зөв цагтаа зөв газраа байж чадсан” гэж хэлсэн. Тэр надад, “Чи үүнийг аз гэж битгий хар. Энэ бол чиний маш их хөдөлмөр” гэсэн.
Бас нэг сонин үйл явдал болсон нь энэ наадмын бусад төрөлд медаль авч шалгарсан оюутнуудын дийлэнх нь энэ академийн тэргүүлэх зөвлөлийн шүүгчдийн шавь нар байсан. Баримтат кино, анимэшн, уран сайхан гэсэн гурван төрөлд шилдгээр шалгарсан 19 оюутны кинонуудыг бүгдийг нь үзэж байхад, “Хөөх, ямар гайхалтай юм бэ?” гэж дуу алдмаар тийм мундаг кинонууд байсан. Ялангуяа америкаас оролцсон тэр мундаг кинонуудын ард дандаа “Оскар” авчихсан мундаг хүмүүс зөвлөхөөр ажилласан байсан.
- Та кино наадмуудаас шагналаа гардаж авах бүртээ монгол дээлээрээ гоёсон байсан?
Ээжийн маань дээл байгаа юм. Би жирийн хувцас өмсөөд орж болно л доо. Хэрэв тэгвэл тэнд байгаа олон ази хүнээс намайг монгол гэж ялгахгүй шүү дээ. “Хөөх, энэ ямар гоё юм, хаанахын үндэсний хувцас вэ?” гэж асуухаар над дээр ирнэ гэсэн бодлогоор дээл өмссөн /инээв/. “Ямар гоё юм бэ. Энгийн мөртлөө ямар тансаг юм бэ” гээд л дуу алдаад байдаг.
“Монгол хэл ямар гоё юм бэ” гээд л ерөөс гоёгүй юм байхгүй болсон, тэдэнд /инээв/. Холливудын киноны хувцас дизайныг гаргадаг нэг хүн ирээд бүр ээмэг, дээлийг маань бүгдийг нь барьж үзсэн шүү.
Та телевизээр харсан байх, намайг шагнал гардаж авахдаа индэр дээрээс үг хэлсэн хэсгийг. Хэлэх үгээ бичсэн цаасаа өврөөсөө гаргадаг шүү дээ. Хүмүүс тэрийг харсан тухайгаа, “Ямар хөөрхөн юм бэ, хаанаас цаас гаргаж ирээд байсан бэ, мээмнийхээ тэнд хийчихсэн юм уу?” гээд л инээлдэцгээгээд байсан /инээв/.
- Индэрт гарахдаа их сандрав уу?
Догдолж, сандраад хоолоо ч идэж чадахгүй байлаа. Тэгээд зогсож байтал, Холливудын кинонд хоёрхон настайгаасаа эхэлж тоглосон, Элвис Преслигийн кинонд тоглосон, жүжигчин, продюсер Викториа гээд эмэгтэй над дээр ирсэн. Кино академийн тэргүүлэх зөвлөлийн гишүүн юм билээ.
“Чи зүгээр үү?” гэлээ. “Би сандраад байна аа” л гэсэн. Тэгсэн миний гарыг маш удаанаар зөөлөн гэгч нь атгаснаа, “Чи зүгээр л юу ч хэлэхгүйгээр энэ тайзан дээр өөрөө гарахад л хүмүүс чамд баярлана. Сандраад байгаа бол юу ч битгий хэл, тэгж болно” гэж хэлсэн. Би тэгээд л тайвширчихсан.
- “Нүүдэлдчийн өрхийн эмч” кино гадаадын жуулчдыг, кино урлагт хамтрах саналыг Монголд татах нэгэн том боломжийг авчирч мэдэх юм?
- “Нью Иорк таймс”, “Вашингтон Пост”, “BBC” гэх мэт дэлхийн алдартай бүх мэдээллийн сувгаар энэ мэдээлэл явж байгаа. “Монгол хүн Оскар авлаа, Монголын кино түрүүллээ” гээд. Тэгэхээр үүнийг дагаж их олон боломж нээгдэх болно. Гадаадын олон хүн монгол руу хандаж уран бүтээл хийх байх. Олон хүн монголын түүх, соёлыг үзэхээр очих байх. Үүнд л манай улс бэлтгэлтэй байгаасай гэж хүсч байна.
- Өндөр хөгжилтэй орнуудад кино урлагаа хэрхэн дэмждэг юм бэ?
Зарим улс Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 60, 70 хүртэлх хувийг бүрдүүлж байна. Яагаад энд ингэж мөнгө зараад байгаа юм гэхээр урлагаар дамжуулж дэлхийд түүхээ, соёлоо, нийгмийн хөгжилөө таниулж, тэгснээрээ эдийн засгаа хөгжүүлж орлогоо нэмэгдүүлж байгаа юм.
Жишээ нь сая “Оюутны Оскар”-т түрүүлсэн бүх кино ганцхан минийхээс бусад нь Засгийн газар, соёлын яам, сургуулиас нь мөнгө санхүүг нь өгч хийсэн байсан. Оюутны ажилд шүү дээ.
- Та яасан бэ?
Нөхөр бид хоёр идэж, өмсөхөө хасаж байж энэ киног хийсэн дээ. Гол нь найз нөхөд, танил талынхаа буянаар хийсэн. “Кино хийх гэж байна, 50 мянган төгрөгөөр ч хамаагүй туслаач” гээд гуйсан.
Цаасан дээр бичсэн зохиолоо бариад очиход надад тав, арван мянган төгрөгөөр ч гэсэн тусламж үзүүлсэн найз нөхөддөө үнэхээр баярлаж, бахархаж байна. Хэрэв тэд надад итгээгүй бас туслаагүй бол миний санал бодол энэ хүртэл явахгүй байсан. Тэр бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлмээр байна.
Манай аав, ээж хоёр байна. Охин нь ингээд найруулагч болж байна гээд олон жил явлаа. “Зорьсон зүйлдээ тууштай байгаарай” гэдгийг тэд маань надад заасан. Хэзээ ч надад “Чи чадахгүй юм байна, боль” гэж хэлж байгаагүй. “За, миний охин хийгээд үз” л гэдэг. Мөн энэ хүртэл надад итгэж ирсэн ханьдаа, үр хүүхэддээ баярлаад барахгүй байна.
- Та өөрөө салбарын яамандаа хандаж үзсэн үү?
Эрүүл мэндийн яам, БСШУ-ны яаманд захидал бичсэн. Аль нь ч хариу өгөөгүй. Үнэхээр сайн найз нөхдийнхөө тус дэмээр л энэ сайхан амжилтад хүрлээ дээ.
Х.Хулан “Ардчилал таймс” сонин