Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд боллоо.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял, хамтран ажилласан гэх Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.
Шүүхийн шийдвэрийг шүүгдэгчид эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байдаг.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долдугаар сарын 25-ны өдөр Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Лам Б.Отгонбаатарын хувьд яруу найрагч Ц.Хуланг МУ-ын ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байх үед өөрийн үүсгэн байгуулсан ТББ-аараа хамтран ажиллаж байсан гэдэг. Түүнийг Ц.Хулантай хамаатуулан саатуулсан ч батлан даалтад гаргасан байсан. Улмаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Б.Отгонбаатарыг 8 жилийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.