Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг өнгөрсөн тавдугаар сараас хойш эхлүүлсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэх баг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд үр дүнгээ танилцууллаа. Процессын дахин инженерчлэл гэдэг нь төр үйлчилгээний байгууллагууд шиг иргэндээ хүрч үйлчилдэг болох явдал. Арилжааны банк, томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өнөөдөр хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцэх хэмжээнд хүрсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгалын салбарыг сонгон авч иргэддээ түргэн шуурхайн үйлдэг болгоно.
Нийгмийн даатгалын сан дотор таван төрлийн сан харьяалагдаж байдаг. Арилжааны банкууд дээр тэдгээр таван сан нийт дүнгээрээ 2650 данстай байна. Мөн төрийн сан дээр 750 данстай үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг явуулахын тулд яагаад 3,400 гаруй данс шаардлагатай байгаа юм бэ гэх асуудал үүсэж буй. Үүнийг арилжааны банк тус бүр дээр нь нэг данстай, төрийн сан дээр нэг л данстай болгож өөрчилнө.
Ямар нэгэн байдлаар механикаар хүнд суртал үүсгэж байгаа асуудлыг илрүүлэн, төр өөрөө өөрийгөө толинд харж авлаа гэсэн үг. Нэгэнт толинд хараад авсан болохоор алдаа дутагдлуудаа засаж, залруулж богино хугацаанд шийдвэрлэх нь бидний үүрэг юм.
Хоёр дахь жишээг дурдвал Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ тусдаа байсан. Нэг төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой хоёр байгууллага хоорондоо 1.5 километрийн зайтай оршиж байдаг. Нэгнээс нь үйлчилгээ авах гэхээр нөгөө байгууллагаас бичиг авсан байх шаардлагыг тавьдаг. Иргэд энэ хоёр байгууллагын хооронд цаг алддаг, хүнд сурталд автдаг. Бидний өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнгээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бүгд ижил төрлийн үйлчилгээг иргэнд үзүүлж чаддаг болох тогтолцоонд оруулах юм. Тухайлбал, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутамд заавал биечлэн очиж халамжийн тэтгэвэр авах эрхээ сунгуулдаг. Үүнийг болиулна.
Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох энэхүү процессын дахин инженерчлэлийг судалгааг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хамт олон хийсэн. Эхний ээлжид хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хийж байгаа бол дараагийн удаа эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлнэ" гэлээ.