Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга танилцуулав.
Тэрээр "Нийслэлийн хэмжээнд 220,000 орчим айл гэр хороололд амьдарч байгаа гэх тоон мэдээлэл бий. Үүнээс гадна 8,000 гаруй айл агаарт утаа дэгдээхгүй байдлаар халаалтаа шийдэж, амьдарч байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, барилга байгууламж, авто замууд бүрэн шийдэгдсэн.
Тухайлбал, Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд ирэх жилийн дөрөв, тавдугаар сард эхний 800 айлын орон сууц баригдаж дуусна.
Ирэх жилээс их тойруугийн түгжрэлийг сааруулах зорилгоор Сэлбэ дэд төвийн төслийг эхлүүлэхээр зорьж байна.
Долоон буудлын эцэс, Чингэлтэйн эхний буудлын нийт 158 га газар дээр 2,000 айлын нэгж талбар байгаа. Тэр хавьд амьдарч буй гэр хорооллын айл өрхийг гурван нөхцөлөөр газраа чөлөөлж өгөх зохицуулалтыг бидний өргөн барьсан хуульд оруулсан. Үүнд:
-
Нэгдүгээрт бэлэн мөнгөөр газраа чөлөөлж өгөх
-
Хоёрдугаарт бэлэн орон сууцаар солих
-
Гуравдугаарт 24 сарын хугацаатай түрээсийн мөнгөө авч, эргээд тухайн байршилдаа буюу өөрийн газарт тохирсон байрыг нөхөн олговор болгож авах зохицуулалттай явах юм.
Ингэснээр эрх зүйн хүрээнд гацсан асуудлыг дээрх хуулиар шийдэх юм.
Бид ирэх жилүүдэд 12,000 айлын орон сууц барьж чадвал 2,000 айлаа Сэлбэ дэд төвийн хэсэгт оруулаад, цаана нь 10,000 айлын орон сууц илүү гарна.
Тэгвэл Хайлааст, Таван буудал, Дарь эхийн авто замын баруун талын хэсэг буюу гол дагуу байдаг айлуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж оруулаад 700 га газрыг нийслэл өөрөө чөлөөлж, авах юм. Ингэж өөрийнхөө өмчлөлд бүртгэж авснаар буцаагаад ААН, байгууллагуудад худалдан борлуулж дээрх 12,000 айлын орон сууц барьж, бонд босгосон мөнгөө эргэн төлөх эхний ажлыг хийхээр төлөвлөж байгааг хэлье.
Ингэхдээ хэд хэдэн зүйлийг давхар шийдэх ёстой. Тухайлбал Сэлбэ голын үерийн усны тохируулгыг хийх шаардлагатай. Үер усны ямар ч тохируулгагүй хоёр гол хот дотор урсаж байгаа асуудлыг шийдэх нь чухал.
Бороо ихтэй жил нь усан сандаа хуримтлуулах систем үүсгээд, бороо багатай жилдээ урагш нь урсгах үер усны тохируулгатай болох юм. Тэр хавийн газрыг иргэн, ААН, байгууллагуудад дахин олгохгүйгээр нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байдлаар нь үлдээнэ.
Өөрөөр хэлбэл, 60 хувь нь орон сууц, 40 хувь нь ногоон байгууламж гэсэн зохицуулалттай орон сууцны хорооллыг барьж байгуулах төлөвлөлт хийж байгаа. Үүний бэлтгэл ажил гэр хорооллыг орон сууцжуулах хууль батлагдсаны дараа хэрэгжиж эхэлнэ.
Хуулиар нийслэлийн орон сууцны корпорац, энэ төслийг хэрэгжүүлэх, барилгын болон тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх гэх мэтчилэн олон тохируулгыг хийнэ.
Тухайн 700 га газар дээр Монгол Улсын нийслэлийн Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц барих боломжийг гаргаж, худалдан борлуулах боломжит төслийг дээрх хуулийн хүрээнд шийдэх гэж байгаа" хэмээв.