Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга танилцуулав.
Хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан байгаа. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна хэмээн Хотын дарга мэдээлж байсан.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Хууль батлагдсанаар замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан.
Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. 2,000, 5,000, 10,000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий.
Замын хөдөлгөөний төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө. Жишээлбэл 1,000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг.
Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна" гэлээ.
Дашрамд, такси үйлчилгээг замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд 50 хувь хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.