УИХ-аас нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох саналыг энэ сарын 17-ны өдөр байршуулсан. Долоо хүрэхгүй хоногийн хугацаанд дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 100 мянга хүрч, УИХ-ын босгыг давчих шиг боллоо. Харин энэ явдалд Сангийн сайд Б.Жавхлан дургүй байгаа. Тэрээр “НӨАТ-ын буцаан олголтын хувь дээр шулуухан хэлэхэд ямар ч боломжгүй асуудал. Сонгууль дөхсөн хийрхэл болж таарах байх” гэж УИХ-ын чуулган дээр хэлчихсэн. Энэ байр сууриа хамгаалах гэж шаралхаж яваад золтой л төсвөө унагаачихсангүй. Гэвч тэрбээр бууж өгөхгүй л байгаа бололтой. Таарсан сайд, гишүүн болгонд НӨАТ-ын хувийг тав болгох саналыг бүтэхгүй болохыг учирлаж нэг, уурлаж нэг хэлж яваа сурагтай.
Монгол Улсыг, монголчуудыг парламент мэддэг. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан. Олон нийтийн шүүмжлэдгээр парламентад мэдлэгтэй, мэдлэггүй, ёс зүйгүй, тэнэг мангар, ичмээр хэн ч сонгогдсон тэд бол бүх ард түмнийг төлөөлсөн жижиг ард түмэн. УИХ өөрийн гэсэн бүрэн эрхтэй. Сангийн сайд Б.Жавхлан яаж ч дэвхэцсэн парламент юуг хэрхэн шийдэхээ мэднэ.
Зөвхөн энэ удаагийн НӨАТ ч биш Путин, хийн хоолой, уран, Ерөнхийлөгчийн айлчлал, үйлдэл, стратегийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гээд зарим нь шүүмжлэгдэж, зарим нь магтагдаж байна. Эцсийн дүндээ эдгээрийг хэрэгжүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. Дараа нь үүсэх гайг нь ч, гавьяаг нь ч парламент өөрөө даана. Ийм байх үүргийг Үндсэн хуулиараа 1992 онд олгочихсон юм. Тэгэхээр дээр хэлснээр НАӨТ-ын хувийг нэмэх эсэхийг Сангийн сайдын санал бодолтой, бодолгүй УИХ шийдвэрээ хараат бусаар гаргана.
Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэхээс гадна өөр ч агуулгуудаар санал асуулга үргэлжилж буй. Энэ үйл явдлыг шүүмжлэх бүлэг ч байна. Олон нийтээс хүссэн асуудлаар нь санал асуулга аваад хууль өөрчилж батлаад байвал үндэсний аюулгүй байдалд халтай, өөр улс орныг дагаар орчих юм биш үү гэж ирээд УИХ-ын зарим гишүүд ярьж байх шиг байна. Олон нийтээс сонгогдсон парламентын засаглал үндсэн үүргээ л биелүүлж байна. Тэд ард түмний санал бодол, байр суурийг технологийн дэвшлийг ашиглан шууд сонсох боломжийг бий болгочихлоо. Харин тухайн саналыг хуульд оруулах, оруулахгүйг УИХ л мэднэ. Хууль журамд өөрчлөлт оруулж ч болно, үгүй ч байж болно. Энэ нь өнөөдрийн парламентын бүрэн эрхийн асуудал. Нэг ёсондоо УИХ-д хэн ч хөндлөнгөөс нөлөөлж болдоггүй бүрэн эрх нь юм.
Гэтэл сүүлийн Засгийн газрын гишүүд, сайд нар УИХ-ыг үл тоодог, томордог байдал ажиглагдах болсон. УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Монгол Улсын 2024 төсвийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын өрийн талаар тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан “Өрийн асуудлыг ярих юм бол нэлээн удаан ярьж болно. Та бүхний тавьсан Чингис бондын өрийг арайхийж төлж дууслаа, Та баярлах хэрэгтэй шүү дээ. Монголын ард түмний тавьсан татвараар төлсөн” хэмээн нэлээд өндөр дуугаар хариулна лээ. Тэрбээр бас НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх УИХ-ын санал асуулгыг “Сонгууль дөхсөн хийрхэл…” гэж ирээд УИХ-ын хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлж байгаа үйлдлийг шүүмжилж буйгаас л харагдана. Парламентын засаглалаа тоншдог Засгийн газрын
өөр ч гишүүд бий. 2024 оны төсөвтэй холбоотойгоор өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр халамжийн бодлогын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Халамж 2016 онд 285 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.4 их наядын халамж тараах нь. Баялаг бүтээгчид махаа зулгааж татвар төлдөг. Ирэх оны төсөвт хувийн хэвшлийг дэмжсэн зүйл байна уу” гэсэн асуухад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Халамжийн ихэнх нь хүүхдийн мөнгө. 2020 оноос хүүхдийн мөнгө тав дахин өссөн. Та ч хүүхдийн мөнгийг хасах ёсгүй гэж ярьдаг хүний нэг…” гэж ирээд л чимхэж суусан.
Үнэндээ сүүлийн жилүүдэд Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдээс илүү эрх мэдэлтэй гэж эндүүрдэг болчихсон. Үүнийгээ ч ийнхүү үе, үе чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлж, бүдүүн хүзүү гаргадаг болоод удлаа. Учир нь өөрсдийг нь УИХ-ын гишүүд биш Ерөнхий сайд томилдог, сайдын албан тушаал нь хязгааргүй үргэлжлэх юм шиг эндүүрч явдаг бололтой. Ерөнхий сайд ч үе, үе парламентын эрх рүү халдсан агуулгатай мэдэгдлийг хийдэг болоод удаж байгаа.Үнэндээ сайд нарыг ч, Ерөнхий сайдыг ч огцруулж чадах эрх мэдэл зөвхөн УИХ-ын гишүүдэд, парламентад бий шүү дээ. Энэ зарчмаа манай зарим улстөрчид, сайд нар мартчихдаг юм байна. Ийм нөхдийг УИХ нэг л өглөө хууль сануулаад явуулчихаж чадна.
Ерөөсөө монголчуудын 30 жилийн өмнөх ардчилал, хүний эрхийг тунхагласан Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын тогтолцоо байсан юм. Парламент бол ардчиллын үндэс. Парламент гэдэг улс төрд бий болсон идээ бээр, хууль бус зүйлийг тогтолцоогоороо шахаж гаргадаг. Хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуулиар Монгол Улсын парламент 128 гишүүнтэй болно. Олон ургальч үзэл, төсвийн төрийн хяналт улам батажна. Өнөөдөр УИХ-ын цөөн хэдэн гишүүнийг лоббидож, авлигадаж зорилгоо гүйцэлдүүлэхийг оролддог байсан бол 128 гишүүнтэй болоод ирэхэд тэд зогсохоос аргагүй. Энэ л Монгол Улсын, монголчуудын сонгосон парламентын тогтолцооны үр нөлөө юм. Тиймээс Засгийн газрын гишүүд УИХ-ын бүрэн эрхэд халдсан үг, үйлдэл гаргадаг явдлаа эргэж харахгүй бол кабинетаараа огцрох асуудалд холбогдож ч мэдэх юм.
Эх сурвалж: Өдрийн сонин