УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлаад, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор D-Parliament aпп-аар дамжуулан НӨАТ-ын урамшууллыг таван хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг асуусан нь МАН-ын бүлгийн эсэргүүцэлтэй тулгарав.
УИХ дахь намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр бүлгийн хурлын дараа “УИХ-д өргөн баригдаагүй асуудлаар иргэдээс санал авах нь УИХ-ын хууль тогтоох эрхэнд халдаж байна. Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүнд бий. Эрүүгийн хууль болон татварын асуудлаар иргэдээс санал авах нь зохимжгүй. Иймээс цаашдаа D-Parliament.mn-д журмын өөрчлөлт хийх шаардлагатай” гэж мэдэгдэв.
Сануулахад, НӨАТ-ын урамшууллыг таван хувьд хүргэх тухай санал асуулгыг (өмнө нь ч олон удаа хөндөж байсан сэдэв) D-Parliament.mn-нд энэ сарын 17-нд байршуулсан. Энэ үед Сангийн сайд Б.Жавхлан ганцаараа “Төсвийн боломж байхгүй” хэмээн эсэргүүцсэн. Дөрөв хоногийн дараа иргэдийн санал 100 мянга давангуут эрх баригч намын бүлэг сандарч эхэлсэн нь энэ. Энэ хэмжээний дэмжлэг авч, санал цуглуулна гэж төсөөлөөгүй байсан бололтой юм.
МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга нь мэдэгдэл хийсэнтэй давхцаад “Гарын үсгийн хүч” нэртэй ТББ-уудын эвсэл гэгчээс УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлж ч байх шиг. Жишээ нь, тэр эвсэлд нь багтсан “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Наран ижий заяа”, “Монголын байгаль эхийн аврал сан” гэх мэт ТББ-д НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь ямар хор хохиролтой вэ?! Оньсого, таавар... Нөгөө “могойд барьдаг мод нь” олдсонгүй юу, эсвэл...
Гол нь НӨАТ-ын буцаан олголтдоо ч байгаа юм биш. Зүгээр л эрх баригч МАН-ын иргэддээ ханддаг хандлага нь эл санал асуулгын дүнтэй зэрэгцээд илчлэгдчихлээ л дээ. Хулгай, худал бүхнээ “ард түмэн” гэдэг эзэн биегүй этгээд, "ард түмний төлөө" гэх хоосон үгээр хаацайлж, халхавчилж ирсэн эрх баригч нам жинхэнээсээ "ард түмэн" буюу иргэдээсээ хэр хол тасарсныг л өчигдөр болсон үйл явдал харууллаа. МАН-д улс төрийн оролцоотой, хариуцлагатай иргэн биш, хэрэгтэй үедээ зарж иддэг, хэргээ дуусахаар хогийн саванд хаячихдэг "ард түмэн" гэдэг хоосон нэр л хэрэгтэй юм байна.
Дахиад хэлэхэд, иргэд "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоё" гэж 100 мянгуулаа саналаа өгсөн нь эрх баригч намын яриад байгаа шиг УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаад, УИХ-ын өмнөөс хууль баталчихаж байгаа хэрэг огт биш юм. "Энэ асуудлыг хэлэлцээд өгөөч ээ, шийдвэр гаргаач ээ, бидний үгийг ч гэсэн сонсооч ээ" гээд иргэнийхээ хувиар төр засагтаа хандаж байгаа л нэг хэлбэр. Түүнийг нь хүлээж авах, хууль гаргах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ганцхан, иргэн хүн хөндлөнгийн ямар нэг оролцогч, зуучлагч, дамжуулагчгүйгээр төр засагтаа үгээ шууд хэлэх энэ боломж бололцоог нь, цонх, салхивчийг нь эрх барьж байгаа нам нь өөрөө алдлаад, хаагаад зогсч л болохгүй.
Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах энэ мэт санаачилга анхных нь биш. Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа “Иргэний оролцоотой ардчиллыг бий болгоно, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангана” гээд Төрийн ордонд “Иргэний танхим” гэдэг зүйлийг байгуулж байлаа. Дүүрэг болгон, аймаг бүрт Иргэний танхим нээж, иргэдийнхээ үгийг сонсдог эерэг жишиг тогтоод байлаа. Атал дангаараа төрийн бүх эрх мэдлийг авсны дараа хамгийн түрүүнд Төрийн ордны зүүн жигүүрт байсан Иргэний танхимыг татан буулгасан даа.
Сэтгэгдэл (1)